Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Тамирчдын цалин тэнгэрт тулна

NBA есөн жилийн хугацаатай 75 тэрбум ам.долларын үнэ бүхий телевизийн эрхийн шинэ гэрээ байгуулахаар төлөвлөж байна. Эл шинэ гэрээний үр дүнд лигийн төсөв жил бүр 8.3 тэрбумаар нэмэгдэх бөгөөд ингэснээр 2025 он гэхэд цалингийн дээд хэмжээ нэг улиралд 171 тэрбум болж өсөх юм. Өнгөрсөн улиралд цалин гийн хэмжээ 109.1 тэрбум байсан бол 2021-2022 онд 112.4 тэрбум болно гэдгийг ташрамд сануулъя. Энэ өндөр тоон дүн тоглогч, багийн эзэд, үзэгчдэд ямархуу учиртай болох талаар товч дурдъя.

СУПЕР ОДУУДАД 300 САЯЫГ ӨГӨХ ҮҮ

NBA телевизийн эрхийн өмнөх гэрээгээ 2014 онд ESPN, “Turner network televi­sion”-тэй байгуулж байв. Тухайн үед гэрээний үнийн дүн нь толгой эргэм их буюу есөн жилийн 24 тэрбум (2016-2017 оноос эхэлж) ам.доллар байлаа. Үүний ачаар лигийн цалингийн зардал үлэмж хэмжээгээр өсөж, тэр хэрээр тоглогчдын цалин нэмэгдсэн юм.

Харин удахгүй хэрэгжүүлж эхлэх шинэ гэрээ нь цалингийн зардлыг 170-171 сая болгоно. Үнэхээр итгэмээргүй. Өмнө нь ийм мөнгөөр лигийн багийг худалдаж авдаг байлаа. Цалингийн зардал ийн өссөнөөр баг тус бүр 16-17 тоглогчтой болох, супер макс гэрээний хэмжээ 300 саяд хүрэх боломжтой болно. Өдгөө цөөн хэдэн супер одын авч буй 200 сая гаруй долларын гэрээ нь тийм ч үнэтэй биш санагдаж эхэлнэ. Т.Янг, Л.Дончич нарын залуу од таван жилийн 300 сая долларын үнэ бүхий гэрээнд гарын үсэг зурах нь ердөө л цаг үеийн асуудал юм. Тодруулбал, 300 сая ам.долларын гэрээ байгуулсан тоглогч эхний жилдээ 53, хоёр дахь жилдээ 58, гурав дахь жилдээ 30 сая гээд удаах хоёр улиралд тус бүр 62, 67 сая доллар авна. Ташрамд дурдахад, “Уорриорз”-ын лидер С.Көрри гурав дахь удаагаа супер макс гэрээ байгуулах боломжтой болох юм. Тэрбээр лигийн түүхэнд анх удаа хоёр дараалж 200 сая ам.долларын гэрээ байгуулсан анхны тамирчин болж байсан билээ.

МӨНГӨ БОЛ ЭРХ МЭДЭЛ

Супер од тоглогчдын эрх мэдэл улам өснө гэсэн таамгийг экспертүүд дэвшүүлж байна. Тэд зөвхөн алдар нэртэй, авьяаслаг гэдгээс шалтгаалахгүйгээр ихээхэн эрх мэдэлтэй болох юм. Тэдэнд баг нь их хэмжээний цалин өгөхөөс өөр аргагүй болно. Учир нь багууд орлогынхоо 50 хувийг тоглогчдын цалинд зарцуулах ёстой байдаг. Тиймээс багийн ерөнхий менежер тоглогчидтойгоо ярилцах, эсвэл заримынх нь өлмийд сөгдөх шаардлага гарч магадгүй. Түүнчлэн ерөнхий менежерүүд стратегиа улам сайн төлөвлөх хэрэгтэй болж байна. Тэд одооноос эхэлж гол тоглогчдынхоо авч болох цалинг тооцож үзэх ёстой.

Харин Р.Пол, М.Бертельштейн, Ж.Шварц, А.Минц нарын мундаг агент харилцагч нараа шинэ гэрээ байгуулах 2025 онд онд зориулан “сойж” эхлэх болов уу. Ингэснээр тэд харилцагч нартаа супер макс гэрээ байгуулах боломжоор хангаж өгөх юм. Гэхдээ лигийн удирдлага нөхцөл байдлыг маш сайн ойлгож байгаа учраас улам чанга хатуу дүрмийг сахиулж эхлэх магадлалтай. Тухайлбал, албан ёсоор зөвшөөрөх хүртэл өөр багийн тоглогчидтой холбоо тогтоохгүй байх (магадгүй яриаг нь тагнах), нэг багаас нөгөө багт очиж буй нэг агентын харьяаллын тоглогчдын тоог бууруулах, тоглогчид хоорондын болон нэг агент төлөөлдөг тоглогчдын тохиролцоог илүү хянах зэрэг арга хэмжээ авч магадгүй. Лигийн удирдлага яагаад ийм арга хэмжээ авч байгаа нь ойлгомжтой. Лигт үргэлж давамгайлах супер баг бий болгохыг тэд мэдээж хүсэхгүй. Түүнчлэн “Миннесота”, “Детройт” зэрэг бага зах зээлтэй, сул баг энэ маягаараа оршин тогтнох боломжгүй болох, эсвэл алдагдалтай ажиллах нөхцөл бүрдвэл лигт асуудал үүсэх нь гарцаагүй юм.

УЛАМ ИХ СУРТАЛЧИЛГАА

Өндөр үнийн дүнтэй эл гэрээ нь эцсийн хэрэглэгч нарт хэрхэн нөлөөлөх вэ? Нэгдүгээрт, кабелийн телевизийн төлбөр нэмэгдэнэ. Хоёрдугаарт, үндэсний сувгаар гарах тоглолтын тоо нэмэгдэнэ. Гуравдугаарт, телевизийн шаардлага, хүлээлтэд дасан зохицох зорилгоор тоглолтын хуваариуд улам уян хатан болж ирнэ. Өөрөөр хэл бэл, тоглолт эхлэх цагийг NBA бус, телевизүүд тодорхойлно гэсэн үг. Дөрөвдүгээрт, Ази тивд тоглолт дамжуулах тал дээр зөвшилцөлд хүрэх шаардлагатай болно. Тавдугаарт, шууд дамжуулалтын үеэр улам их сурталчилгаа гарна. Зургадугаарт, телевизийн салбарт технологи болон шинэ нэвтрүүлгийн “бүүм” болно. Улирлын эцэст жил бүр телевизийн шоу хийхээр төлөвлөсөн гэдгээ лигийн удирдлага мэдэгдээд буй нь үүний нэг нотолгоо юм. Ийнхүү их мөнгийг дагаад багууд болон эзэд шинэ нөхцөлд, шинэ сорилгын хүрээнд ажиллах ёстой болж байна. Багийн үйл ажиллагааны зардал, төсөв улам л нэмэгдэнэ. Гэхдээ телевизийн шинэ гэрээний дагуу орж ирэх мөнгө тэдгээр зардлыг нөхөж чадах болов уу? Үүнийг цаг хугацаа л харуулах биз ээ.

Бэлтгэсэн Н.Энх

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.