Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сүүлийн 5 жилд 1400 гаруй хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон

Охидын эрхийг хамгаалах олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Уг өдрийг тохиолдуулан охидын эрх зөрчигдөж буй асуудлаар хуульчид зарим ТББ-аас мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Хүчирхийлэлд өртсөн хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах нийгэмлэг холбоо ТББ-аас УИХ-ын дарга Г.Занданшатарт зарим хуульд өөрчлөлт оруулах саналыг хүргүүлсэн юм.

Хуульч Р.Булгамаа энэхүү хуралд оролцож, байр сууриа илэрхийлсэн юм. Тэрбээр “Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хүүхэд гэмт хэргийн хохирогч болох тохиолдол маш олон болсон. Ялангуяа охидын эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, тэр дундаа бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг анхаарал татах болжээ. Өдрөөс өдөрт аймшигтай, анхаарал татсан гэмт хэргүүд дараалан гарах боллоо. Ноцтой гэмт хэрэг гарах бүрд бид нийгмээрээ шуугиад л хэсэг хугацааны дараа мартчихдаг дүр төрх нийтлэг болж байгаад цэг тавих цаг ирсэн. Өнөөдөр хүүхдийн эсрэг үйлдэгдсэн бэлгийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг анхаарч, үүнээс урьдчилан сэргийлэхэд төрийн болон мэргэжлийн байгууллагууд оновчтой шийдэл гаргаж чадахгүй байна. Хүүхэд бол бидний ирээдүй. Тиймээс бид энэ асуудлыг нийгмээрээ анхаарч, гэмт хэргийн хохирогч болсон охидын сэтгэл зүйн эмгэгийг эмчлэх, нийгэмших, нэр төрөө хамгаалахад нь чиглэсэн оновчтой төрийн бодлого яаралтай шаардлагатай. Хүчирхийлэлд өртсөн охид амь нас, эрүүл мэндээрээ хохирч, ирээдүйд итгэх итгэлээ алдаж байна. Бараг л өдөр бүр бидний энхрийлэн ургуулсан цэцэг шиг охид бусдын гарт, бусдын эрхшээлд автан бие махбод, сэтгэл санаагаараа хохирч байгааг бид зүгээр харсаар л, хүлээн зөвшөөрсөөр байж болохгүй” гэв.

Тоо баримт дурдахад,

–      2017 онд 137 охин

–      2018 онд 309 охин

–      2019 онд 350 охин

–      2020 онд 328 охин

–      2021 оны эхний найман сарын байдлаар 228 охин бэлгийн халдашгүй дархан байдлын эсрэг гэмт хэргийн хохирогч болжээ.

Өөрөөр хэлбэл, сүүлийн тавхан жилийн хугацаанд 1400 гаруй хүүхэд дээрх аймшигт гэмт хэргийн хохирогч болжээ.

Харин иргэд энэ асуудлыг ихэнхдээ “Миний ойр, тойронд ийм асуудал гараагүй” гэж хардаг. Нөгөө талаар хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт хууль, хяналтын байгууллагаас зөвхөн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцлага хүлээлгэдэг. Хохирогч охид өөрсдөө сэтгэл зүйч олж уулзах зэргээр ийм гэмт хэргийн хохирогч болсныхоо хор уршгийг даван туулах гэж хичээдэг аж. Тиймээс бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон охидыг гэмт хэрэг шийдвэрлэгдэж дуустал төрийн хамгаалалтад авдаг байх зохицуулалт Монголд үгүйлэгдэж байгааг хэвлэлийн бага хурлыг үеэр онцолсон.

Мөн хүүхдийн эрхийн хамгааллын чиглэлд Хүүхдийн байцаагчийн орон тоог би болговол хүүхдийн эсрэг гэмт хэргийн тоо буурна гэж мэдээлж байсан. Гэвч өнөөдөр ЦЕГ-т 150 гаруй Хүүхдийн байцаагч ажиллаж байгаа ч зүгээр л хэрэг бүртгэл нээгээд сандал дээрээ суудаг албан тушаалтны тоо нэгээр нэмэгдсэнийг хуралд оролцогчид шүүмжилсэн. Үүнээс гадна “Хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол торгууль төлнө” гэсэн санкц одоо болтол Эрүүгийн хуульд бий гэнэ.

