Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Баавгай элбэгшсэн нь амьдрах орчны давхцалтай холбоотой”

Баавгай малчдын гэр, хот руу халдах, мал барих, суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол сүүлийн үед цөөнгүй гарав. Ялангуяа Ховд, Увс, Завхан, Хөвсгөл зэрэг баруун аймгийн сумуудад “майга бор” элбэг үзэгдэх болжээ. Энэ нь идэш тэжээл хомсодсонтой, тэр дундаа самар бага ургасантай холбоотой хэмээн иргэд таамаглаж буй. Харин мэргэжлийн байгууллагынхан ямар дүгнэлт, мэдээлэлтэй байгааг БОАЖЯ-ны дэргэдэх Зэрлэг амьтны эрсдэлийн хяналт тавих ажлын хэсгийн гишүүн С.Дамдинсүрэнгээс тодруулахад “Баавгай холимог идэштэй амьтан. Ичээндээ орохоосоо өмнө тарга тэвээргээ сайн аваагүйгээс, мөн махсаагаа гаргах зорилгоор мал барьдаг. Өмнөх жилүүдэд ч ийм тохиолдол олон давтагдсан. Үүнд нөлөөлдөг гол хүчин зүйл нь баавгайн амьдрах орчин шахагдсантай холбоотой. Орон нутгийн иргэд, малчид зэрлэг амьтны ичиж, идээшдэг газарт хэт ойртож, өвөлжиж, намарждаг болсон. Уул уурхай, аялал жуулчлалын үйл ажиллагаа ч нөлөөлдөг. БОАЖЯ-ны дэргэд байгуулсан энэхүү ажлын хэсэгт “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг”, “Амьтан асралт” гэсэн мэргэжлийн хоёр байгууллага багтдаг. Тиймээс баавгайтай холбоотой дуудлага, мэдээлэл манай байгууллагуудад нэн түрүүнд ирдэг. Есдүгээр сараас хойш цөөнгүй дуудлага хүлээн авч, зөвлөмж, чиглэл өгч ажиллалаа. Одоогийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумд нэгэн малчных баавгайнаас болоод (ойрхон буй) өвөлжөөндөө бууж чадахгүйд хүрээд байна. Орон нутгийн холбогдох хүмүүс газар дээр нь ажиллахаар явсан. Мөн Ховд аймгийн Дөргөн сумд очсон баавгайг зөөвөрлөж, Хөвсгөлийн Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газарт зохиомлоор ичээх туршилт хийх гэж байна. Увсын Цагаанхайрханд баавгайн халдлагад өртсөн айлыг тухайн бүсээс нүүлгэн шилжүүллээ. Увс, Завханы малчдыг сандаргаад буй баавгай Тува, Монголын хил дагуух Тагнын нуруунаас ирсэн байж болзошгүй” гэв.

Бэлтгэсэн Ж.Сувд

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.