Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Сайн” түлшний муу менежмент

“Түлшээ яаж хүргэх вэ гэдэг асуудал гэр хорооллын айлуудын толгойн өвчин болсон. Энэ бол нийтлэг үзэгдэл” гэж Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны иргэн С.Мөнх ярилаа. Түүний гэр бүл долоо хоногт зургаан шуудай, “Сайн” нэртэй сайжруулсан шахмал түлш худалдаж авах эрхтэй. Үүнийгээ хүргэх гэж санаа зовдог айлын нэг. Одоогоор зургаан шуудай түлш нь долоо хоногийнхоо хэрэгцээг хангаж байгаа аж. Дараа сараас хүйтний эрч чангарахад түлш нь хүрэлцэхээ больж, “толгой нь өвдөж” эхэлнэ.

Гадаа хасах 20 градус давбал зургаан шуудай түлшээр гэрээ байнга дулаацуулах боломжгүй гэнэ. Өвлийн ид хүйтэн үед долоо хоногт 10 шуудай түлш түлэхээс нааш дулаахан байж чаддаггүйгээ С.Мөнх дуулгалаа. Тиймээс цахилгаанаар гэрээ халаадаг найзынхаа нэр дээр түлшний карт авчээ. Ингээд хоёр карт ашиглан шахмал түлш худалдан авдаг байна. Хоёр карт ашиглахаар долоо хоногт 12 шуудай түлш худалдаж авна гэсэн үг.

Уг нь тэднийх зургаан шуудай түлшээр долоо хоногийн хэрэгцээгээ хангах гэж оролджээ. Байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулахаар хөөсөнцөр хавтангаар бүрсэн байна. Үүнээс гадна эрчим хүчний үнийг хямдруулсан тарифаар тооцдог шөнийн цагаар цахилгаан халаагуур ашиглажээ. Гэтэл цахилгааны төлбөр сард 170 мянган төгрөгт хүрч, өрхийн төсөвт нь дарамт болсон аж. Тэгэхээр нь цахилгаан халаагуур ашиглахаа больжээ. Байшингийнхаа дулаан алдагдлыг бууруулсан ч зургаан шуудай түлш нь хүрэлцсэнгүй гэнэ. Тиймээс хоёр карт ашиглах “хулгайн” арга сонгосноо учирлав.

Түлш нь хүрэлцэхгүйн улмаас элдэв арга саам ашиглан, хоёр картаар худалдаж авдаг олон жишээг сонсов. Орон нутгаас хамаатныхаа айлыг өөрийн хаягт шилжүүлэн, нэр дээр нь түлшний карт авсан айлууд байдаг гэнэ. Орон сууцад амьдардаг хүүгийнхээ гэр бүлийг гэр хороолол дахь хашааны хаяганд шилжүүлж, түлшний карт авсан айл ч таарав. Гэр хорооллынхон дулаан орчинд амьдрахын тулд ийм арга хэрэглэж буйг буруутгах аргагүй. Эсвэл хоёр карт ашиглан, их хэмжээний түлш түлж, утаа гаргаж байна гэж тэднийг буруутгах ёстой юм уу. Иргэдээ дааруулж, зутрааж байж, Улаанбаатарын утааг бууруулах нь төрийн мэргэн бодлого лав биш.

Засгийн газар, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос “Сайжруулсан шахмал түлшийг зөвхөн “Тавантолгой түлш” улсын хөрөнгө оруулалттай компани үйлдвэрлэн борлуулна” гэсэн шийдвэрийг 2019 оны хоёрдугаар сард гаргасан. Түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан шахмал түлш зах зээлд нийлүүлснээр Улаанбаатарын утаа буурсан. Үүнтэй хэн ч маргахгүй. Гэхдээ хэрэглэгчид түлш олдохгүй галгүй хонох, олдсон жаахан нь хүрэлцэхгүй даарах гэх мэтээр хохирч байна. Засгийн газар шахмал түлшний зах зээлд өрсөлдөөнийг хязгаарлаж, “Тавантолгой түлш” хэмээх монополь компани үүсгэсэн. Мөн хэрэглэгчдэд нийлүүлэх хэмжээг долоо хоногт зургаан шуудай байхаар хязгаарласан. Түлшний нийлүүлэлтэд хязгаар тавьсан нь төр гэр дэх дулааны хэмийг тохируулж байгаатай агаар нэг юм.

