Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эмэгтэйчүүдийн холбоо эрх мэдэлд санаархагчдын гишгүүр үү

ОХУ-ын Санкт-Петербург хотод энэ сарын 13-15- нд Евразийн эмэгтэйчүүдийн III форум болов. Үүнийг ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөл болон Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын парламент хоорондын ассамблейгаас зохион байгуулсан юм. Энэхүү форум нь 2015 оноос эхтэй бөгөөд гурван жил тутам зохион байгуулж, хүн төрөлхтний, тэр дундаа эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж буй асуудлуудаар санал бодлоо солилцож, хэлэлцэх олон улсын харилцан ойлголцлын томоохон талбар болж буй. 110 гаруй орны 2500 орчим төлөөлөгч энэ удаагийн форумд биечлэн оролцжээ. Түүнчлэн дэлхийн өнцөг булан бүрээс 30 000 гаруй төлөөлөгч цахимаар оролцсон байна.

Уг арга хэмжээнд манай улсаас Монголын эмэгтэйчүүдийн холбоо (МЭХ)-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, тус холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Ганцэцэг, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, гишүүн Д.Өнөрболор нар оролцсон. МЭХ-ны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл байгууллагынхаа цахим хуудсаар дамжуулж газар дээрээс нь мэдээлэл өгч байсан. Гэсэн ч дагагч, уншигчид нь мэдээлэлд гэхээс илүүтэй өөрт нь анхаарч, зарим талаар шүүмжилж байснаар тухайн форумын ач холбогдол, манай улсад ирэх өгөөжийн талаар хаана хаанаа ойлголт төдийлөн авсангүй.

Ерөнхийлөгч эмэгтэйн хувцаслалт, мөн зургууд нь бүсгүйчүүдэд таалагдаагүй. Сүүлийн үед зөвлөх үйлчилгээ үзүүлэх чиглэлээр нэлээд идэвхтэй ажиллаж буй дизайнер, стилист Л.Цолмонгэрэл “Тус чуулганд Монгол Улсыг төлөөлж оролцсон эмэгтэйчүүдийн нэгээс бусад нь арга хэмжээний зорилго, зорилт, албан ёсны хэлбэрийг ч бүрэн дүүрэн ойлгоогүй мэт. Гадаад харагдах байдал, өөрөөр хэлбэл, хувцаслалт, зүүсгэл зэрэг нь нүүр улаймаар. Энэ зэргийн арга хэмжээнд өмсөх хувцас тусдаа байдаг. Боловсролтой, мэдлэгтэй хүмүүс юу өмсөх, өмсөхгүйгээ судлаад мэдэх ухамсар, туршлагатай баймаар. Ийм арга хэмжээнд улс төлөөлж албан ёсны байр суурьтай оролцоно уу гэхээс хувь хүн ямар имижтэй байх нь огт хамаагүй. Тодорхой албан тушаал хашдаг хүмүүс түүндээ таарсан имиж бүрдүүлэх ёстой” хэмээсэн. Өөр олон эмэгтэй түүнтэй санал нэг буйгаа илэрхийлж “Загварын шоунд очсон гэж ойлгосон юм биш үү”, “Хуримын зочид шиг санагдлаа”, “Имижээ зөв бүрдүүлэх нь та бүхний үүрэг гэдгийг сануулъя”, “Дахиж ийм алдаа бүү гаргаасай” гэх зэргээр хэлсэн юм. Олон улсын, олон хүн цугласан арга хэмжээнд очсон хувь хүмүүсийн харагдах байдал, өөрөөр хэлбэл, зан төлөв, соёлынх нь гадаад илэрхийлэл ийм байж гэж бодъё.

