Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Байгалийн түүхийн музейн шинэ барилга бараа сураг алдрав

Өмнөговьчууд орон нутгийн төсвийн хөрөнгөөр олон улсын стандарт, жишигт нийцсэн Байгалийн түүхийн музей барьж, саяхан ашиглалтад орууллаа. Тэнд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг бизнесмен “10 тэрбум төгрөгийн төсөвтэй, ажиллах хүчний нөөцтэй, орон нутгийн дэмжлэгтэй байхад хоёр хүрэхгүй жилийн хугацаанд ихийг амжуулах нь. Археологи, палеонтологийн дурсгалын өлгий гэгддэг аймаг энэ зэргийн музей байгуулахгүй бол ичгэвтэр шүү дээ. Одоо л жуулчдын нүүр лүү эгцэлж, бардам харж чадахаар боллоо” хэмээн саяхны нэгэн арга хэмжээний үеэр ярьсан юм. Уул уурхайн гол бүс нутагт эзэн сууж буйн хувьд өмнөговьчууд ийм хэмжээний хишиг хүртэх эрхтэй. Өөрсдөө ч үүнийгээ сайн мэддэг юм билээ. Орон нутгийн хөгжил зөвхөн зам, дэд бүтцээр хэмжигддэггүй учир тус аймгийнхан түүх, соёлын дурсгалуудыг хамгаалахад ихээхэн анхаарах болжээ. Энэ хүрээнд хийсэн ажил нь Даланзадгадын шинэ бүтээн байгуулалт.

Музейн хамт олон өдгөө сан хөмрөгөө арвижуулах зорилгоор хувь хүн, албан байгууллагуудаас соёлын өвийн дурсгал худалдан авч, цуглуулж, мэдээллийн нэгдсэн сан үүсгэж байна. Тэд хамгийн олон үзмэртэй, орон нутгийн шилдэг музей болох том амбиц “өвөртөлжээ”. Гэтэл эл бүтээн байгуулалт өмнийн говьд эхлэхтэй зэрэгцэн Улаанбаатар хотын төв голомт дахь байраа булаалгасан Байгалийн түүхийн төв музейнхэн өдгөө хүртэл “орох орон”-той болж амжаагүй явна. Нийслэл Улаанбаатарын амин сүнс, хотын чимэг болсон түүхэн байгууламжийн суурин дээр өдгөө “Чингис хаан” музей сүндэрлэж, хэдхэн хоногийн өмнө үүдээ нээсэн. Харин хөөгдсөн музейнхэн зориулалтын бус газарт “толгой хоргодсоор” байна.

Байгалийн түүхийн музей бол манай улсын нэрийн хуудас. Монгол орны газар зүй, геологи, ашигт малтмал, ургамал, амьтны аймаг, палеонтологийн олдвор, хүн судлалтай холбоотой 12 000 мянга гаруй үзмэртэй, соёл, дурсгалын хосгүй сан. Олдворын төрөл зүйлээс хамаараад газар зүйн, амьдралын үүслийн, сансар судлалын, геологи, ашигт малтмалын, шувууны, ургамлын, хорхой шавжийн, говийн амьтны, тэмээний, хоёр нутагтан, хэвлээр явагчдын гэсэн баялаг ангилал, үзэсгэлэнгийн тусгай танхимтай байв. Харин Монголын төр музейн барилгыг стандартын шаардлага хангахгүй гэдэг үндэслэл, шалтгаанаар нурааж, булааснаас үнэт олдвор, дурсгалуудын дийлэнх нь “далд хэвтэх” болов. Тэндхийн ажилтнуудын хэлснээр өдгөө нийт үзмэрийн тав хүрэхгүй хувийг (500 орчим) нь Үлэг гүрвэлийн төв музей (хуучнаар Лениний)-н байранд, давчуу зай талбайд тааруулан дэлгэж, олон нийтэд үзүүлж буй гэнэ. Хуучныг нь нураахдаа “Ча нартай, том, стандартын шаардлагад нийцсэн шинэ байртай болгоно” хэмээн тогтоол, шийдвэр танилцуулсан албан тушаалтнууд өдгөө таг чиг. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэгч болов.

Засгийн газар Байгалийн түүхийн музейн шинэ барилгыг Их тэнгэрийн аманд барихаар шийдвэрлэсэн. 39 000 ам метр бүхий талбайтай, 12 төрлийн хэсэгчилсэн танхимтай, 500 гаруй автомашины зогсоолтой байгууламжийг нийт 6.6 га газарт байгуулахаар төлөвлөж, цогцолборын төсөвт өртгийг 94 тэрбум төгрөгөөр баталсан юм. Цогцолборын зураг төслийн ажлыг БСШУЯ (хуучнаар) тухайн үед “Хатанбаатар” ХХК-иар хийлгүүлж, барилгын гүйцэтгэгч шалгаруулах тендерийг шуурхай зарласан ч “Шаардлага хангах компани олдоогүй” гэсэн үндэслэлээр эргүүлэн татсан байдаг. Үүний дараа буюу өнгөрсөн онд Соёлын яам хүсэлт гаргасны дагуу Төрийн худалдан авах ажиллагааны газар дахин тендер зарласан. Гэвч мөн л шалгуурт нь нийцэх компани олдоогүй гэх үндэслэлээр тендерийг буцаасан юм.

