Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх санал тавилаа

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт бараалхав. Сайд Б.Батцэцэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг түүнд уламжилж, Монгол Улсын гадаад бодлогод Казахстан улстай харилцах асуудал чухал байр суурь эзэлдгийг онцлов. Ирэх онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан үүнийг ёслол төгөлдөр тэмдэглэх талаар тэд ярилцсан юм. Мөн худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байгааг дурдаад, цаашид үүнийг урагшлуулах, ялангуяа худалдаанд саад учруулж буй тээвэр ложистикийг сайжруулахад анхаарч ажиллахаар болов.

Түүнчлэн сайд Б.Батцэцэг тус улсын Худалдаа, интеграцчлалын сайд, Монгол-Казахстаны Засгийн газар хоорондын комиссын Казахстаны хэсгийн дарга Б.Т.Султановтой ажлын уулзалт хийсэн. Монгол, Казахстаны уламжлалт найрсаг харилцааг цаашид эдийн засгийн агуулгаар баяжуулж, хувийн хэвшил хоорондын хамтын ажиллагааг идэвхтэй дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Улмаар комиссын ээлжит хуралдааныг ирэх онд Улаанбаатарт зохион байгуулах санал тавив. Талууд хоёр улсын хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх үүднээс Засгийн газар хоорондын комиссын дэргэдэх ажлын хэсгийн үйл ажиллагааг идэвхжүүлэхээр ярилцжээ. Сайд Б.Т.Султанов зам, тээврийн машин техник, автобус, зүтгүүр гээд Монгол Улсад хэрэгцээтэй бараа, бүтээгдэхүүн экспортлох боломжтойгоо илэрхийлж, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах нөөц бололцоог дайчлахыг санал болгов. Уулзалтын төгсгөлд тэд яам хоорондын санамж бичигт гарын үсэг зурав.

Дараа нь Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Казахстаны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч А.Р.Рахметуллинтай албан ёсны хэлэлцээ хийлээ. Үүний хүрээнд манай тал худалдааг тэлэхдээ Казахстан болон эл бүс нутгийн улс орнуудад мах, махан бүтээгдэхүүн зэрэг экспортын бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг бодитойгоор нэмэгдүүлэх, ганд тэсвэртэй үр тарианы сортуудыг нутагшуулах, судлах, мал эмнэлэг, хорио цээрийн байгууллагууд хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, далайд гарцгүй орнуудын хувьд Ази, Европыг холбосон дамжин өнгөрөх тээврийн үр ашгийг хүртэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Талууд агаарын тээврийн хамтын ажиллагаа хөгжиж байгааг онцолж, Монголын “Хүннү эйр”, Казахстаны СКАТ компанийн хооронд санамж бичиг байгуулсныг сайшаасан юм. А.Р.Рахметуллин хамтарсан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэх, боловсролын болон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн замын зураг байгуулах ажлыг эрчимжүүлэхийг санал болгов. Мөн Хөрөнгө оруулалтын хэлэлцээрийг шинэчлэн байгуулах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Хэлэлцээний дараа сайд нар Монгол Улсын Гадаад харилцааны яам, Казахстаны Гадаад хэргийн яам хоорондын 2021-2024 онд хэрэгжүүлэх хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа.

Бэлтгэсэн У.Наран

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.