Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Жорж Сорос: зах зээл өөрийгөө зохицуулж чадахгүй Нью-Йорк. /Итар-Тасс/

НЬЮ-ЙОРК. /ИТАР-ТАСС/. Зах зээл өөрийгөө зохицуулж чадна гэдэгт сохроор итгэдэг зах зээлийн тулгуур үзэл сүйрч байгааг одоогийн дэлхий дахиныг хамарсан  хямрал тов тодорхой харуулж байна гэж нэрт санхүүч, хөрөнгө оруулагч Жорж Сорос үзэж байна.
Тэрбээр Си-Эн-Эн телевизид ярилцлага өгөхдөө зах зээл бүхнийг чадна гэдэгт итгэх итгэл АНУ-д 1980-аад онд Рональд Рейганыг, Их Британид Маргарет Тэтчерийг Засгийн эрхэнд гарах үеэр онцгой хүчтэй болсныг сануулжээ. Зах зээл өөрөө өөрийгөө зохицуулаад явна гэдэгт итгэж болохгүй нь одоо илэрхий болсон хэдий ч АНУ-д олон хүн Рейганд гэгээн тэнгэр мэтээр хандсаар байна. Сүүлийн үеийн хэрэг явдлаас бидний авах ёстой сургамж үүнд оршиж байна гэж Ж.Сорос хэлжээ.
“Ямар нэг юм бидний бодож байснаас огт өөрөөр боллоо, зах зээл хэрхэн ажиллах талаарх үзэл бодлоо бид шинээр томьёолох нь зайлшгүй болов гэдгийг бид хүлээн зөвшөөрөх нь чухал” гэж тэрбумтан онцлон тэмдэглэсэн байна.
Сүүлийн 4-5 жилд Хятад улс АНУ, Их Британийг бодвол эдийн засгийн хавьгүй илүү амжилттай, хамгийн илүү мэргэн бодлогоо явууллаа гэдгийг тэр хүлээн зөвшөөрчээ. Хятад загварын капитализм хэр зэрэг явууртай тухай асуултад Сорос хариулахдаа ”хэрэв тэд цаашид өссөөр байхыг хүсч байгаа бол энэ загвараа боловсронгуй болгох хэрэгтэй болно” гэжээ. Өнөөг хүртэл тэд хувьсан өөрчлөгдөж буй нөхцөл байдалд туйлын сайн дасан зохицож ирлээ. Тэгвэл одоо тэд шинээр гарч ирж буй гүрэн боллоо. Тиймээс дэлхий нийтийн санхүүгийн тогтолцооны төлөө өөртөө хариуцлага хүлээж, бусад ертөнцтэй хамтран ажиллаж эхлэх ёстой. Өөрийн хүсэл зоригийг бусдад тулган хүлээлгэж хэн ч чадахгүй. Ерөнхийлөгч Буш ингэхийг оролдсон, гэвч энэ нь бидэнд дэндүү их уршиг тарьсан юм гэж Жорж Сорос хэлжээ.
Хятад валютынхаа арилжааны ханшийг зохиомлоор бууруулж байна. Юанийн ханшийг нэмэгдүүлбэл Бээжин дотооддоо инфляцийн дарамтыг хяналтдаа авах бололцоотой болно гэж Сорос үзэж байна. “Тэд импортоо, бид экспортоо нэмэгдүүлэх нь зайшгүй чухал байна” гэж Америкийн санхүүч хэлжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.