Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөрөнгө оруулалтын хуулийг буруу ойлгож эсэргүүцсэн үү

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Хөрөнгө оруулалтын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргасан нь шуугиан тарих сэдэв болов. Олон нийтийн сүлжээнд хууль санаачилсан гишүүдийг “Хөрөнгө оруулагч нэрийн дор орж ирсэн хятадуудаар Монголыг дүүргэх нь” хэмээн буруутгаж байна. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа, П.Анужин, Д.Өнөрболор нар санаачилсан. Гэвч олон нийтийн сүлжээнд эсэргүүцэж эхлэнгүүт П.Анужин, Д.Өнөрболор нар хуурч мэхлэн гарын үсэг зуруулсан гэж Х.Ганхуягийг буруутган, хуулийн төслийг татаж авахаа илэрхийллээ. Айсан хүн айл эвдэнэ гэгчээр тэд үзэл бодолдоо үнэнч байхын оронд нэр хүндээ унана гэж болгоомжилсон бололтой. УИХ-ын зарим гишүүн ч хуулийн төслийг татаж авах байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Харин Х.Ганхуяг хуулийн төслийг татаж авахгүй гэж мэдэгдлээ. Иргэд энэ хуулийн төслийг санаачлах болсон учир шалтгааны талаар мэдээлэл багатай нь харагдав. Тиймээс туйлшран эсэргүүцэж буй юм. Хэрэв учир шалтгааныг нь ухвал Монголын эсрэг үйлчлэх, үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх хэмжээний зохицуулалт биш гэдгийг ойлгоно.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1.5- д “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг хэлнэ” гэсэн заалт бий. Х.Ганхуяг нарын гишүүн уг заалтыг “гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан, хуулийн этгээдийн нийт гаргасан хувьцааны 25 хувь буюу түүнээс дээш хувийг гадаадын хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа, Монгол Улсад хоёроос доошгүй ажлын байр бий болгосон, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон бусад татвар төлөгч аж ахуйн нэгжийг хэлнэ” гэж өөрчлөх санал гаргасан.

Одоо мөрдөж буй дээрх хуулийн заалтыг бодит байдалд хэрхэн хэрэгжүүлж байгааг Үндэсний хөгжлийн газраас лавлалаа. Гадаадын хөрөнгө оруулагч аж ахуйн нэгжийн хувьцааг худалдаж авах, эсвэл компани байгуулахаас өмнө 100 мянган ам.доллароо түр дансанд байршуулдаг аж. Түр дансанд байршуулсан мөнгөөрөө хөрөнгө оруулалт хийхгүй буцаах тохиолдол гаргадаг юм байна. ФАТФ (Мөнгө угаахтай тэмцэх, санхүүгийн арга хэмжээ авах байгууллага) -аас гадаадын хөрөнгө оруулагчийн мөнгийг түр дансанд байршуулж буй нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг өдөөх нөхцөл болно гэж үзжээ. Энэ нь хуулийн заалтыг өөрчлөх нэг шалтгаан гэнэ. Мөн Хөрөнгө оруулалтын хуульд хөрөнгө оруулагчийг гадаад, дотоодын гэж ялгахгүй байх зарчим баримталсан. Гадаадын хөрөнгө оруулагчид 100 мянган ам.долларын босго тавьсан нь ялгаварлан үзэж байгаа хэрэг юм. Тиймээс олон улсын байгууллагууд хуулийн заалтыг үндсэн зарчимд нь нийцүүлэх санал гаргах болжээ.
Үүнээс гадна хөрөнгө оруулалтын босго монголчуудыг “хөлдөө чирэх” тохиолдол гарах болсон байна. Монгол хүн гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран жижиг, дунд үйлдвэрлэл эрхэллээ гэж бодъё. Дотоодын хөрөнгө оруулагч компанийн хувьцааны 70 хувийг эзэмшиж, давамгай эрхтэй ажиллах хүсэлтэй байсан гэж тооцъё. Энэ тохиолдолд гадаадын иргэн хуулийн дагуу 100 мянган ам.долларын хөрөнгө оруулна. Үүнийг өнөөгийн ам.долларын ханшаар хөрвүүлбэл 285 сая төгрөг болно. Тэгэхээр дотоодын хөрөнгө оруулагч тухайн компанийн хувьцааны 70 хувийг эзэмшихийн тулд 700 сая төгрөг гаргах шаардлагатай юм. Уг жишээ 100 мянган ам долларын босго өндөр байгааг харуулж буй. Тиймээс 100 мянган ам.долларын босгыг хоёр ажлын байр бий болгосон гэсэн шалгуураар сольжээ. Ялангуяа гарааны бизнес эрхлэгчид ийм өөрчлөлт хийхийг УИХ-ын гишүүдээс хүссээр ирсэн.