Тиймээс ТББ-ын төлөөллүүд

–      Хүүхдийн бэлгийн халдашгүй байдлын эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах

–      2015 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар баталсан 12.5 дугаар зүйл заалтын өөрчлөх саналыг УИХ-д хүргүүлэхээр болжээ.

Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар баталсан 12.5 дугаар зүйл нь хүүхдийн бэлгийн халдашгүй байдлыг хамгаалахад ухралт хийсэн хуулийн зохицуулалт гэдгийг тэд давтан хэлсэн. Улмаар эл заалтын дагуу хүчиндэгч этгээд ял завшдаг аж. Тиймээс хуулийн эл зүйл заалтыг даруй хүчингүй болгож өгөхийг УИХ-ын гишүүд, тэр дундаа эмэгтэй гишүүдээс хүслээ.

Хэвлэлийн бага хуралд оролцсон аавуудын төлөөлөл ийн ярилаа.

Тэд “Бидний нийгэм үнэхээр ичмээр болчихоод байна. УИХ-ын зарим эмэгтэй гишүүн Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлд өөрчлөлт оруулахыг санаачлаад явж байна. Гэтэл бодит байдал дээр тэд хамгийн түрүүнд ирээдүйн бяцхан үрсийнхээ төлөө хууль санаачлах ёстой юм. Эрүүгийн хуульд байгаа тийм бусармаг зүйл заалтыг УИХ-ын гишүүд өөрчлөх ёстой. Тийм зүйл заалтыг ямар ч эрх мэдэлтэн гаргаж болохгүй. Тэр бол гэмт хэрэг. Манай улсад хүүхдийг хүн болгох талаас нь анхаарсан төрийн бодлого байхгүй байна” гэв.

Уран бүтээлчид ч нэгдэж  охидын эрхийг хамгаалахаа илэрхийлэв.

Нандин нас киноны найруулагч Ж.Буянтөгс

 “Би сүүлийн 10 гаруй жил хүүхдэд зориулсан уран бүтээлээр дагнан ажиллаж байна. Энэ хугацаанд хүүхдүүд гэмт хэрэгт өртөж байгаа мэдээллийг сошиал орчинд олон харсан. Би ялгаагүй эх хүний хувьд ийм зүйлийг сонсоод үнэхээр сэтгэл эмзэглэж явдаг.

Үүнийгээ уран бүтээлээрээ дамжуулж “Нандин нас” 35 ангит кино хийсэн. Уг уран бүтээлдээ нийт 500 гаруй хүүхдийг оролцуулсан. Киногоороо бид хүүхдүүдэд зөв үлгэр дуурайлал үзүүлэх нөлөөллийн ажлууд чухал болохыг илэрхийлсэн.

Охидын эрхийг хамгаалах энэ өдөр уран бүтээлч хүний хувьд, охид минь өөрсдөө эрхээ хамгаалах нь нэн тэргүүнд чухал гэдгийг хэлмээр байна. Зөв найзаа сонгон нөхөрлөх зэргээр зүрх сэтгэлийн боловсролтой байхыг уриалж байна. Харин эцэг, эхчүүд хүүхэдтэйгээ ярилцдаг байгаасай” хэмээн ярив.

Нарны охид төслийн төлөөлөл

 “Манай төсөл үндэсний хэмжээний өсвөр насны охидын хөгжил, боловсролд анхаарч, сургалтын арга хэмжээ явуулдаг. Дөрвөн жилийн хугацаанд манай төсөлд 4000-5000 охин хамрагдсан. Манай улсын ЕБС-уудад 2018 оноос хойш Эрүүл мэндийн хичээл эргэн орж эхэлсэн ч уг хичээлээр нөхөн үржихүйн эрүүл мэндийн хичээл нь хангалттай биш байна.

Үүний нэгэн жишээ нь манай төсөлд хамрагдсан охид өсвөр нас гэдгээ ч мэдэхгүй байна. Тэдний ихэнх нь 15-16 гэж хариулдаг. Гэтэл ДЭМБ, НҮБ-аас 10-19 насны охидыг өсвөр насны охид гэж албан ёсоор тодорхойлсон байдаг. Ядаж ийм зүйлийг нь ТББ ярих биш, Эрүүл мэндийн хичээлээр нь мэдлэг болгож орсон байх хэрэгтэй. Өсвөр насанд биед нь ямар өөрчлөлт явагддаг вэ гэдгээ тэд ерөнхий боловсролын хичээлээрээ мэдэж авах хэрэгтэй” гэсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.