Төрийн монополийг хэрэгжүүлж буй “Тавантолгой түлш” компани хүрэлцээтэй хэмжээний сайжруулсан түлш үйлдвэрлэж чадахгүй байгаа учраас хомсдол үүсдэг нь ойлгомжтой. Иргэдийн мэдээлснээр анх “Сайн” түлшийн савлагаа том байжээ. Харин сүүлийн жилд мэдэгдэм жижгэрсэн гэнэ. Хүрэлцээтэй үйлдвэрлэж чадахгүй байгаа учраас савлагааг нь жижгэрүүлжээ гэсэн хардлага дагуулж байна. “Тавантолгой түлш” компани долоо хоногт 25 кг-ын савалгаатай, зургаан шуудай түлш худалдаж буй нь нэг өрх өдөрт 21 кг түлш хэрэглэнэ гэж тооцож тавьсан хязгаар юм. Улаанбаатарын зургаан дүүргийн гэр хороололд амьдардаг 171 мянган айл сайжруулсан түлш хэрэглэх судалгаа гарчээ. Тэгэхээр айл өрхүүд өдөрт 3500 тонн сайжруулсан түлш хэрэглэнэ гэсэн үг. “Тавантолгой түлш” компанийн баруун үйлдвэр сард 93 мянган тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Өдөрт 3000 тонн шахмал түлш үйлдвэрлэдэг хэрэг. Одоогоор хэрэглээ болон нийлүүлэлтийн зөрүү ийм байна. Иймээс дутагдалтай байх нь аргагүй.

Тус компани Налайх дүүргийн ойролцоо өдөрт 3000 тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай шинэ үйлдвэр барьсан. Нийслэлийн засаг, захиргааны эх сурвалжийн өгсөн мэдээллээр тус үйлдвэр шахмал түлш үйлдвэрлэж эхлээгүй байгаа аж. Энэ нь шахмал түлш хатаах технологитой нь холбоотой. Анхаарал татах эл асуудлыг дараа нь хөндөнө.

“Тавантолгой түлш” компани өдөрт 6000 тонн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болох нь. Хэрэгцээг бүрэн хангах үйлдвэрлэлийн хүчин чадал гэсэн үг. Одоо тэгэхээр хэрэглэгчдэд долоо хоногт зургаан шуудай түлш худалдана гэсэн хязгаарыг өөрчилж, нэмэх хэрэгтэй. Гадаа 20 градус дулаан, эсвэл хасах 20-той байхад хэрэглэгчийн картад зургаан шуудай түлш худалдаж авах эрх байх нь утгагүй. Сар бүр худалдаж авах нүүрснийх нь хэмжээг тогтоодог болбол ямар вэ. Өдгөө зургаан шуудай түлш хэрэгцээнд нь хүрэлцэж байгааг С.Мөнх хэлсэн. Тэгэхээр аравдугаар сард долоо хоногт зургаа, арваннэгдүгээр сард найм, арванхоёрдугаар сараас дараа оны хоёрдугаар сар хүртэл 10 шуудай түлш худалдана гэж ялгавартай тогтоож яагаад болохгүй вэ. Ингэж тогтоовол айл өрх арга саам хайж хоёр карт аваад байх шаардлагагүй болно.

“Тавантолгой түлш” компанийн менежмент ихээхэн эргэлзээтэй. Монополь байдлаа ашиглан хэт хавтгайруулсан, тэгшитгэсэн байдлаар борлуулалт хийж байгаагаас муу менежменттэй нь харагддаг. Гэр хороололд нам даралтын зуухаар халдаг амины орон сууцтай айл олон бий. Тэд дөрвөн ханатай гэрт амьдарч байгаа айлаас их хэмжээний түлш хэрэглэх нь ойлгомжтой. Гэтэл бүгдийг нь тэгшитгэн долоо хоногт зургаан шуудай түлш хэрэглэ гэж тулгах нь муйхарлал. Цаашдаа сайжруулсан түлшний борлуулалтын хэмжээнд хязгаар тогтоож, хэрэглэгчийн эрх ашгийг хохироодог явдлаа зогсоох хэрэгтэй. Айлууд утаа “үйлдвэрлэх” гээд пийшингээ зогсоо зайгүй галлаад байна гэж үгүй. Тэд түлшийг мөнгөөр л худалдаж авч байгаа учраас зохистой хэрэглэх нь дамжиггүй.

Иргэд түлш худалдаж авахаар борлуулалтын цэгүүдийн гадна урт дараалал үүсгэснийг улаанбаатарчууд харсан. Энэ бол бүтээгдэхүүний нийлүүлэлт багассанаас үүссэн эрэлтийн дараалал. “Тавантолгой түлш” компани зуны гурван сард тасралтгүй ажиллаж их хэмжээний түлш нөөцөлж яагаад болохгүй байна вэ. Сая үүссэн дарааллыг нөөц бүрдүүлэх гээд нийлүүлэлтээ багасгаснаас шалтгаалсан гэж албаны хүмүүс тайлбарласан. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж оролцон байж “Тавантолгой түлш” компанийн менежментийн учир зүйг олох шиг боллоо. Түлш нөөцлөх агуулах сав нь хүрэлцдэггүй юм бол зун ч борлуулалт хийж болно. Мэдээллийг нь сайтар хүргэвэл нөөцлөх агуулах савтай аж ахуйн нэгж, айлууд түлшээ худалдаж авах нь мэдээж. Ингэвэл өвлийн борлуулалтын ачааллаа хомсдол үүсгэхгүйгээр даагаад гарчих юм биш үү.

