Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цалингаа бууруулж л зардлаа хэмнэнэ гэв

Баянгол дүүргийн XVIII, XIX хороо, бидний нэрлэж заншсанаар III, IV хороололд уржигдар 20.00-00.00 цагт хөл хөдөлгөөн их байв. Нийслэлд найман салбар бүхий сүлжээ ресторан руу 20.30 цагт орвол угтагч бүсгүй нь “Манайх 21.30 цаг гэхэд хаалгаа барина, хоол захиалах боломжгүй, уух юм авах уу” гэв. Нийслэлийн онцгой комиссоос үйлчилгээний байгууллагуудыг энэ сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл 22.00 цагт хаах шийдвэр гаргасантай холбоотойгоор ийнхүү эрт үүдээ барьж буй аж. Тус рестораны менежерээс ажиллах цагийг нь богиносгоход орлогод нь хэрхэн нөлөөлж буйг лавлахад “Зоогийн газрууд 00.00 цагаас хааж байсан бол 22.00 цагт хаалгаа барьснаар өдрийн орлогынхоо бараг гуравны нэгийг алддаг гэхэд болно. Хүмүүс ажлаа тарсан хойно, аль болох оройн цагаар зоогийн газар, бар, караокегоор үйлчлүүлэх сонирхолтой. Ер нь 18.00 цагт ажлаа тарцгаан 20.00 цагийн үед үйлчилгээний байгууллагад орж ирээд, хоёр цаг суугаад гарахдаа дургүй. “Тэр цагдаагаа дууд, бид тухалмаар байна” гэж уурлах нь ч бий. Мөн цаг хязгаарлахад орлого багасан, улмаар зардлаа танах хэрэгтэй учраас ажилчдынхаа цалинг ч энэ сард, ажилласан цагаас нь шалтгаалан 10-20 хувиар хасаж магадгүй гэдгээ “толгой” компаниас сануулсан. Манай найман салбарт 150 гаруй хүн ажилладаг” гэлээ. Түүнчлэн зоогийн газруудаас 22.00 цагт “хөөгдөөд” гарсан улс тарж явахгүй, зочид буудалд орж үргэлжлүүлэн согтууруулах ундаа хэрэглэдэг талаар тэрбээр дурдсан. Үүнийг батлах мэт уушийн газ руудын үүдэнд олон хүн бужигнан, “Одоо хаачих вэ. Нэг арга бодооч” хэмээн ярилцаж байх нь сонсогдов. Рестораны үүдэнд бөөгнөрч зогссон 6-7 залуугаас зарим зүйл тодруулав.

-Уушийн газрууд 22.00 цагт хаадаг болчихож. Одоо онгорхой үйлчилгээний газар байгаа болов уу?

-Байлгаж болно шүү дээ. Та ийшээ яриарай (зөвхөн утасны дугаар бичсэн нэрийн хуудас маягийн цаас өгөв) I хороололд 03.00 хүртэл ажилладаг газар бий.

-Та нар I хороолол руу явах нь уу?

-Үгүй ээ, энд ойрхон зочид буудал орно, бид нэг өрөөнд орох гэхээр олдоод, хоёр өрөө авах мөнгө муутай байна гэж хариулав. Нэрийн хуудсан дахь дугаар луу залган, хэд хүртэл ажиллах, ямар газар гэдгийг тодруулахад, “03.00 цаг хүртэл онгойх паб байна, дөхөж ирээд залгаарай, тосоод авъя” гэсэн юм.

