Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль санаачилж “тоглодгоо” хэзээ болих вэ

Хаанахынхан юун дээрээ будилаантай гэдэг сэн билээ дээ. Түүн шиг энэ парламентын гишүүд дунд юу хийж буйгаа мэдэхтэй, үгүйтэй нь байх шиг. УИХ-ын намрын чуулган үзүүштэй “тоглолт” хэд хэдтэй байх шинжтэй. Сонгогчдын олонхын саналаар хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж буй лав хоёр “депутат” “Яана аа, андуурчихжээ” гэх лугаа адилаар хууль хамтран санаачилсан хэрнээ дундаасаа буцсанаар хоёр нь цааш нь зүтгүүлэхээр болсон. Гишүүд Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, юуны өмнө гадаадын хөрөнгө оруулагчид манай улс руу чиглэх урсгалыг нэмэгдүүлье, эдийн засгаа тэлье гэж бодсоноо хуульчлуулахаар төсөл өргөн барьсан нь зөв мэт. Тийм атал хамтрагчдын хоёр нь юунд түргэн бууж өгөв. Хуулийн төслийн талаар ойлголтгүй хүмүүс гудамжинд юу гэж орилох нь төдийлөн хамаатай юу. Эрхбиш сонгогчдын өмнө хэлэх үгтэй байхын тулд гараа өргөөд, “цагаан туг мандуулав” уу гэмээр л байлаа. Тэр дөрвийн будилааны далимд хаана, хаанаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаарх ойлголтоо нэмэх шив.

Шат шатан дахь оновчтой, ухаалаг бодлого, шийдвэрүүдийн үр дүнд нийгмийн амьдралын харилцан хамааралтай уялдаа холбоо бэхжиж, эдийн засаг сайжирч, улмаар ард түмний амьдралын түвшин, чанар дээшлэх учиртай агаад энэ бүхний цөм нь сайн хууль билээ. Түүнийг хууль тогтоогчид болон бусад хоёр субъект санаачлан, боловсруулж, УИХ-аар батлагдах хүртэл санаа тавьдаг. Яагаад гэхээр тэр хууль түүгээр овоглохтой адил, оюуных нь бүтээл болдог билээ. Парламентаар батлагдсан сайн хуулийн үр шимийг нийгмээрээ хүртэхэд амьдрал сэвхийх мэт өргөгдөөд ирдэг нь ч үнэн. Тэгэхээр хэдэн өдөр дуулиан болсон Хөрөнгө оруулалтын тухай гэлтгүй ер нь бүхий л хууль сайн, чанартай байх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Урьд урьдынхаас илүү шаардагдаж байна. Учир юу вэ гэхээр лав өнөөдрийн парламентын гишүүд дунд мэдлэг, туршлага, ур чадвар, энэ бүхнийг хойш тавиад үзэхэд амьдралын хар ухаанаар дульхан, сулхан нь олон байгааг жишээгээр тайлбарлаж болохоор. Ийм хүмүүсийн санаачилж, боловсруулан, өргөн барьсан хуулийн төсөл дэгийн дагуу хүрч очих цэг бүрт зохих “чанар шалгагчид” сайтар онгичиж, хянамгай хандаж байхгүй бол түүхий төслөөр олон нийтийг бужигнуулж байх нь энүүхэнд болж. Дахиад уг Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн хүрээнд ярья.