Шахмал түлш хатаах технологитой холбоотой анхаарал татах асуудлыг одоо хөндье. “Тавантолгой түлш” компанийн Зүүн бүсийн үйлдвэр шахмал түлшийг хатааж хүчрэхгүй учраас өвөл болохыг хүлээж байгаа талаар эх сурвалж дуулгав. Шахмал түлшийг хатаахгүй бол үйрээд уначихдаг аж. Тиймээс өвөл болж, хүйтрэхээр түлшийг хөлдөөгөөд борлуулалтад гаргах гэж байгаа гэнэ үү. Барьцалдуулж хэвлэсэн, чийгтэй түлш худалдаанд гаргах нь гэсэн төсөөлөл төрж байгаа биз. Эргэлзмээр энэ асуудлыг мэргэжлийн хүнээс тодруулбал, чийг нь хатаагүй бол түлшний чанар муудна гэж тайлбарлалаа. Чийгтэй түлшийг ноцоовол хатталаа угаарын хий их хэмжээгээр ялгаруулдаг аж. Сайжруулсан түлшний чийгшлийн хэмжээг таван хувь хүртэл буурсны дараа худалдаанд нэвтрүүлэх эцсийн бүтээгдэхүүн болох юм байна. Хэрэв “нойтон” түлш худалдаанд гаргадаг бол утааг бууруулах зорилго утгагүй байж таарна.

“Сайн” түлшийг нийлүүлснээр хэрэглэгчдийн сэтгэл ханамжид бүрэн нийцээгүй. Төр сонголт өгөөгүй учраас л хэрэглэж байгаа. Хэрэглэгчид түлшний эрүүл, аюулгүй чанарт эргэлздэг. Үйлдвэрлэгч компани нь ч бүтээгдэхүүндээ эргэлздэг. Энэ нь Хэрэглэгчийн төв байгуулан хэдэн зуун хүн ажиллуулж, айл бүрт угаар мэдрэгч тавьж буйгаас нь илэрдэг. Угаарын хий ялгаруулах магадлал өндөртэй учраас ингэдэг хэрэг. Засгийн газар өлгийтэй хүүхэд шиг эрхлүүлж буй монополь компанийнхаа менежментэд санаа тавьдаггүй юм гэхэд бүтээгдэхүүнийг нь шинжилж үзэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ үйлдвэрийн хашаанаас нь бус, хэрэглэгчийн худалдаж авсан түлшнээс дээж авах хэрэгтэйг сануулъя.

Аливаа монополь зүйл санаачилгагүй, дэвждэггүй, салан задгай байдаг бичигдээгүй “хуультай”. Хэнтэй ч өрсөлдөхгүй учраас тэр. Монополийг өрсөлдөөн үүсгэж задалдаг. Тиймээс сайжруулсан түлшний зах зээлд хувийн хэвшлийнхнийг оролцуулах хаалгыг нээх хэрэгтэй. Өрсөлдөөн үүсгэхийн тулд адилхан дүрмийн дагуу ажиллуулж, аль нэгэнд нь давамгай эрх өгөхгүй байхад болно. “Тавантолгой түлш” компани коксжих нүүрс баяжуулсан хаягдалд тулгуурлан үйлдвэрлэл эрхэлдэг. Толгой компаниасаа татаас авдаг. Цар тахлын нөхцөлөөс улбаалж, нүүрсний үнийг 50-75 хувиар хямдруулснаар энэ онд гэхэд 100 тэрбум төгрөгийн татаас авчээ. Мөн өөрийн ашиглаж буй түүхий эддээ тохирсон зөвшөөрөгдсөн стандарттай.

Тэгвэл хувийн хэвшлийнхэнд зориулан Багануурын уурхайн нүүрсээр бүтээгдэхүүн хийх стандарт баталж болно. Тэгш боломж олговол “Дэрст тохой”, MCPT гэх хоёр компанийн тоног төхөөрөмж бэлэн байна. “Эрдэнэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ирэх онд “Тавантолгой түлш” компанийн үйл ажиллагааг бизнесийн зарчимд нь нийцүүлнэ гэж хэлсэн. Татаас өгөхөө болино гэсэн үг. Үүнтэй зэрэгцүүлээд сайжруулсан түлшний зах зээлд хувийн хэвшлийнхэнд боломж олгох хэрэгтэй. Тэгвэл сайжруулсан шахмал түлшний зах зээлд өрсөлдөөн үүсэж, менежмент нь сайжирна. Үр дүнд нь С.Мөнхийн адил гэр хороололд амьдарч буй иргэд олон бүтээгдэхүүнээс сонголт хийж, хэрэгцээгээ хангахуйц хэмжээгээр худалдан авч дулаахан өвөлжинө. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас 1985 онд баталсан “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахад баримтлах үндсэн зарчим”-д тусгасан найман эрх гэж бий. Үүний нэгд нь “Хүн аль болох өрсөлдөх үнэ бүхий олон нэрийн бараа, бүтээгдэхүүнээр хангагдах буюу сонголт хийх эрхтэй” гэж заажээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.