Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хятадын хямрал Монголын мега төслийг “хөдөлгөх” үү

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа нэг сарын өмнө БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг урьж уулзсан. Энэ үеэр “Эрдэнэс Монгол” компанийнхан уул уурхайн салбарын хөгжил, хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй ажлуудаа Элчин сайдад танилцуулсан юм. Үүнээс гадна Хятад улс руу эрчим хүч экспортлох 5280 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих “Шивээ энержи”, “Шивээ-Овоо”-гийн уурхайг түшиглэн барих 200 МВт-ын цахилгаан станцын төслийн явцын талаар түүнд дуулгасан байна. Мөн “Багануур”, “Шивээ-Овоо” хувьцаат компанийн эрчим хүчний нүүрсийг БНХАУ-д экспортлох, эзэмшиж буй ордын нөөцийг нэмэгдүүлэх геологи хайгуулын төсөл хэрэгжүүлэхэд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэн, дэмжиж ажиллахыг Элчин сайдаас хүсжээ. Эх сурвалжийн мэдээлснээр эл уулзалтаар хөндөж ярьсан гол сэдэв нь өмнөд хөршид эрчим хүч экспортлох “Шивээ энержи” цогцолбор төсөл байжээ.

Хоёр талын уулзалтын дараахан буюу есдүгээр сарын сүүлчээр Хятад улс эрчим хүчний хямралтай нүүр туллаа. Цаг хугацааны давхцалаас Хятадын Элчин сайд “Эрдэнэс Монгол”-ын урилгыг хүлээн авсан нь санамсаргүй тохиолдол биш байжээ гэж дүгнэж болно. Тодруулбал, өмнөд хөршид үүсэх нөхцөлийг мэдэрч, төлөвлөсөн уулзалт байсан гэж хэлэх гэсэн хэрэг. Хятад улс эрчим хүчний хямралд орсонтой холбоотойгоор олон жил ярилцаж, тооцоо судалгаа хийсэн “Шивээ энержи” цогцолбор төсөл хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх шиг боллоо. Шивээ-Овоогийн хүрэн нүүрсний ордыг түшиглэн өндөр хүчин чадалтай цахилгаан станц барьж, БНХАУ руу эрчим хүч экспортлох төсөл хэрэгжүүлэх санаачилгыг 2005 онд гаргасан. Улмаар 4500 МВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барих судалгаа хийж эхэлсэн ч 2010 онд зогсонги байдалд орсон юм. Харин уг санаачилгыг хэрэгжүүлэхээр “Эрдэнэс Монгол” компани өмнөд хөршийн нэр хүнд бүхий “Grid state” корпорацтай 2015 оноос хамтран ажиллаж эхэлснээр төслийн явц урагшилж, техник, эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулсан билээ.

БНХАУ-д эрчим хүчний хямрал хэрхэн өрнөж буйг олон улсын хэвлэлүүд мэдээлснийг та анзаарсан биз. Өмнөд хөршийн эрчим хүчний үйлдвэрлэл өсөн нэмэгдэж буй хэрэглээгээ хангаж чадахгүйд хүрчээ. Ялангуяа Хятадын зүүн хойд нутаг эрчим хүчний хямралд гүнзгий нэрвэгдсэн байна. Тус бүс нутгийн Ляонин мужийн засаг, захиргааны төв Шэньян хот авто замын гэрлэн дохиогоо хүртэл унтраасан аж. Хотын удирдлага нийтээрээ эрчим хүчгүй болсноос ингэсэн нь дээр гэж үзсэн гэнэ. Улмаар зүүн хойд бүс нутгийнхаа иргэдэд 07.00-22.00 цагийн хооронд цахилгааны хэрэглээгээ танахыг уриалжээ. Мөн тэднийх ОХУ-аас эрчим хүч импортлох санал тавьсан байна. Тус улсад байсхийгээд цахилгааны хязгаарлалт хийснээр зарим үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоож, худалдааны төвүүд эрт хааж байгаа аж. Шинжээчид БНХАУ дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд голлон нөлөөлж байгаа нүүрстөрөгчийн давхар ислээ бууруулах амлалтаа биелүүлэхээр цахилгаан үйлдвэрлэхэд ашигладаг нүүрсний олон уурхайгаа хааснаас хямралд орсон гэж дүгнэв. Нүүрстөрөгчийн давхар ислийг хүлэмжийн хий гэж энгийнээр нэрлэдгийг энд дурдъя.

