Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

НМХГ-ын хэлтсийн дарга тусгай хамгаалалттай бүсэд дахиад газар заржээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзоригийг яллагдагчаар тооцон 30 хоногийн хугацаатай цагдан хорьж АТГ-ынхан шалгаж эхэлсэн талаар бид мэдээлсэн. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагыг хясан боогдуулах замаар өөрийн болон хамаарал бүхий хүмүүсийнхээ өмсөх хувцсыг дарамталж авхуулдаг байсан гэх хэрэгт буруутгаж байгаа билээ. Түүнчлэн бусдыг дарамтлан Богд хан уулын дархан цаазат бүсэд газар эзэмших эрхийн хугацаа дууссан, хүчингүй болсон нэг га газрыг 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж борлуулсан хэрэгт бас холбогдуулсан.
Ж.Ганзориг өөрөө болон гэр бүлийнхнийхээ өмсөх брэндийн хувцсыг аж ахуйн нэгжийнхнийг дарамтлан авхуулж байсан нь батлагдаж буй бөгөөд урьдчилсан байдлаар 10 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэж байгаа гэнэ. Хэд хэдэн эх сурвалжаас НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзоригт холбогдох хэрэг ямар шатанд буйг тодруулахад “Хахуульд авсан хувцасны үнэлгээг тооцуулахаар шинжээчид дүгнэлт гаргахаар болсон. Дүгнэлтээ хараахан гаргаагүй байна. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж, яллагдагчийг цагдан хорьж шалгаж байгаа. Үүнээс илүү мэдээлэл өгөх боломжгүй” гэв.

Мэргэжлийн хяналтын байгууллагын нэрээ хэлэхийг хүсээгүй эх сурвалжууд “Ж.Ганзориг нь Налайх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар таван жил ажиллаад НМХГ-т хэлтсийн дарга болж шилжиж ирсэн. Сая АТГ-ынхныг шалгаж эхэлмэгц Шадар сайд С.Амарсайханы хамаарал бүхий хүмүүстэй уулзаж, хэргээс мултрахыг оролдсон гэж манайхан ярилцаж байна. АТГ, прокурорынхон харин ямар нэг нөлөөнд оролгүй цагдан хорьчихсон юм билээ. Хууль хяналтын байгууллагынхан нь түүнд холбогдох хэргийг шалгаж, шүүх эцэслэн шийдвэрлэхэд үнэн мөн нь тодорхой болно” хэмээсэн юм.

АТГ-ынхны шалгалтын явцад НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзориг Богд хан уулын дархан цаазат бүсэд хамаарах Арцатын аманд газар эзэмших эрхийн хугацаа дууссан, хүчингүй болсон нэг га газрыг 1.6 тэрбум төгрөгөөр үнэлж борлуулснаас гадна тусгай хамгаалалттай нутагт өөр нэлээд том хэмжээний га талбайг өндөр үнээр борлуулсан нь тогтоогдсон гэх мэдээлэл бидэнд ирлээ. Албаны хүмүүсээс энэ талаар лавлахад “Мөрдөн шалгах ажиллагааны нууцтай холбоотой учраас ямар нэг зүйл хэлэх боломжгүй” гэсэн хариулт өгсөн ч уг мэдээллийг үгүйсгэсэнгүй.

1
ГайхмаарГайхмаар
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.