Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Улаанбаатар” олон улсын наадам эхэллээ

13 дахь удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам өчигдөр эхэллээ. Энэ сарын 24 хүртэл үргэлжлэх уг наадмыг 2004 онд нийслэлийн Соёл, урлагийн газраас санаачлан зохион байгуулж, 2013 оноос Монголын урлагийн зөвлөл олон улсын хэмжээнийх болгон өргөжүүлсэн. Дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан артхаус бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, уран бүтээлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, Монголын кино урлагийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготойгоор “Улаанбаатар”-ыг жил бүр зохион байгуулж хэвшээд буй.

Энэ удаагийн наадмыг “Зургадугаар бүхээг” киногоор нээв. Юухо Куосманен найруулагчийн эл бүтээл өнөө жил Каннын олон улсын наадмаас гран при шагнал хүртсэн юм. Уг кино хайр дурлалын харилцаанаасаа зугтаасан залуухан финланд бүсгүй Москвагаас галт тэргээр Мурманск хотод ирж буйгаар эхэлдэг. Тэрбээр галт тэрэгний бүхээгт орос уурхайчинтай таарч, гэнэтийн энэ учрал нь тэднийг үнэнтэй нүүр тулж, өөр харилцаа үүсгэх хүсэлтэйг нь ойлгуулах аж.

Зохион байгуулагчид энэ жил “Онцлох орны үзвэр”-тээ Оросын кинонуудыг сонгожээ. Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов “Та бидний хамтын ажиллагаа соёл, хүмүүнлэгийн салбарт, тэр дундаа кино урлагт маш үр дүнтэй хөгжиж байна. Энэ жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ой тохиож буй. Үүний хүрээнд Оросын дэлгэцийн бүтээлүүдийг онцолсонд талархал илэрхийлье” гэлээ. Сергей Эйзенштэйн, Марлен Хуциев, Павел Лунгин, эсвэл зүүдэндээ нисэх Иван (“Иваны бага нас”), эх орны дайны үеийн Москвагаар гүйх Вероника (“Тогоруун цуваа”), Эрмитажаар хэрэх европ жуулчин (“Оросын өв”) гээд Оросын олон кино Монголын үзэгчдийн сэтгэлд тод үлдсэн. Харин энэ удаагийн “Улаанбаатар” кино наадмын үеэр буюу өнөөдөр “Халимч хүү”, “Эцгийн халамж”, “Сүүлчийн “хонгор Болгар” алим” зэрэг киног “Русский дом” буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвд үзүүлнэ.

“Улаанбаатар” наадмын “Монгол кино хөтөлбөр”-ийг маргааш зохион байгуулна. Энэ үеэр “Бросис” пикчерсийн “Том тоглоом”, “Тоонот” пикчерсийн “Цасан хүн”, найруулагч Б.Буянбатын “Гэгээн учрал”, Б.Оюунбаатар, Б.Энхтулга нарын хамтран бүтээсэн “Z.OE 41” киног үзүүлэхээр төлөвлөжээ. Онцолбол, OTZ медиагийн анхны бүтээл “Z.OE 41” антологи цувралын эхний бүлэг нь таван ангиас бүрдэх бөгөөд нийт дөрвөн бүлэгтэй. Эхний бүлэгт хүн өөрийн хүссэн зүүдийг зүүдлэх боломжтой Z.OE 41 төхөөрөмжөөр холбогдсон таван өөр түүх, үйл явдлыг өгүүлдэг.