Дээрх дүүргийн XIV хороонд байрлалтай “М” караоке 22.00 цагаас хааж буй учраас 21.30-аас хойш үйлчлүүлэгч хүлээн авахгүй гээд, үүднээсээ дотогш оруулсангүй. Үйлчилгээний газруудын орлого, ашиг хэр байгааг сонирхож яваагаа хэлтэл эзэн нь “Манайх зургаан ам бүлтэй. Эхнэр жирэмсний амралттай тул ажиллахгүй байгаа. Орлогын ганц эх үүсвэр маань түрээсээр караоке ажиллуулах. Таван жилийн хугацаагаар энэ караокег ажиллуулах гэрээ хийн, тохижуулсан юм. Сард түрээсийн төлбөрт таван сая төгрөг төлдөг. Гэтэл караокены үйл ажиллагааг нэг жил орчим хязгаарлаад, энэ сарын 1-нээс эхлүүлсэн ч 22.00 цагаас хаах шаардлага тавилаа. Хэн өдөр ирж дуулах вэ. Манай хаар өнөөдөр, өчигдөр үйлчлүүлсэн хүмүүсийн нэр, регистрийн дугаар энэ байна, хар. Таван өрөөнд, нэг цагт 20 үйлчлүүлэгч хүлээн авах боломжтой атал хоёр өдөрт 32 хүн л иржээ. Иргэдийн ре гистр, утасны дугаарыг бичиж авах ч бас хэцүү. Хүний хувийн нууцад халдах гэлээ гэж загнадаг. Коронавирусийн тархалтыг хумих гэсэн хөл хорио, үйлчилгээний байгууллагуудын цагийг хязгаарлах зэргээ одоо болих хэрэгтэй. Жижиг бизнес эрхлэгчид, үйлчилгээний газар ажиллуулдаг бид дампуурч гүйцлээ” хэмээн өгүүлэв.

Харин Баянгол дүүргийн XIV хороонд байрлалтай, гурван давхар нэгэн зоогийн га зарт уржигдрын 22.00 цагт давхар бүрт нь 4-5 ширээнд үйлчлүүлэгч сууж байв. Хаах цаг нь болсон, эсэхийг лавлан байж орвол 23.30 цаг хүртэл захиалга авна, 00.00 гэхэд хаалгаа барина гэсэн юм. Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлж, 22.00 цагт хааж буй, эсэхийг нь лавлахад зөөгч нь “Манайх 23.30 цагт захиалгаа авч дуусан, нэмж үйлчлүүлэгч оруулахгүй байгаа. 00.00 цагт хаалгаа барьж буй, эзэд, менежер алга байна” гэлээ.

Коронавирусийн тархалтыг хязгаарлах зорилгоор Улсын болон нийслэлийн Онцгой комисоос олон арга хэмжээ авч буй. Зүй нь хүмүүсийн бөөгнөрлийг сааруулах, битүү орчинд олноор нь цуглуулахгүй байх үндсэн зарчимтай. Ийм зорилгоор иргэдийн хамгийн олноор үйлчлүүлдэг үзвэр, үйлчилгээний байгууллагын ажиллах цагт хязгаарлалт тавьсаар ирсэн. Гэтэл оройн цагаар үйлчилгээний 2-3 байгууллагаар ороход л нөхцөл байдал харилцан адил гүй байв. Дээр дурдсанчлан цагийн хязгаарлалтыг мөрдөн, 22.00 цагт хаахаар зэхэн, шинээр үйлчлүүлэгч хүлээн авахгүй нь байгаа бол 23.30 цаг хүртэл захиалга авна, ингэж л ажиллаж буй гэх рестораныхан ч тааралдав. Тэгвэл нийслэлийн Засаг даргын тамгын газраас ресторан, зоогийн газар, караоке аль нь ч 22.00 цагт хаах захирамж үйлчилж буйг дурдсан бөгөөд зарим нь цаг хэтрүүлсэн, эсэхийг мэдэхгүй гэв. Энэ талаар харьяа дүүргийнх нь мэргэжлийн хяналтын газар хяналт тавина, 23.30 цагаас хойш ажиллах ёсгүй гэв. Харин нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зарим үйлчилгээний байгууллага цаг хэтрүүлж ажиллаж буйд хяналт тавьж буй, эсэхийг нь тодруулахад “Дүүргүүдийн цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагууд 22.00 цагаас хойш хороодоор явж, шалгаж буй. Энд тэнд зөрчил гарч буйг үгүйсгэхгүй. Зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд холбог дох хариуцлагыг нь хүлээлгэнэ” гэв.