Хуулийн төсөл санаачлагчид Хөрөнгө оруулалтын хуулийн 12.1.5-д “Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж гарах виз болон байнга оршин суух зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох” гэсэн заалтыг “Монгол Улсад хөрөнгө оруулалт хийсэн гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүлд Монгол Улсад зорчих олон удаагийн орж, гарах визийг холбогдох хууль, тогтоомжийн дагуу олгох” гэж өөрчлөх санал гаргасан. Мөн уг хуулийн 12.1.6- д “хуульд заасан бусад дэмжлэг” гэж заасныг “Гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгийг Монгол Улсад хөрөнгө оруулалт хийснийг үндэслэн олгоно” гэж өөрчлөх санаачилга гаргасан юм.

Сүүлийн энэхүү заалт олны анхаарлыг татаж, шуугиан тариад буйг бид мэднэ. Хуулийн 12.1.5-д “…байнга оршин суух зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох” гэсэн заалтыг нэмэлт, өөрчлөлтөөр болиулжээ. Ингэснээр хөрөнгө оруулагч түр оршин суух л зөвшөөрөл авах хуулийн заалтыг хэрэгжүүлнэ. Манай улс гадаадын иргэнд гурван жил түр оршин суух виз олгодог хуультай. Харин ч гадаадын иргэн бага хэмжээний хөрөнгө оруулаад, байнга оршин суух зөвшөөрөл авахыг болиулсан нэмэлт, өөрчлөлт биш үү.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар гадаадын иргэн, аж ахуйн нэгж ямар нэг босго дүнгүйгээр хөрөнгө оруулах нь. Хэрэв өөрөө болон гэр бүлийн гишүүний хамт Монгол Улсад амьдрах хүсэлт гаргавал 50 мянган ам.доллароос дээш хөрөнгө оруулсан байх шалгуурыг хангах ёстой юм байна. Шалгуур хангасан тохиолдолд Монголд түр оршин суух виз өгөх аж. Монголчууд 150 сая төгрөгөөр хоёр өрөө орон сууц худалдан авсан гадаадын иргэн бүрт оршин суух зөвшөөрөл өгөх нь гэж шүүмжилж буй. Үл хөдлөх хөрөнгө худалдаж авах эрх эдлэх, бизнест хөрөнгө оруулах хоёр тэс ондоо ойлголт гэдгийг энд дурдъя. Одоогоор манай улсад 50 мянган “ногоон”-ы хөрөнгө оруулаад байтугай 5000 ам.долларын зардал гаргаад, оршин суух зөвшөөрөл авах гадаадын иргэн алга. Бодит байдалд Монголд ирж, барилга барих хятад хүн олдохоо больсон гэдэг. Манайхан Хятадын компаниудаас өндөр цалин өгч чадахгүй байгаад учир нь бий. Ер нь улсынхаа уур амьсгал, эдийн засгийн орчин хэр таатай билээ гэдгийг бодолцох хэрэгтэй болов уу.

Гадаадын иргэн, харьяатын газраас өнөөдрийн байдлаар Монголд 123 улсын 16 111 иргэн түр болон байнгын оршин суух зөвшөөрөлтэйгөөр амьдарч буйг мэдээлэв. Тэдгээрийн 6239 нь хөдөлмөр эрхлэгч, 1834 нь хөрөнгө оруулагч, 1921 нь цагаач, 476 нь суралцагч, 4293 нь гэр бүлтэйгээ амьдарч буй иргэн, 351 албан хэргийн ажилтан, 402 түр ирэгч аж. Монголд оршин сууж буй хөрөнгө оруулагчийн тоо цөөхөн юм. Гадаадын хөрөнгө оруулалт татвал Монголын эдийн засаг тэлэх нь дамжиггүй. Хөрөнгө оруулалт татахын тулд оруулсан мөнгөнийхөө өгөөжийг өсгөх зорилгоор Монголд амьдрах зөвшөөрөлд уян хатан хандах хэрэгтэй. Гадаадын 100 мянган иргэн Монголд амьдрахад үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхгүй болов уу. Энэ нь хүн амын таван хувьд ч хүрэхгүй тоо юм.