Тэгвэл тухайлбал, Б.Оюунгэрэл цагтаа нөлөө бүхий байсан томоохон төрийн бус байгууллагыг удирдаж чаддаг уу гэсэн асуулт урган гарах байх. Хариу хайж ядах юмгүй. Монголын эмэгтэйчүүдийн холбоо гэж ямар байгууллага байдаг, юу хийдэг, нийгэм дэх байр суурь, нэр нөлөө нь хэр вэ гэж захын эмэгтэйгээс асуухад хэрхэн хариулах бол. Магадгүй 60-аас дээш насныхан социализмын үеийнхээр нь мэдэж магадгүй. Үе үеийн удирдлагынх нь нэрийг цээжээр хэлэх нь олон байх ч болов уу. Түүх сөхье. Тус холбооны суурь нь 1924 онд үүсгэсэн “Бүсгүйчүүдийг боловсруулах тасаг” бөгөөд үүнийг Ази тивийн анхны эмэгтэйчүүдийн байгууллага гэдэг. Анхны дарга нь их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам. 1925-1926, 1936-1938, 1940-1949 онд Н.Янжмаа, 1949-1954 онд С.Удвал, 1956-1962 онд мөн Н.Янжмаа, түүний дараа 1962-1982 онд дахиад С.Удвал, 1982-1990 онд Л.Пагмадулам даргалж байжээ. 1990-1992 онд өдгөө “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, 1992-1993 онд Г.Дашаа, харин 1993-2000 онд УИХ-ын гишүүн асан Н.Гэрэлсүрэн, 2000-2018 онд Ж.Эрдэнэчимэг удирдаж байв. Одоогийн ерөнхийлөгч Б.Оюунгэрэл 2018 оноос тэргүүлж байгаа юм.

Он цагийг ухраагаад авч үзэхэд Ж.Эрдэнэчимэг ерөнхийлөгчийн үед тус байгууллага шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх талд дорвитой ажилласныг санаж байна. Хүний нөөц ч сайтай байсан. Төрийн бус байгууллагаар мэргэшсэн, гадаад хэлээр “бялхсан”, “гялалзсан” бүсгүйчүүд ажилладаг байлаа. Тэднийхнээс суралцдаг, үлгэр жишээ авдаг байв. Н.Гэрэлсүрэн ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүний ажлынхаа хажуугаар эмэгтэйчүүдийн холбоог түүртэлгүй удирддаг, нэр, нөлөөтэй нэгэн байв. Тус холбоог 1990-1992 онд даргалж байсан Д.Мөнхөөг бол улс даяараа мэднэ. Шүтэн биширдэг нь ч олон. Ардчилсан Монгол Улсыг төвхнүүлэх механизм болохоор төлөвшил, боловсрол, мэдлэг, ур чадвартай эмэгтэйчүүдийн нэг. Тус байгууллагыг удаа дараа удирдаж байсан С.Удвал бол Төрийн тэргүүний дайтай нөлөө бүхий эмэгтэй байсныг мөн нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Ийм манлайлагчдын үйл хэргийг залгамжлах үүрэг хүлээсэн Б.Оюунгэрэл ерөнхийлөгч өнөөдөр яагаад хэл, ам нь загатнасан олны амны бай болов гэсэн асуулт байна.

..Үүх түүхтэй, туршлага арвинтай томоохон байгууллагын удирдлага нь энэ мэтийн асуудлуудаар олон нийтийн дуу хоолой болж, эмэгтэйчүүдээ төдийгүй эрчүүдийн армийг ч манлайлж, цагийг эзэгнэж байх ёстой ч санагдах юм…

Тэр хэн бэ. Лав нэлээд хэдэн жил мэдээллийн нэгэн сайтын захирал байсан. МАН-ыг хамгаалж бичдэг байв. Удалгүй хэсэг сайтыг нэгтгэсэн холбоо байгуулан, МАН-ыг өмгөөлөгч болсон. Тэгж байтлаа өнгөрсөн УИХ-ын сонгуульд Орхон аймгаас нэр дэвшсэн юм. Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн өдрөөс олон нийт түүний үсний засалтын хэлбэрээр нь далимдуулж өхөөрдөөд байгаа ч юм шиг, өрөвдөөд байна уу ч гэхээр дайрсаар байгаад унагачихсан. Тэр үед түүнийг Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч болсныг мэдсэн. Төрийн эрх барих дээд байгууллагын сонгууль болж байхад цагтаа нэр хүндээр толгой цохиж байсан байгууллагын тэргүүнийг орон нутаг дахь салбарынхан нь хөлийг нь газар хүргэхгүй шахам өргөж, өөд нь татаж, үйлчилсэн гэдэг.