Засгийн газраас Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын энэ намрын чуулганы хугацаанд багтан хэлэлцүүлэхээр ажлын хэсэг байгуулсан гэж буй. УИХ-аар хэлэлцүүлэхийн өмнө ийнхүү нягталдаг билээ. Ажлын хэсэг хөрөнгө оруулалтын орчин, бусад улсын жишгийн талаар хийсэн судалгааг хуулийн шинэчилсэн найруулгад тусгах юм байх. Тухайлбал, энэ хэсэгт гайхаш төрж буй юм. Энэ бүхнийг өмнө нь, өөрөөр хэлбэл, санаачлагсад төсөлдөө тусгадаггүй юм уу. Хууль санаачлан боловсруулахад бүү хэл, наад захын мэдээлэл бэлтгэхэд олон талаас нь авч үзэж, гадаадын жишиг харж, “дайрах” өнцгөө тодорхойлж байгаад сая эхний өгүүлбэрээ тавьдаг. Гэтэл бүхэл бүтэн хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхдээ ердөө л санааны цуглуулга төдий “цаас” өгдөг гэж үү. Төсөл санаачлагчид санаа оноогоо зуун хувь нэгтгэж, боловсруулж бүхий л талаас нь судалж, харьцуулж, гарах үр дүнг урьдчилан тогтоож байж хуулийн төсөл боллоо гэж үздэггүй юм уу. Тухайлбал, Х.Ганхуяг гишүүн эдийн засгийг хэрхэн тэлэх талаар бодож, хариуг нь хөрөнгө оруулалтыг нэмэх юм байна хэмээн гаргаснаа цаасан дээр буулгаж аваад, ажиллах ёстой хүмүүст чиг өгсөн байх. Төсөл гараад ирмэгц “Ганцаараа, эсвэл хоёулхнаа бол арай хүчгүйдэх бололтой. Гишүүд нэмнэ ээ” гээд ойлголцоход амар хэмээн тооцоолсон нөхдөдөө хандсан болов уу. Өнөөх хоёр гишүүн хууль санаачилсан гэсэн үзүүлэлт нэмэх гээгүй байх, гагцхүү анд нөхөртөө итгэсэн үү, юутай ч агуулга, зорилготой нь сайтар танилцалгүй зөвшөөрч, гарын үсгээ зурчихсан бололтой юм. Гишүүдийн дунд цаашид ийм маягаар хууль хамтран санаачлах нь хэд байгаа бол. Өмнө нь бичиж байсан. Эрхэм гишүүн Ё.Баатарбилэг гадаадын нэр хүндтэй их, дээд сургууль төгссөн л бол төрийн албанд шалгалттай ч, үгүй ч орж ажиллаж болно гэсэн хууль зүтгүүлэх гээд үзээд байгаа. Төрийн түшээд ийм явцуу бодолтой байж болох юм уу.

УИХ цаашид хуулийг, өөрөөр хэлбэл, төслийг энэ мэтчилэн, өргөн барьсан л бол шалгуур, шүүлтүүр гэхгүйгээр хүлээж аваад байх болно. Учир нь гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд өөрөө болж байна гэж үзвэл хууль санаачилсаар байх нь мэдээж.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг дахин аваад үзье. Засгийн газраас зарчмын өөрчлөлт хийх нэрээр гишүүдийн санаачилсан хуулийн төслийг санаснаас нь тэс өөр болгочихвол яах вэ. Хууль санаачлах, боловсруулах гэдэг нь үнэн хэрэгтээ тухайн салбарын хамгийн туршлагатай хүмүүсийн санаа оноог түүж, дээжийг нь базаж тусгадаг процесс биз дээ. Эдүгээ хууль санаачилж өргөн барих нь ийм шат дамжлагыг алгасаад зөвхөн анх төрсөн санаагаа цаасан дээр буулган УИХ-ын даргад өргөн барьдаг хялбар ажиллагаа болчихоогүй байлтай. Тухайлбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг зарчмын хувьд сайжруулах нэрээр ихээхэн хөндөх бололтой юм. Гадаадын хөрөнгө оруулалт татаж болох, болохгүй салбарыг ялгах юм гэнэ. Нууцын өндөр зэрэглэлийн үйл ажиллагаа явуулдаг салбар юу билээ гээд бодохоор санаанд одоохондоо юм орж ирэхгүй байна. Тэргүүлэх салбарт хөрөнгө оруулах гадаадын иргэнийг дэмжих зохицуулалт хийнэ гэнэ. Тэргүүлэх бус салбар гэж алийг хэлж байна вэ, тэнд сонирхол, шаардлагаар ихээхэн хэмжээний хөрөнгө оруулах гадаадын иргэн байх аваас дэмжихгүй бололтой юм. Уг хуулийг санаачлагчдын нэг Х.Ганхуяг гишүүнд анхнаасаа ийм бодол төрж байсан болов уу. Явж явж уг хууль санаачлагчийн бодсоноос ядмагхан, эдийн засгийг тэлэхэд төдийлөн нэмэргүй зүйл болж хувирвал яах вэ.