Өмнөд хөрш эрчим хүчний хэрэглээнийхээ дөрөвний гурвыг нүүрсний цахилгаан станцаар үйлдвэрлэдэг. Өнгөрсөн жил тус улс дөрвөн тэрбум орчим тонн нүүрс олборлож цахилгаан эрчим хүч үйлдвэрлэжээ. Ингэснээр дэлхийн хүлэмжийн хийн 80 хувийг ялгаруулсан байна. Хятадын дарга Си Зиньпин 2030 он гэхэд хүлэмжийн хэмжээгээ 65 хувиар бууруулна гэсэн амлалтыг дэлхий нийтэд өгсөн. Амлалтаа биелүүлэхээр цөмийн реактор, усан цахилгаан станц барьж, нар, салхины сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжиж буй. Гэвч цөмийн реактор, усан цахилгаан станцынх нь үйлдвэрлэл эхлэх хугацаа хойшилж, нар, салхины эрчим хүчний станцуудынх нь үйл ажиллагаа тогтворгүй байгаагийн улмаас зорилтоосоо ухрахад хүрчээ. Сая үүссэн хямралыг даван туулахаар хятадууд ӨМӨЗО-ы Ордос дахь, хаагаад байсан 200 орчим нүүрсний уурхайн үйл ажиллагааг дахин сэргээсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, тэд зорилтоосоо ухарч байна. Цөмийн реактор барьж, сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхээс гадна тус улсын хүлэмжийн хийг бууруулах зорилтдоо хүрэх нэг арга нь эрчим хүч импортлох юм.

Хятадууд эрчим хүч импортлох хэрэгцээндээ нийцүүлж, “Шивээ энержи” цогцолбор төслийг манайхтай хамтран хэрэгжүүлэх гэж буй. Өмнөд хөршийн “Grid state” корпорац Монголын нүүрсний баялаг нөөцтэй Шивээ-Овоогийн ордыг түшиглэн хөрөнгө оруулж өндөр хүчин чадалтай цахилгаан станц барина. Үйлдвэрлэсэн эрчим хүч дамжуулах шугамаар шууд өөрийн улс руу нийлүүлнэ. Харин ялгаруулсан хүлэмжийн хэмжээ нь Хятадад биш, Монгол Улсын үзүүлэлт дээр нэмэгдэнэ.

Дээр дурдсан уулзалтын үеэр Элчин сайд Цай Вэньруй “Эрчим хүчний экспортын 5280 МВт-ын цахилгаан станцын төсөлд БНХАУ-ын туршлагатай, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн томоохон компани хамтран ажиллаж байгаа учир цаашид Монгол Улсын эрчим хүчний болон нүүрсний салбарыг хөгжүүлэх, бизнесийн хамтын ажиллагааны шинэ боломж нээгдэнэ гэж итгэж байна. Хоёр орны хамтран хэрэгжүүлэх томоохон төслүүдийн тухайд БНХАУ-ын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөнд багтсан байх нь чухал” хэмээжээ.
“Шивээ энержи” цогцолбор төсөл Хятад улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх 14 дүгээр таван жилийн төлөвлөгөөнд багтсан аж. Эл бичиг баримтад ерөнхий байдлаар тусгадаг гэнэ. Харин тус улсын эрчим хүчний төлөвлөгөөний “Цагаан ном”-доо төслийг хэрэгжүүлэх, санхүүжилт, хугацаа зэргийг нарийвчлан тусгадаг юм байна. “Цагаан ном”-д оруулсан төслийг тус улс заавал хэрэгжүүлдгийг эх сурвалж дуулгалаа. Одоогоор “Цагаан ном”-д тусгах, эсэх нь тодорхойгүй байгаа гэнэ. Уг төсөл БНХАУ-ын төрийн баримт бичгүүдэд ийнхүү тусгалаа олж байгаа бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн зургаан жил хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрт багтсан. Өөрөөр хэлбэл, манай талаас Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэмжээнд дэмжлэгтэй гэсэн үг. Хятадууд хүсвэл монголчууд бэлэн байгаа юм санж.