Монгол Улс 1990-2004 онд 1.1 тэрбум ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан. Тэгвэл 2005 оноос хойш жилд 300 сая ам.доллароос дээш хөрөнгө татаж эхэлжээ. Манай улсад гадаадынхан 2011 онд 5.7, 2012 онд 5.2, 2013 онд 3.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Энэ үед эдийн засаг өндөр дүнгээр өссөн юм. Гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэхэд эдийн засаг өсөж, багасахад буурсан муруйг харах боломжтой. Тэгэхээр манайх шиг жижиг эдийн засагтай орон хөрөнгө оруулагчдыг найр тавин угтах ёстой.

Манай улсад гадаадынхан 1990 оноос хойш 35.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулжээ. Үүний 72 хувь нь уул уурхай, 11 нь бөөний болон жижиглэн худалдаа, автомашин, мотоциклын засвар, дөрөв нь санхүү болон даатгал, тус бүр гурав нь үйлчилгээ, барилгын салбарт ногдсон байна. Бусад салбарт долоон хувь нь ногдсон аж. Нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 40 хувь нь “Оюутолгой” төсөлд хамаатай. Нэг төсөл, нэг салбар гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнхийг эзэлж байгаа биз. Энэ нь бусад салбарт гадаадын хөрөнгө татах шаардлагатайг харуулж буй хэрэг. Бусад салбарт хөрөнгө оруулалт татахын тулд бодлогоор дэмжих хэрэгтэй. Монголд гэр бүлээрээ амьдарч бизнес хийх зөвшөөрлийг өндөр босгогүйгээр олгох шаардлагатай.

Хөрөнгө оруулалтын тухай хуульд зөвхөн УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар санаа тавьсангүй. Засгийн газраас УИХ-ын энэ намрын чуулганы хугацаанд багтаж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцүүлэхээр ажлын хэсэг байгуулжээ. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын орчин, бусад улсын жишгийн талаар хийсэн судалгаагаа хуулийн шинэчилсэн найруулгад тусгах юм байна. Зарчмын олон өөрчлөлт оруулах учраас шинэчилсэн найруулга гэх болов уу гэж Үндэсний хөгжлийн газрынхан ярив. Манай улс уул уурхай, бүтээлч үйлдвэрлэл, аялал жуулчлал, дэд бүтэц, хөдөө аж ахуй, мэдээллийн технологийн салбарыг гадаадын хөрөнгө оруулалт татах тэргүүлэх салбар гэж тодорхойлсон. Тэгэхээр шинэ хуульд тэргүүлэх салбарт хөрөнгө оруулж буй гадаадын иргэнийг дэмжих зохицуулалт тусгах юм байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалт татахыг хориглох, хэмжээг нь хязгаарлах салбарынхаа жагсаалтыг гаргах нь. Энэ нь нэг талаар монголчуудынхаа бизнес эрхлэх зах зээлийг гадаадынхнаас хамгаалж буй зохицуулалт. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулалт татах, татаж болохгүй салбарыг ялгах нь. Оруулсан хөрөнгийнх нь хэмжээгээр үзүүлэх дэмжлэгийг нь тодорхойлох гэх мэт зарчмын өөрчлөлт оруулах гэнэ.

Дэлхийн бүх орон хөрөнгө оруулалтын төлөө өрсөлддөг. Таатай нөхцөл санал болгох, татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх нь хөрөнгө оруулагчийг татах арга юм. АНУ дэлхийн хамгийн том хөрөнгө оруулагч гүрэн. Мөн хамгийн их хөрөнгө оруулалт татдаг орон. АНУ хүртэл хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөж, мөнгөтэй хүмүүст найр тавьж байна. Бид тэгвэл яах вэ. Хөрөнгө оруулагчдад хаалгаа нээх үү, эсвэл хаачихаад эдийн засаг өсөхгүй байна гэж хашхирах уу. Хөрөнгө оруулагчдад дургүй монгол занг хэзээ засах вэ. Зөв өөрчлөлтийг зөрүүлж эсэргүүцэх нь хэнд ашигтай вэ. Засгийн газраас зарчмын өөрчлөлт хийхэд нь бас л эсэргүүцэх үү.

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.