Тус наадмыг зохион байгуулагчид өнгөрсөн жилээс “Үзэхийн хязгаар” хэсгээр өргөжүүлсэн. Энэ хэсэг нь кино урлагаар дамжуулан соёлын илэрхийллийн олон төрлийг танилцуулах, бүс нутгийн кино урлагийн шилдэг бүтээлийг хүргэх зорилготой аж. Тухайлбал, Төрийн шагналт, Ардын жүжигчин, ХХ зууны манлай найруулагч Д.Жигжидийн “Ардын элч” киног толилуулна. Тус бүтээл 1959 онд буюу бүтээсэн жилдээ Москвагийн олон улсын анхдугаар кино наадамд оролцож, гол дүр болох Ариунаад тоглосон жүжигчин П.Цэвэлсүрэн шилдэг эмэгтэй дүрийн мөнгөн медаль хүртэж байв. Мөн энэ сарын 21-нд “Үзэхийн хязгаар” хэсгээр Паял Кападиагийн Энэтхэгт амьдардаг оюутан охины талаарх “Энэ шөнө би юу ч мэдэхгүй”, нэрд гараагүй шинэ найруулагч анхны бүтээлээ хийж буй талаар өгүүлэх Маун Сан найруулагчийн “Мөнгө дөрвөн хөлтэй” киног тус тус хүргэнэ.

“Улаанбаатар” наадам нь Канн, Берлин, Торонто зэрэг олон улсын наадамд өрсөлдсөн, дэлхийн өнцөг булан бүрт бүтээлээ туурвисан, шинэ болоод алдартай найруулагчдын киног “Олон улсын кино хөтөлбөр”-өөрөө үзүүлдгээрээ онцлог. Наадам үргэлжлэх долоо хоногийн турш 11 улсын уран бүтээлчдийн 18 киног үзэгчдийн хүртээл болгоно. Тухайлбал, найруулагч Эли Грэппийн Каннын олон улсын наадмын шагналт “Ольга” киног онцолъё. Тус кинонд Швейцарт Европын аварга шалгаруулах гимнастикийн тэмцээнд оролцож буй 15 настай украин охины тухай өгүүлдэг. Тэрбээр тэмцээндээ хичээн оролцохыг чармайвч нутагтаа болж буй бослогыг сурвалжилж буй сэтгүүлч ээждээ санаа зовох аж. Түүнчлэн энэ сарын 22-24-нд найруулагч Апичапон Вирасетакулын “Санагалзал”, Рони Трокерын “Хүний хүчин зүйлс”, Пана Панихигийн “Харгуй зам”, Кирилл Серебренниковын “Петровын томуу”, Мария Шрейдерийн “Би чиний заяаны хань”, Одри Дивоны “Хөндөлт”, Артур Хараригийн “Онода” зэрэг Канн, Берлин, Венецийн олон улсын кино наадмын шагналт бүтээлийг үзэх боломжтой.

Наадмын үеэр уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлж, бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Монгол ба Зүүн өмнөд Азийн бүсийн кино” форум, “Авдраа уудал” сургалт зохион байгуулна. Түүнчлэн “Монгол киноны сан хөмрөгөөс” зурагт хуудасны үзэсгэлэнг энэ сарын 29 хүртэл дэлгэх юм. Тус үзэсгэлэнд 1936-1979 онд бүтээсэн, Монголын алтан үеийн уран сайхны киноны анхны зурагт хуудаснуудыг толилуулах аж. Тухайлбал, зураач С.Алтангэрэлийн бүтээсэн “Ардын элч” киноны, даавуун дээр урласан зурагт хуудас тэргүүтэй хосгүй бүтээлийг Монголын урлагийн зөвлөлийн “Улаан гэр”-т дэлгээд буй.

Ташрамд сонирхуулахад, өнгөрсөн хугацаанд “Улаанбаатар” олон улсын кино наадмын үеэр Канн, Берлин, Венец болон бусад нэр хүндтэй олон улсын кино наадмаас шагнал хүртсэн дэлхийн шилдэг 132 индепендент, артхаус киног Монголын 30 000 шахам үзэгчдэд үзүүлжээ. Мөн 1100 гаруй уран бүтээлчийг кино форум болон салбарын сургалтад хамруулж, мэргэжлийн чадварыг нь дээшлүүлсэн байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.