Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Явган зорчигчид ХАЛГААТАЙ “СТАНДАРТ”

Нийслэлийн зам, талбай, нийтийн эзэмшлийн газарт ойлгомжгүй зүйл олон бий. Ялангуяа “явган зорчигчийнх” гэсэн тодотголтой хэрнээ хүн хаагуур нь явах юм бол гэмээр хашаалчихсан, машинуудад эзлэгдчихсэн, эсвэл бүр авто зогсоол болгочихсон замыг Улаанбаатарын аль ч хэсгээс харж болно. Барилга, байгууламж нэмэгдэхийн хэрээр хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, орон сууцуудын орох, гарах гарц “алга” болж, энэ мэт үл ойлгогдох байдал үүсдэг нь хэвийн үзэгдэл гэлтэй.

Нийслэлийн удирдлага иргэдэд аюулгүй, тав тухтай орчин бүрдүүлнэ гээд л 2019 онд журам, захирамж гарган энд тэндхийн хашаа, хайсуудыг хавтгайруулан буулгаж эхэлсэн. Ингэж хашаа хайстай “зууралдаад” дээрдсэн нь бараг үгүй гэхгүй, нүдээ олсон нь байгаа ч хашааг нь авснаар харин ч төвөгтэй байдал үүссэн газар цөөнгүй.

Өнгөрсөн зун бороо шаагисан нэг өдөр “Баян Монгол” хорооллын орчимд тогтсон ус туучиж явсан эмээ, хүү хоёр “Уг нь энэ хавьд нэг хашаа байсан даа, хаачсан юм бол. Миний хүү дүүжлэгдээд явчихвал гутал нь норохгүй юм сан. Ноднин баахан хашаа буулгахдаа аваад хаячихсан юм байх даа” хэмээн ярилцах нь сонсогдов. Уг нь хэрэгтэй үедээ хашаа, хайс иргэдийн аминд орох нь бийг нийслэлчүүд андахгүй.

Өнгөрсөн жилээс нийслэлийн удирдлага гарааш буулгадаг “том” ажил эхлүүлээд нэлээд эрчимжүүлж байна. Нэг талаас харахад зөв, өгөөжтэй ажил. Нийтийн эзэмшлийн зам, талбай дээр зөвшөөрөлгүй барьсан гарааш зэргийг буулгаж, оронд нь иргэдэд ашиг тустай зүйл бүтээж, байгуулахыг эсэргүүцэх нь утгагүй. Хамгийн гол нь чөлөөлсөн газар дээр яг юу хийж, бүтээх нь тодорхой бус, зураг, төсөл нь гараагүй, хөрөнгө мөнгө нь ч шийдэгдээгүй байхад нураахаа урьтал болгож байгаа нь шүүмжлэл дагуулж буй. Зарим хүн “Иргэдийн зорчих хөдөлгөөнд төдийлөн саад болохгүй гараашуудыг яаран буулгаж, юу хийх төлөвлөгөөгөө танилцуулахгүй байгаа нь хардлага төрүүлж байна. Магадгүй чөлөөлсөн газрыг хэдэн жил “эзэнгүйдүүлж” байгаад өөрсдөдөө ашигтай шийдвэр гаргах, хэн нэгэнд эзэмшүүлэх муу ажил сэдсэн байж мэднэ” гэж хардаж байна. Нөгөөтээгүүр, үнэхээр чөлөөлөх шаардлагатай газарт нь хүрч ажиллахгүй байгаа учраас энэ мэтээр буруу зөрүү ойлголт төрүүлж, хардаж сэрдэх шалтгаан байхыг үгүйсгэхгүй.

Одоо хашаа, гарааштай “ноцолддог” ажлаасаа хальж, илүү үр өгөөжтэй, далайцтай, жишээлбэл, нийтийн эзэмшлийн зам, талбайг дураараа хашиж, иргэдийн амь, эрүүл явах эрхэд ноцтой халдчихсан аж ахуйн нэгж, байгууллагууд руугаа анхаарал хандуулаач, хотын удирдлага аа. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй олон аж ахуйн нэгж, тэр дундаа “Мон бэйкери” компанийн “Тү лэ жүр” сүлжээ газар явган зорчигчийн талбайг авто зогсоол болгож, хашчихаад хэдэн жил боллоо. Иргэд хотын захиргаанд гомдол гаргаад тусыг эс олдог талаараа гомдоллож байна. Тус газрын хажуу хавиргад байх байшин барилгуудын үүдэнд өдөр, шөнөгүй автомашинууд “уяатай” байдаг нь хэвийн үзэгдэл. Уг нь тэр хэсэг бүхэлдээ явган хүний зорчих хэсэг атал иргэд аргагүй эрхэд авто замаар жирийлгэж, амь, эрүүл мэндээ эрсдэлд оруулахад хүрдэг юм. Ийнхүү машинуудад эзлэгдэж, “Тү лэ жүр”-ийн мэдэлд орчихсон явган зорчигчийн замын эсрэг талд автобусны буудал бий. “Лабораторийн буудал” нэртэй тэр газар бас л такси үйлчилгээ эрхлэгчдийн “мэдлийнх”. Угтаа бол нийтийн эзэмшлийнх боловч ТҮЦ, таксины зогсоол болоод удаж байна.

