Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АТҮТ-ийн Цогтцэций салбарын даргыг хахуулийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ

Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь салбарын дарга С.Даваанямыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд албадан саатуулаад байна. Түүнийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, аж ахуйн нэгжүүдийн удирдлагаас хахууль авсан хэрэгт буруутган шалгаж эхэлжээ. АТГ-ынхан өнгөрсөн долоо хоногоос эхлэн Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор өмнөд хөрш рүү гаргаж буй ашигт малтмал экспортлох үйл ажиллагаа, хууль, журмыг хэрхэн хэрэгжүүлж байгааг шалгаж эхэлсэн бөгөөд энэ үеэрээ С.Даваанямыг нүүрс тээвэрлэгч 2-3 аж ахуйн нэгжийн захирлуудаас ихээхэн хэмжээний хахууль авч байсан гэх мэдээлэл нь үндэслэлтэй гэж үзэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн аж. АТҮТ-ийн Цогтцэций салбарын дарга С.Давааням болон хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч, хурандаа В.Хундгаа нарын ярианы бичлэг олон нийтийн сүлжээнд нь цацагдаж, түүнээс хойш нүүрс тээврийн жолооч нарыг дараалал дайруулсан гэх дуулиан дэгдсэн. Гашуунсухайт боомтын зөвлөлийн гишүүдтэй холбоотой мэдээллийн дагуу АТГ-ынхан шалгалтаа өнөөдөр ч үргэлжлүүлж буй агаад хилийн цэргийн 0131 дүгээр ангийн захирагч, хурандаа В.Хундгаатай холбоотой асуудлыг нарийвчлан шалгаад одоогоор хууль зөрчсөн байж болзошгүй үйлдэл тогтоогдоогүй гэдгийг эх сурвалжууд мэдээлэв.

Албаны хүмүүсээс энэ талаар тодруулахад “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс энэ сарын 11-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь Гашуунсухайт боомтын зөвлөлд хамаарагддаг байгууллагуудын нэр бүхий албан тушаалтнууд нүүрс ачилтын богинын тээвэрт явж буй тээврийн хэрэгслүүдийг улсын хилээр нэвтрүүлэх дэс дараалалд оруулж батлуулах нэрийн дор “бөмбөлөг” гэх шинэ нэршил үүсгэж, аж ахуйн нэгжүүдээс хахууль авч үйлчилгээний дэс дараалал алдагдуулсан, өөрийн хамаарал бүхий компанийг хилээр нэвтрүүлэх зорилгоор шинжилгээний багт нөлөөлсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 22.1-1, 22.4-2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Өдгөө хэрэгт НПГ-аас хяналт тавьж мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэсэн юм.

Бэлтгэсэн Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.