Юу хэлэх гээд байна вэ гэхээр, хэн нэг гишүүн хууль санаачилж өргөн барихад байнгын хороогоор хэлэлцэх, эсэхийг нь шийддэг шат дамжлага болох УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хүрээнд сайтар ярилцан, дүгнэж байж хэлэлцэх дараалалд оруулж баймаар. Уг зөвлөлд УИХ-ын дарга, хоёр дэд дарга, бүлгийн дарга нар, мөн байнгын хороодын дарга нар УИХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга багтдаг юм билээ. Бүгд л хуульд чанарын хяналт тавих субъект. Өргөн мэдүүлсэн ч тус зөвлөл хэлэлцээд, “виз” дараагүй төсөл олон байдаг ч энэ мэтчилэн “Ногоон гэрэл”-ээр гараад ирсэн нь бас дутахгүй тооны байх бололтой. Засгийн газрын төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хянахдаа мөн санаачлагчдын зарим нь явцын дунд ичиж, зовоод нэрээ татах хэрийн чанаргүй хуульд “виз дараад” байхгүй бол сайн сан.

Эцсийн дүнд УИХ-ын гишүүд аливаа асуудлаар юу гэж үзнэ, хуульчлах шардлагатай гэж бодвол төсөл санаачлаад, УИХ-ын даргад өргөн барьсаар байх болно. Нийгэмд зөв тийш нь хандуулмаар асуудал олон бий. Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг харахад эрхэм гишүүд засаж залруулах чиглэлд чин сэтгэлээсээ хандаад дориун хууль гаргачихаасай гэхээр асуудал бишгүй л байна.

Тухайлбал, Архидан согтуурахтай тэмцэх, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Байгаль орчны, Газрын багц хуулийн төсөл, Газрын тосны тухай, Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ч бий. Даатгалын тухай, Жолоочийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ч байна. Мөн Зохицуулах үйлчлэлтэй хүнсний, Зөрчлийн, Иргэний нисэхийн, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, мансуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг батлах, эсэхийг шийднэ. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төслийн болон Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга гээд хэрвээ зөв шийдэж чадвал иргэдийн болон нийгмийн амьдралыг илүү сайхан болгоход чиглэсэн олон хууль “хувь заяа”-гаа хүлээж буй юм.

Энэ бүхэнд УИХ-ын эрхэм гишүүд тус бүртээ хариуцлагатай, эзний ёсоор чин сэтгэлээсээ хандаж, шийдвэрээ зөв гаргаасай хэмээн хүснэ. Хууль санаачилж “тоглох” гэж оролдох нэг хэрэг. Хэлэлцэж батлах нь хариуцлага хэд дахин илүү шаардах сорилт билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Хууль санаачилж “тоглодгоо” хэзээ болих вэ

  • иргэд олон түмэн says:

    Хэрэг болох ач тусаа өх хуультай болгох гэсэндээ биш,шуналдаа дөрлүүлсэн,гэмт хэрэгт холбогдож УИХ-д шургалан цаг хожиж ял завшиж яваа гишүүн нэртэй гэмт хэрэгтэнүүд хууль санаачилсан гэж олгодог их мөнгөнд нь шунаж хууль санаачилсан нэр зүүдэг,хуулийн чанар сансаа ялангуяа хуулинд нэмэлт оруулахад улам муудаж давсгүй хоол мэт болох талтай,тэрч байтугай хятадуудыг монголд олноор нь оруулан ирж суурьшуулах зорилготой саяын хэдэн нөхдийн бантагнуулсан хуулийн төслөөс харвал ой гутаж сэтгэл эмзэглэмээр,тэр дотор нэгэн эмэгтэй гишүүний талаар ХҮНИЙ ХҮН гэж яасан айхтар баримтууд оруулан бичив,энэ байдлаас харахад ийм УИХ байсанд орохноо байхгүй нь хамаагүй дээр мэт,ийм улсын нэрийг гарган ирж сонгуульд нэр дэвшүүлдэг улс төрийн нам гэдэг чинь ер нь хэний төлөө ажилладаг байгууллага болсон хэрэг вэ?