Түүнчлэн иргэд, залуусын хөл хөдөлгөөн 22.00 цагаас хойш ч огт тасрахгүй, бар, ресторан, уушийн газрууд хаамагц гадна талд нь цуг ларч, өөр хаана очиж “хөгжилдөх” талаар зөвшилцөж буй нь цөөнгүй аж. Үүнээс гадна 02.00-03.00 цаг хүртэл ажиллах цэнгээний газрууд олон болжээ. Зарим нь өндөр барилгын нэг давхрыг бүрэн эзэмшин, гаднаасаа гэрэлтэй байгаа нь харагдахгүй орчинд төвхнөсөн байв. Цахилгаан шатнаас буумагц тухайн үйлчилгээний төв рүү оруулж, шөнө дунд өнгөртөл иргэдэд үйлчилдэг нь ч бий юм билээ.

Хүнсий дэлгүүрүүдийн ажиллах цаг 08.00-00.00 байсныг 08.00-22.00 болгон өөрчилсөн. Ингэснээр орлого нь багассан талаар ярих хүн цөөнгүй байна. Чингэлтэй дүүргийн XIV хороонд найман нэрийн дэлгүүр ажиллуулдаг Т.Ганзориг “Манайх 00.00 хүртэл ажилладаг байсныг бараг жилийн өмнөөс болиулсан. 00.00 цагт хаахыг хоёрхон цагаар багасгахад орлогын ялгаа төдийлөн гарахгүй байх гэж бодох нь эндүүрэл. Үнэнийг хэлэхэд найман нэрийн дэлгүүрүүд согтууруулах ундаа, тамхины борлуулалтаас ихэнх ашгаа олдог. Эдгээрийг 21.00 цагаас хойш худалдан авах нь элбэг болдог юм. Оройтох тусам архи, шар айргийн эрэлт өсдөг. Цар тахлын энэ хүнд үед хууль журмаа дагая, иргэдэд согтууруулах ундаа худалдах цагийг богиносгоход буруу зүйлгүй гэж бодсон ч “шаг” газар авлаа. Тодруулбал, автомашиндаа олон шил, лаазтай архи, шар айраг нөөцлөөд, зах зээлийн ханшаас 2-3 дахин өндөр үнээр өдөр, шөнөгүй борлуулдаг “хөдөлгөөнт дэлгүүр”-тэй хүн олон болсон. Нэг үеэ бодоход өдгөө коронавирусээс айж эмээж буй хүн цөөрсөн янзтай. Иргэдийн өөрсдийн ухамсар, анхаарал, хандлагаас өвдөх, эсэх нь шалтгаалах гээд байна. Тиймээс үйлчилгээний байгууллагуудын цагийг хязгаарлахаа боливол зохино” гэсэн юм.

Хоол үйлдвэрлэл эрхэлдэг, хүнсний бүтээгдэхүүн зарж борлуулдаг үйлчилгээний цөөн байгууллагаар ороход ийм дүр зураг угтав. Тухайн газрын эзэд, ажилчид нь ажиллах цаг нь аль болох олон, үйлчлүүлэх хүн их байхыг эрмэлзэх нь зүй. Тэд 20.00 цагаас хойш өдрийн орлогынхоо бараг гуравны нэгийг олдог учраас арга ч үгүй биз. Түүнчлэн үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг богиносгоод нэмэр алга гэхэд болох нь. Иргэд ялангуяа залуус шөнийн цагаар цуглан, бөөгнөрсөн хэвээр, энд биш ч тэнд очиж хөгжилдөе хэмээн утас “цохиж” буй учраас тэр. Цаашилбал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагынханд мэдэгдэхгүй, цэнгээний газрын далд бизнес эрхлэх, “шаг”-аар согтууруулах ундаа зарах нөхцөл бүрдсэн нь анзаарагдлаа.

Үүнээс гадна үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг богиносгосноор ашиг нь буурч, улмаар зардлаа хэмнэх зорилгоор ажилчдынхаа цалинг багасгахаа дурдсан эзэд цөөнгүй. Коронавирусийн тархалтыг хумих зорилготой арга хэмжээний хамгийн их хохирогч нь жирийн ажилчид, дундаж давхаргынхан болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.