Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Энхболд: Нөөцөд 1.7 сая тун Pfizer, 890 мянган тун Vero Cell вакцин бий

УИХ-ын чуулганы пүрэв гарагийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийг танилцууллаа. Тэрбээр “Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны 21 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг эргэн төлөх хугацаа 15 жил. Үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа гурван жил, хөнгөлөлтийн түвшин 27.9 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсан хураамж 0.25 хувь, зээлийн хэлэлцээр нь заавал соёрхон батлах гэрээ юм” гэдгийг хэлэв. 

Энэ үеэр гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 

-Нэг жилийн хугацаанд авсан зээл нэг тэрбум гаруй доллар болж байгаа. Ямар хэмжээний вакцин авахаар тооцоолж байна вэ. Тэр мөнгө нь байгаа юу, дахиад зээл авах уу. Эмийн компаниудыг тодорхой болгомоор байна. Ард түмнээ биш мөнгө л бодож байна. КОВИД-19-өөр өвдлөө гэхэд эмийн асуудал тодорхой биш байна.  

Эрүүл мэндийн сайд С.Энхболд

-Вакцины төлөвлөлтийг эрүүл мэндийн яам мэргэжлийн байгууллагууд хамтран гаргадаг. Хоёр тун вакцин хийхэд дөрвөн сая нэг зуун гучин мянган тун шаардлагатай. 17 наснаас доош 1.3 сая хүүхэд байдаг. Өнөөдрийн байдлаар 7.3 сая тун вакцины татан авалт хийсэн. Нөөцөд 1.7  сая тун Pfizer вакцин, 890 мянган тун Vero Cell вакцин байгаа. Журмын дагуу шаардлага хангасан вакцины агуулахад хадгалж байна. Эмийн хувьд өөрийн улсын эмнэлзүйн багаар давхар хэлэлцүүлж оношилгоо эмчилгээний удирдамжаа гаргадаг. Гуравдугаар тунгийн дархлаажуулалтыг эрчимтэй явуулна. Дөрөвдүгээр улиралд ирэх нэг сая гаруй тун вакциныг ирэх оны нэгдүгээр улиралд хүлээн авах хүсэлтээ өгөөд байна. 

УИХ-ын гишүүн Г.Ганболд 

-Бүгд өвдөж байж, цар тахлаас салах юм шиг байна. Гадуур өвдөөд, эмийн сангаас түргэвчилсэн тест аваад өөрсдийгөө эмчилж байгаа хүмүүс олон бий. Яамнаас бодит тоог хэзээ гаргах вэ? Хэчнээн хүн өвчилж байж сүргийн дархлаа тогтох вэ? Дархлаа тогтоох хувь хэмжээгээр хамгийн үр дүнтэй вакцин нь аль нь вэ. Зээлээр хамгийн үр дүнтэй вакциныг авах уу? Хөнгөлөлттэй, урт хугацаатай, хүү багатай гэсэн нэрээр зээл авахаа болих цаг болжээ. Цаашид анхаармаар байна.  

Эрүүл мэндийн сайд С.Энхболд 

-Манай улс ДЭМБ-ын яаралтай журмаар батлагдсан вакцинуудыг хэрэглэж байгаа. Тариулж байгаа дөрвөн төрлийн вакцины хувь нь 75-94 хувь гээд харилцан адилгүй. 75 хувийн үр дүнтэй вакцин гэдэг нь 100 хүн тариуллаа гэхэд 25 хүн нь халдвар авах эрсдэлтэй гэсэн үг. Бүх хүн өвдөж байж цар тахал намдана гэж ярьж болохгүй байх. Цаашид ямар төрлийн вирус орж ирэхийг хэн ч таашгүй. Манай улс олон улсын стандартын шаардлага хангасан вакцины агуулахтай” гэв. 

Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг

-Манай улсад хэрэглэгдэж байгаа вакцинуудад дархлаа тогтоцын судалгаа хийж байгаа. Вакцины хувьд үр дүнтэй, үр дүнгүй гэсэн зүйл байхгүй. Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хийгдсэн судалгаагаар манай улсад хэрэглэгдэж буй дөрвөн төрлийн вакцин тариулснаар бүх тохиолдолд эсрэг бие үүссэн. Тэгэхээр дархлаа өдөөж байгаа процесс бүх вакцин дээр адилхан үүсэж байгаа. Гуравдугаар тунд хамрагдсан 350 мянган иргэний хоёр орчим хувь нь халдварт өртсөн. 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан 

-1,424 хүн өнөөдрийн байдлаар цар тахлаар амь насаа алдлаа. Энэ тоо хэр үнэн бодитой вэ? Цар тахал эрүүл мэндийн суурь өвчнийг хүндрүүлж байгаа гэдэг нь тодорхой харагдаж байна. КОВИД-19-өөс болж эцэг эхээ алдсан бага насны хүүхдүүдийн тоог хаанаас авч болох вэ. Гуравдугаар тунд хамрагдалт улсын хэмжээнд хангалтгүй байгаа. Гэтэл бид зээл авах талаар ярьж байна. Ард түмний дунд байтугай УИХ-ын гишүүдийн дунд цар тахлын талаар зөрүүтэй ойлголт байна. Эхлээд тайлангаа тавиад дараа нь зээлийн асуудлаа ярьсан бол болох байлаа. Эрүүл мэндийн салбарт удирдлагын менежмент дутагдалтай байна уу. Иргэд суурь өвчнөөс болоод нас барж байгаа юм бол Эрүүл мэндийн яамнаас иргэдийн дархлааг дэмжих тухайд юу хийж байгаа вэ? 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд 

-1,424 хүн нас барсан гэдэг нь бодит тоо. Нас барсан хүмүүст судалгаа хийсэн. Үүний 85.6 хувь нь архаг суурь өвчтэй, таргалалттай гээд ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаантай үмүүс байна. Амьсгал дутагдлын шинжүүдээр хүндэрч нас барсан. Ялангуяа зүрх судасны өвчтэй хүмүүс илүү их хүндэрч байна. Гурав дахь тунгийн вакцинжуулалтын хувьд мэдээллийг олон нийтийн сүлжээгээр идэвхтэй явуулж байгаа. Иргэд вакциндаа идэвхгүй хамрагдаж байна. Өмнө нь худалдаж авсан вакцины зээлийн асуудал өнөөдөр яригдаж байгаа. 

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд

-Нийт нас барж байгаа хүмүүсийн 77 хувь нь архаг суурь өвчтэй, 27.3 орчим хувь нь КОВИД-19-ийн шалтгаанаар нас барж байна. PCR шинжилгээний хувьд мэдээлэл үнэн зөв бөгөөд цахимжсан” гэв. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.