Соёлын яамны холбогдох мэргэжилтнүүд өнгөрсөн жил “Тендер зарласан учраас барилгын ажил удахгүй эхлэх байх. Гүйцэтгэх компани тодорхой болчихвол саадгүй” хэмээсэн бол одоо “Төслийн ажил зогссон” гэсэн тайлбар өгч байна. Эл цогцолборын ажил зогссон юм биш, ерөөсөө гараанаасаа хөдөлж ч амжилгүй таг саатжээ. Соёлын сайдын бие төлөөлөгч Ширнэнгээс энэ талаар тодруулахад “Цаад учир шалтгааныг нь мэдэхгүй. Ямартай ч БСШУЯ хоёр, Төрийн худалдан авах ажиллагааны газар нэг, нийт гурван удаа тендер зарлаад, компани шалгаруулж чадаагүй. Музей барихаар төлөвлөсөн газарт хоёр долоо хоногийн өмнө очиход ямар нэг ажил эхлээгүй, нам гүм байсан. Томоохон төсөл учраас болзол, шаардлага хангах аж ахуйн нэгж олдохгүй байгаа бололтой” гэсэн юм.

Тендер хариуцсан төрийн байгууллагынхан таалалд нь нийцэх гүйцэтгэгч олдохгүй байна гэсэн шалтгаанаар төслийн удаашралын гэм бурууг “цайруулж” буй бол музейн хамт олон болон эл асуудалд чих тавьсаар ирсэн төрийн байгууллагынхан өөр байр суурьтай байна. Байгалийн түүхийн музейд олон жил ажилласан нэгэн судлаач “Шаардлагатай төсвийг нь шийдэж чадахгүй өнөөдрийг хүрсэн юм билээ. Анх цогцолборын өртгийг 120 тэрбумаар тогтоосон ч яамны албан тушаалтнууд (хуучнаар БСШУЯ-ны)хэтэрхий өндөр байна гэж гоочилсоор 90 лүү буулгасан гэдэг. Харин Засгийн газар ийм их хэмжээний мөнгө төсөвлөхгүй, ойрын хугацаанд шийдэх боломжгүй гэсэн байр суурь илэрхийлсэн гэнэ лээ. Бодит байдал нь энэ” хэмээсэн. Музейн хуучин барилгыг нураах шийдвэрийг эсэргүүцэж, тэмцсээр, эцэстээ дийлдсэн “Урбан иргэдийн оролцоо” төрийн бус байгууллагынхан “Их тэнгэрийн аманд газар авч, барилгын “араг яс” босгосон компани маргаан үүсгэснээс энэ бүхэн үүдэлтэй” гэв. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас ирүүлсэн мэдээллээс үзэхэд тухайн бүсэд газар давхцуулж олгосон зөрчил алга. Тийм байдлаар төслийн үйл явцад хөндөлсөх ком пани гарч ирлээ ч төрийн тогтоол, шийдвэрийн дагуух ажил ногоон гэрлээр үргэлжлэх ёстойг газрын асуудал хариуцсан мэргэжилтэн хэлсэн юм. Гагцхүү эхлүүлэх л ёстой аж. Үүнд Соёлын сайд, түүний толгойлдог яамны оролцоо, чармайлт онцгой нөлөөтэй. Гэвч бодит байдалд тус яамныхан эл асуудалд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаа бололтой.

Дээрх яам өнгөрсөн сард гэхэд музей, соёлын өвийн зориулалттай хоёр ч байгууламжийн шав тавилаа. Төв аймгийн Зуунмод сумд Монголын үндэсний археологи, угсаатны музей байгуулах юм гэнэ. Архангайн Өлзийтөд соёлын аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар шийджээ. Үүнд ойролцоогоор 12 орчим тэрбум төгрөг зарцуулах нь. Түүнчлэн Засгийн газар Хэнтий аймгийн Батноров сум дахь Бэрхийн уурхайд түшиглэн далд уурхайн музей, сургалтын бааз байгуулах ажилд таван тэрбум төгрөг хуваарилснаас энэ оны төсөвт зонхилох хувийг нь тусган, ажлаа хэдийн эхлүүлжээ. Орон нутагт музей, соёлын цогцолбор байгуулах ажил энэ мэтчилэн шил шилээ даран эхэлж, өрнөсөөр байна. Яг өнөөдрийн нөхцөл байдлыг бодитоор харвал соёлын аялал жуулчлалын цогцолбор, далд уурхайн музей, сургалтын бааз, Байгалийн түүхийн музейн аль нь нийгэмд илүү хэрэгтэй байна вэ гээд харьцуулбал туухай аль талд илүү жин дарах нь ойлгомжтой. Олон арван жилийн турш цуглуулж, хадгалж ирсэн түүхэн олдвор, дурсгалуудаа зориулалтын байранд “аваачих” нь зүйтэй баймаар. Улсынхаа нүүр царай болсон томоохон музейгээ аварч үлдэх нь нэн түрүүний хэрэгцээ шаардлага гэлтэй.

Байгалийн түүхийн дурсгал гэхээр амьтан, ургамлын цуглуулга төдийхнөөр ойлгодог харанхуй цаг нэгэнт ард өнгөрсөн. Дэлхий нийт энэ төрлийн музейг технологийн шийдэлтэй хослуулан хөгжүүлж, хүрээлэн буй орчны юмс үзэгдлийг бодитоор “амилуулж” (VR болон AR технологийн тусламжтайгаар) байна. Харин бид музейн барилгаа нурааж, үнэт үзмэрүүдээ гудамжинд гаргаснаас ялгаагүй авирлав. Энэ янзаараа удвал Байгалийн түүхийн музей ч үгүй, үзмэр ч үгүй болох нигууртай

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.