Харин Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч хэрхэн болов, болгов гэдэг анхаарал татах сэдэв. Тэр байгууллагын гишүүд цөөрч, эгнээ хумигдав уу. Удирдах зөвлөлийн чанар, чансаа буурав уу. Яагаад мэдээллийн байдаг л нэгэн сайт үүсгэн байгуулагчийг ерөнхийлөгчөөрөө сонгов. Эмэгтэйчүүдийг хөмөрсөн тогоон доороос гаргаж, эрдэм номд хөтөлж, орчин цагийн соёлд хөтөлсөөр ирсэн хөгжлийн байгууллага XXI зууны эхний хоёр арваныг туулж ч амжилгүй нэг намын мэдлийнх болчихоогүй биз дээ гэж бодогдож ч байна. Байгууллагын тэргүүний гадаад үзэмж, хувцаслалт, өмсгөл, зүүсгэл яах вэ. Удирдаж буй байгууллага нь бодлого, мөн чанараар бусдын шүүмжлэлийн бай бүү байгаасай.

МЭХ бодлогын цөмөө “Эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах” хэмээн томьёолсон юм байна. Тийм бол энэ чиглэлд нийгмийн анхаарал татам ямар ажил зохион байгуулдаг вэ.

Евразийн эмэгтэйчүүдийн III форумын үеэр ерөнхийлөгч Б.Оюунгэрэл болон ОХУ-ын Эмэгтэйчүүдийн холбооны дарга, ЗХУ-ын үеийн болон ОХУ-ын төрийн эрх барих дээд байгууллагын депутат, ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эмэгтэйчүүд, гэр бүл, хүүхдийн асуудал хариуцсан комиссын дарга, 2014-2019 оны ОХУ-ын Холбооны хурлын гишүүн, “Эх орны төлөө” IV зэргийн одонт Екатерина Лахова нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна лээ. Манай улсын эмэгтэйчүүдийн, хуучны ойлголтоор хамгийн том байгууллага гэж үзэж болохоор МЭХ-ны удирдлага болон нийт эмэгтэйчүүдийн төлөөллийг тус III форумд ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн орлогч дарга Г.Н.Карелова урьсан. Ийм өндөр зэрэглэлийн урилгаар олон улсын томоохон арга хэмжээнд оччихоод хэн болохоо умартан, олонд элдвээр дуудуултлаа биеэ тун тааруу авч явах нь удирдагчийн араншин, ёс зүй яавч биш дэг ээ.

Нийгэм алагтай, цоогтой байна. Охид, эмэгтэйчүүдийг хүчирхийлж, доромжилж, нийгэмд эзлэх байр суурийг нь доройтуулж, цалингийн тэгш бус харьцаагаар дарамталж, “Ковид-19”-ийн хүндэрсэн нөхцөл байдлын үед гэлтгүй ер нь эмнэлгийн үйлчилгээ дутмаг зэрэг олон асуудал тулгамдсаар. Энэ үед Монголын эмэгтэйчүүдийн холбоонд, ерөнхийлөгчид нь бодож санаж, хийж хэрэгжүүлэх ажил бишгүй байлтай.

Монголын ирээдүй болсон хүүхэд залуусын хүмүүжил, төлөвшил дорой байна. Охид хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн уршгаас болж ихээхэн хохирч байна. Энэ нь нийгмийн асуудал мөн үү гэвэл, мөн. Эмэгтэйчүүдийн холбоо санаа тавих ёстой юу гэвэл, тийм. Орон нутагт наймдугаар ангийн охин сургуулийн орчинд төрөөд нялх үрээ гадаа хаяв. Эмгэнэл биш гэж үү. Тухайлбал, энэ сэдэвт Монголын эмэгтэйчүүдийн холбоо хэрхэн хандах вэ.

Үүх түүхтэй, туршлага арвинтай томоохон байгууллагын удирдлага нь энэ мэтийн асуудлаар олон нийтийн дуу хоолой болж, эмэгтэйчүүдээ төдийгүй эрчүүдийн армийг ч манлайлж, цагийг эзэгнэж байх ёстой ч санагдах юм.

Гэтэл одоогийн байдлаар тус холбоо нь эрх мэдэлд санаархагчдын гишгүүр төдий байгууллага л байх шиг.

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.