Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хаалттай хорих газар руу дайран орсон хууль зөрчигчдийг АН-ынхан юунд ингэтлээ өмгөөлнө вэ

С.Эрдэнийн талын АН-ын дарга М.Тулгат тэргүүтэй хүмүүс өчигдөр ХЗДХЯ-ны гадаа жагсаал, цуглаан зохион байгуулж, сайд Х.Нямбаатарыг ирж уулзах, хоригдсон хүмүүсийг суллахыг шаардлаа. Тэд “Үнэнийг хэлсэн залуусыг баривчилдаг муухай цаг үед амьдарч байна. Монголдоо амьдрахад хэцүү үе иржээ. Үзэл бодол, эрх чөлөөнийхөө төлөө бид тэмцэхгүй бол маргааш хэн ч тэмцэж чадахгүй шүү” гэх зэргээр ярьж байсан юм. М.Тулгат тэргүүтэй АН-ынхан ийнхүү авирлаж, С.Эрдэнийн бие хамгаалагчаар ажиллаж байсан Д.Монголхүүг суллуулахаар улайран тэмцэж, хаалттай хорих анги руу бөөнөөрөө хүч хэрэглэн дайран орсон нь үнэхээр нийтийн эрх ашгийг хамгаалах гэсэн үйлдэл үү, эсвэл нэг хүний төлөө ийн “тэмцэж” байна уу гэх эргэлзээг төрүүлэв. Уг нь АН-ын лидерүүдийн нэг, Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хууль дуудвал “зангиагаа засаад, гутлаа тослоод очих ёстой” хэмээн хуулийн байгууллагыг хүндэтгэж буйгаа илэрхийлж байсан. Гэтэл өөр нэг лидерийнх нь хүү, хамгаалагч, өөр хамаарал бүхий өмгөөлөгч зэрэг хүмүүс нь хууль сахиулагчдад халдан хаалттай хорих анги руу дайрч орсон нь байж боломгүй зүй бус үйлдэл.

Д.Монголхүү тэргүүтэй хүмүүс хууль зөрчиж, цагдаагийн алба хаагчдын биед халдсан учраас шалгахаар болсон юм билээ. Тодруулбал, өнгөрсөн сарын сарын 18-наас хойш Д.Сүхбаатарын талбайд Д.Монголхүү тэргүүтэй хүмүүс ямар ч зөвшөөрөл авалгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан бөгөөд цагдаагийн алба хаагчийн шаардлагыг хүч хэрэглэн эсэргүүцсэн аж. Хамгийн сүүлд өнгөрсөн сарын 30- ны 18.00 цагийн үед Д.Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнд Д.Монголхүү хамтрагчидтайгаа цаасан хайрцагтай зүйл барин жагсаал зохион байгуулахаар орох гэж байхад нь зөвшөөрөл авах ёстой, хууль зөрчиж байна гэдгийг цагдаагийнхан сануулан, шаардлага тавьжээ. Энэ үед Д.Монголхүү болон түүнтэй хамт явсан иргэд цагдаагийн алба хаагчид халдан, албан үүрэгтэй нь холбогдуулан хүч хэрэглэн, цээжин тус газар нь цохих зэргээр хууль бус үйлдэл гаргажээ. Энэ нь цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерт бичигдсэн байна. Тиймээс өнгөрсөн даваа гарагт Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт болсон явдлыг танилцуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн гэнэ. Улмаар Д.Монголхүүг дуудаж, мэдүүлэг авахаар болсон ч татгалзжээ. Энэ үеэр цагдаагийнхан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5-1.3-т заасан “Гэмт хэрэг үйлдсэн гэж гэрч, хохирогч шууд заасан” гэх үндэслэлээр түүнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах арга хэмжээ авах тогтоол Баянзүрх дүүргийн Прокурорын газраас баталсан гэнэ. Улмаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид энэ сарын 5-ны 02.20 цагийн үед хүргэсэн юм байна. Хууль журмын дагуу тус хорих ангийн эмч үзлэг хийсэн бөгөөд Д.Монголхүү ямар нэг гэмтэл шархгүй байжээ. Энэ үед шалган нэвтрүүлэх байр руу иргэн Э.Одбаяр, Г.Ган-Очир, өмгөөлөгч А.Пүрэвдулам тэргүүтэй 10 гаруй хүн дайран орж, сэжигтэн Д.Монголхүүг 02.40 цагийн үед авч явсан гэнэ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Монголхүү нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан нь нотлогдсон гэж үзээд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар дахин 48 цагийн хугацаатай баривчилсан аж. Хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш эрхтэй. Гэтэл ардчилал, хүний эрх, эрх чөлөөг магнаг болгосон АН-ынхан энэ эрхийг уландаа гишгэж, гэмт хэрэг өдүүлсэн байж болзошгүй хүнийг улайран хамгаалж байгаа нь ичгэвтэр биш гэж үү.

Бэлтгэсэн Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Хаалттай хорих газар руу дайран орсон хууль зөрчигчдийг АН-ынхан юунд ингэтлээ өмгөөлнө вэ

  • Anonymous says:

    Oo tegeed yamar archaagui yum be..huuli zorchson huniig tegeed huchind aldaad yavuulchihaj baigaamuu? Hen tegeed huui biyeluuleh yum bolj baina? Ardchilsan nam gej Anarhi nam baih yumaa!!! Bustsaaj barivchilj bugdiig n hamt horih heregtei…hugaichdiig…Ingeed l AN-inhan Mongoiin huuliig guuli bolgoj baigaa baijgui yu!!! Temtseh oor arga alga gejuu dee!