БНХАУ ялгаруулах хүлэмжийн хийгээ бууруулж байхад манайд яагаад нэмэх гээд байна вэ гэсэн асуулт ургана. Манай улс маш бага хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг. Нийт ялгаруулж буй хүлэмжийн хийн 0.1 хувьд ч хүрдэггүй. Тиймээс манайх нүүрсний цахилгаан станц хэд хэдийг барихад хүлээн зөвшөөрөх хязгаарыг давахгүй. Нөгөөтээгүүр, манай улс 160 тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцтэй. Арвин баялгаа экспортолж, эдийн засгаа тэтгэх хүсэл монголчуудад бий. Эрчим хүч экспортлох нь нүүрсээ нийлүүлж буйтай агаар нэг юм. Тухайлбал, 5280 МВт-ын цахилгаан станц барихаар зэхэж буй Шивээ-Овоогийн орд 2.7 тонн нүүрсний таамаг нөөцтэй.

“Шивээ энержи” цогцолбор төслийг хятадууд 7.1 тэрбум ам.долларын хөрөнгөөр барина гэж тооцсон. Цахилгаан станц барихад 3.8, нүүрсний уурхайг хөгжүүлэхэд 1.4, усан хангамжаа шийдэхэд 0.3, дамжуулах шугам татахад 1.6 тэрбум ам.доллар зарцуулах юм байна. Төслийн санхүүжилтийн 80 хувийг “Bank of China”-гаас жилийн 4.4 хувийн хүүтэй зээлэхээр төлөвлөжээ. Монголын талаас нэг ч төгрөг гарахгүй. Харин хөрөнгө оруулалтыг хятадууд бүрэн хариуцна. Өөрөөр хэлбэл, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай цахилгаан станц Монголд ажиллаж, эрчим хүч эскпортолно гэсэн үг. Харин Шивээ-Овоогийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Эрдэнэс Монгол”, “Эй Күю сора” компани жилд 21 сая тонн нүүрс олборлон цахилгаан станцад нийлүүлнэ. Нэг тонн нүүрсний үнэ 22.9 ам.доллар байх тооцоо гарсан. Өнөөгийн ханшаар нэг тонн нүүрсийг 65 мянган төгрөгөөр нийлүүлэх нь. Одоогоор “Багануур”, “Шивээ-Овоо” компани үүнээс хоёр дахин бага үнээр станцуудад нүүрсээ нийлүүлж буй.

Өмнөд хөршийн эрчим хүчний хэрэглээний хоёр хувийг үйлдвэрлэх энэ цахилгаан станцад 5000 хүн ажиллах агаад үүний 90 хувь нь монголчууд байх аж. Үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш улсын төсөвт жилд хоёр тэрбум ам.долларын орлого оруулах тооцоо гарчээ. “Шивээ энержи” цогцолбор төсөл эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай гэдэг нь маргаангүй.

3
Зөв, гоёЗөв, гоё
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

6 thoughts on “Хятадын хямрал Монголын мега төслийг “хөдөлгөх” үү

  • Даваасурэн says:

    Нуурсээр ажилладаг станц барихгуй гэж дарга нь хэлсэн. Энэ нь Шивээ овоод хамаатай.Улгэр дууссан.

  • Anonymous says:

    Ши Жин Пин нүүрс ухах, шатаах төсөлд мөнгө гаргахгүй гэсэн. Хүүк 1тэрбум модьамалдаг адил. Нөхцөл байдлыг ашиглах эсэх л

  • Anonymous says:

    Боломжээний төсөл байх шиг. Ард түмнийхээ ойлголцлыг нэг мөр болговол зүгээр.

  • Иргэн says:

    Түүний оронд нар салхины хүчээр эрчим хүч бий болгоод түүнийгээ Хятад руу экспортолбол сайн.
    Энэ төслийг гадаадын аль ч санхүүгийн байгууллага дэмжинэ.

  • Anonymous says:

    Нүүрсний станцад хөрөнгө оруулах хөрөнгө оруулагч олдоход нэн бэрх болсон шүү.

  • Anonymous says:

    Naad ajil chin ywahgui 10 Jil bolloo manaihan baisaar baital shi jinpin nuursnii stantsiin tosloos garchhlaa hudlaa bolj bgn bshu