Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

2010 оны Дэлхийн эдийн засгийн форум Давост амжилттай өндөрлөв

Дэлхийг бараг бүхлээр нь хамарсан эдийн засгийн хямралын дараа цаашдаа бид ямар бодлогоор явах вэ гэдгийг хамгийн өргөн хүрээнд, хамгийн шүүмжлэлтэй хэлэлцсэн энэ чуулга уулзалт нэг талаар олон зүйлд хариулт өгч, нөгөө талаар бас олон төсөөлөн бодож байгаагүй шинэ таамгуудыг гаргаж ирлээ хэмээн ажиглагчид, тоймчид дүгнэж байна.
40 орчим орны төр засгийн тэргүүн, 2500 орчим тэргүүлэх эдийн засагчид, бизнесменүүд, банкирууд бараг 200 орчим салбар хуралдаанд оролцож, бид “Шинээр сэтгэж, шинээр харж шинээр бүтээх” цаг нь болсон гэдгийг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрлөө.
Зөвхөн эдийн засаг, мөнгө санхүү, бизнесийн хүрээнд төдийгүй уур амьсгалын өөрчлөлт, ус, хүнсний аюулгүй байдал, уул уурхай, хүмүүнлэг, боловсрол, эмэгтэйчүүд, эрүүл мэнд гэхчилэн бүхий л салбарыг хамарсан хэлэлцүүлгүүд өрнөж, эрдэмтэд судлаачдын дэвшүүлсэн таамаг, судалгаануудыг тал бүрээс нь ярилцлав.
Манай улсын хувьд дэлхийн санхүүгийн хямрал нь эдийн засагт сөргөөр нөлөөлсөн ч, гарах үр дагаврыг хохирол багатай даван туулах, цаашид эдийн засгийн хямралд өртөхөөс урьдчилан сэргийлэх, тогтвортой хөгжлийн хангах, арга хэмжээг төлөвлөх, явуулж байгаа бодлогоо дүгнэх боломжийг олгосноос гадна, эдийн засгийн өрөөсгөл бүтцийг өөрчлөх шаардлага байгааг нотлон харуулсан билээ.
Дэлхийн эдийн засгийн форумд оролцсоноор монгол улс бусад орны хямралын дараа авч хэрэгжүүлж буй арга хэмжээг сонсох, туршлага судлахаас гадна өөрийн орны бодлого, байр суурь санаачлагыг бусдад таниулж, дэмжлэг авахад ихээхэн чухал арга хэмжээ боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэхүү чуулга уулзалтанд усны асуудлаарх хуралдаан, уул уурхай металлургийн салбарын удирдагчидтай хийх төрийн тэргүүн нарын хуралдаанд тус тус илтгэгчээр, харин эрчим хүчний асуудлаар зохион байгуулагдсан хуралдаан болон эдийн засгийн удирдагчдын албан бус цугларалтын хүрээнд болох олон улсын тогтолцоог бэхжүүлэх тэргүүлэх чиглэл зэрэг арга хэмжээнд тус тус урилгаар оролцсон юм.
Түүнчлэн БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак, Давосын эдийн засгийн формын үндэслэгч Клаус Шваб, Йоркийн гүн хунтайж Эндрью, “Рио Тинто” компанийн удирдах зөвлөлийн дарга Ж.дю Плесси, Майкрософтын үндэслэгч Билл Гейтс, дэд Ерөнхийлөгч О.Аяала, Жорж Сорос, “Credit Suisse” банкны удирдах зөвлөлийн дарга Х.У.Дөриг, Дойче банкны дэд Ерөнхийлөгч К.Кох-Везер, Австралийн худалдааны сайд Саймон Крийн, “Арева” компанийн Ерөнхийлөгч А.Лувержон, “PriceWaterHauseCoopers” компанийн Ерөнхийлөгч М.Нелли нарын зэрэг улстөр, эдийн засгийн нөлөө бүхий хүмүүстэй харилцан санал солилцон ажил хэрэгч уулзалтуудыг хийсэн юм.
Ерөнхийлөгч Давос дахь эдийн засгийн чуулга уулзалтанд оролцосоны дараа Европын Холбоонд айлчлахаар Бельгийн Вант улсыг зорилоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.