Нийтийн эзэмшлийн талбай энэ мэтээр хууль бус эзэмшигчтэй болдог, үүнийг нь албаныхан мэдсэн ч “мартчихдаг” тохиолдол цөөнгүй. Тэгсэн атлаа хашаа, хайс, гарааш буулгасан талаараа өдөр, шөнөгүй сурталчилж ажил хийснээ “гайхуулж” суудаг албаныхан иргэд, аж ахуйн нэгжүүдийг алагчлаад байна уу. “Тү лэ жүр” шиг нийтийн эзэмшлийн, явган зорчигчийн зам, талбайг жишим ч үгүй дээрэмдчихсэн аж ахуйн нэгж, иргэн, байгууллага нийслэлд өчнөөн бий. Тэд дархлагдсан юм уу гэлтэй олон жил оршин байсаар ирсэн. Цаашид даварсаар байх нь мэдээж. Үүнд л анхаарал хандуулж нийтийн эзэмшлийг чөлөөлөх ажлаа энэ мэт дураар дургидаг том толгойнууд руу чиглүүлмээр байх юм.

Үүнээс гадна олон нийтийн зорчих хэсгийг дур мэдэн “эзэмшиж” хөдөлгөөнд саад учруулдаг хүмүүс Улаанбаатарын хөл хөдөлгөөнтэй хэсгүүдэд өч төчнөөн байдаг нь гар дээрээс наймаа эрхлэгчид буюу “Амьдралаа залгуулах гэж ядаж байгаа биднийг хөөж туулаа” гэж зөвхөн эдлэх эрхийнхээ талаар ярьдаг “бүлгийнхэн”. III, IV хороолол, “Хархорин”, “Баянзүрх”, “Нарантуул” зах гээд хаа сайгүй бараа, бүтээгдэхүүн дэлгэж, орчноо бохирдуулан суух тэднийг ч журамлах ёстой. Зам дагуу худалдаа эрхэлж, элдэв зүйл өрж тавихыг эсэргүүцэх нь битгий хэл хэвийн үзэгдэл мэт хардаг, шүүмжилсэн, дуугарсан нэгнээ ад үзэх шахам буруу жишиг бий болчихжээ. Явган зорчигчийн замыг дураараа өмчилдөг том байгууллагуудтай харьцуулахад учруулж болзошгүй хор хохирол нь харьцангуй бага мэт боловч үнэндээ бол орчны бохирдол үүсгэж буйг нь уучлах аргагүй гэдгийг иргэд учирлаж байна.

Нийслэл хот бол улсын нүүр царай, үнэлэмжийн том хэсэг. Энэ утгаараа халгаатай, хачин “стандартуудыг” халахад иргэн бүрийн оролцоо чухал. Угтаа бол үүрэг нь. Гэтэл дураар аашлагчдад найр тавин суусаар байх уу. Нийгмийн сүлжээнд тавигдсан гэрэл зургуудаас бид нийслэлийн гашуун, үнэн төрхийг хараад бухимддаг. Машинд дайруулахгүй гэсэндээ хашлаганаас зүүгдэж буй бага ангийн сурагчид, борооны улмаас усанд автсан гудамж, талбайнуудад “амьд үлдэх” гэж мөн л хашаа, хайсан дээр зогсох хүүхэд, залуучууд, усны гуталтай нэгэндээ үүрүүлсэн хүмүүс гээд хотын зам, талбай дээрх тулааныг илтгэх зургууд “Улаанбаатарт иргэдэд, явган зорчигчдод зориулсан зам байхгүй” гэж өгүүлсээр. Харин бид “Монголчууд дасан зохицох, амьдрах чадвар үнэхээр сайн” гээд л өөрсдийгөө “магтаад” гайхаад өнгөрсөөр. Өнөөдрөөс эхлэн ийм хэнэггүй зангаа хаяж, амьд, эрүүл байх эрхийнхээ төлөө дуугарч бултаараа шаардлага тавьж суръя.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Явган зорчигчид ХАЛГААТАЙ “СТАНДАРТ”