Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээнд 886.8 тэрбум төгрөг олгожээ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудал хэлэлцэв. Эрүүл мэндийн санхүүжилт 2021 оноос нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор холбогдох хууль, тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсгийн тайланг хуралдааны эхэнд сонслоо. Тайланг ажлын хэсгийн ахлагч Д.Батлут танилцууллаа. Эмнэлгүүдэд ажиллах үеэр эмч, мэргэжилтнүүд цахим системийн алдаанаас болж санхүүжилтээ бүрэн авч чадахгүй байгаад анхаарал хандуулж, шийдвэрлэхийг хүсэж байсныг тэрбээр онцлов. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлийн санхүүжилтээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжилдэг боловч цахим системийн зөрүүтэй байдлаас болж хасагддаг нийтлэг байдал ажиглагджээ. Мөн орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгийн тоног төхөөрөмжийн дутагдалтайгаас тусламж, үйлчилгээ үзүүлж чадахгүйд хүрснийг тэмдэглэв. Тухайлбал, анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад коронавирусийн PCR шинжилгээний төхөөрөмж нийлүүлээгүйгээс сорьцыг Улаанбаатар хот руу явуулдаг, хариу удаж ирдгээс шалтгаалж хөнгөн өвдсөн хүн хүндрэх, халдвар тараах эрсдэл нэмэгдүүлж буйд анхаарал хандуулахыг уламжилсан юм. Цаашлаад анхан шатанд эмч, эрүүл мэндийн ажилтан дутагдаж буй учир орон нутагт ажиллах хүмүүсийн нийгмийн асуудлыг дорвитой шийдвэрлэх шаардлага үүссэнийг хэлж байлаа.

Ажлын хэсгийн тайландаа Улсын хоёрдугаар төв эмнэлгийн хувьд дэвшилт технологи нэвтрүүлэх бүрэн боломжтой ч гүйцэтгэлийн санхүүжилт өртөгтэй нь нийцэхгүй байгаа гэнэ. Иймд уламжлалт буюу нээлттэй хэлбэрээр мэс засал хийхэд хүрч байгаа аж. Мөн тус эмнэлэгт тендерийн асуудалтай холбоотойгоор эрхтэн шилжүүлэн суулгах тоног төхөөрөмж, эмнэлгийн багаж хэрэгслүүдийг өндөр үнэтэйгээр худалдан авч буй нь үйл ажиллагааны буруу зохион байгуулалт, менежерийн үйл ажиллагаанаас шууд шалтгаалж байгааг дурдав.

Тэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт мөн ажиллажээ. Энэ үеэр эрүүл мэндийн даатгалын цахим систем, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2022 оны төсвийн төсөлтэй танилцсан байна. Тус газар нь төрийн өмчийн 74, хувийн хэвшлийн 197, сувилал 44, эмийн сан 1708, өрх, сум, тосгоны 525 буюу нийт 2548 байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж буй юм байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэг их наяд хоёр тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох ёстойгоос өнөөдрийн байдлаар 886.8 тэрбумыг олгожээ. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв өөр өөр программ ашигладгаас системийн алдаа үүсэх хүндрэл арилахгүй байгаа аж. Иймд алдааг засахын тулд улсын эрүүл мэндийн байгууллагуудад ашиглаж буй программ хангамжуудыг нэн даруй нэгдсэн мэдээлэл солилцооны платформд шилжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад танилцуулж, анхаарч ажиллахыг ажлын хэсгээс үүрэг болгосон байна.

Бэлтгэсэн У.Наран

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.