Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ховор хатагтай

…Тэрбээр “Ховор хүн” гэсэн нэртэй бэсрэгхэн туужийг 1970-аад оны эхээр бичсэн нь тэр даруйдаа хилийн чанадад хэвлэгдэж улмаар “ховор хүн” гэдэг хос үг нь хүмүүсийн амны уншлага мэт дэлгэрч онцлог хүмүүсийг тодорхойлох нэр томьёо болон хувирсан билээ. Мөнөөхөн уг оновчтой бөгөөд олны сэтгэхүйг илэрхийлж чадсан нь яван явсаар эхлэн дуугарсан эзэн дээрээ эргэн буусан гэж хэлж болно.

“Ховор хүн” гэж Сономын Удвал гуайг өөрийг нь нэрлэхэд эргэлзээгүй тохирох оновчтой хэллэг аргагүй мөн байлаа. Тэр хэллэгийг ялихгүй засварлаж “Ховор хатагтай” хэмээн өгүүлэхийн учир ану: .

XX зуунаас хорь дүү ч гэсэн Ардын хувьсгалтай нас чацуу хэмээн ярьдаг ахмадууд манайд нэлээд байдаг. Тэдний дотор зохиолчид, соёл урлагийн зүтгэлтнүүд бас ч цөөнгүй дурдагддаг. Аль нэгэн түүхэн үйл явдалтай нас чацуу гэдэг бол тохиолдлын маягтай хэлбэрийн төдий зүйл мэт санагдаж болно. Тийм ч байх. Гэвч түүхэн үйл явдал нь өөрийн ул мөр, нөлөөг тухайн цагийн хүмүүст тэр тусмаа залуучуудад насан туршийнх нь ой дурдатгалын хэмжээнд үлдээдэг бас нэгэн онцлог бий. Ардын засгийн далан жилтэй Сономын Удвал, түүний үе тэнгийнхний нэгэн насны явдал ацаг шүдний зөрөөгүй яв цав тохиожээ. Ардын хувьсгалын бага настай тэдний бага нас зэрэгцэж авгайчуул үсээ тайрч, түнтгэр мөртэй дээлээ сольж, хүүхнүүд өдөн цагаан малгай өмсөж, “Хүмүүн төрөлхтөн” бүжиглэж, эрчүүл халимаг тавьж, хармаатай өмд өмсөж, “Хар морьт янжуур зууж эхэлсэн тэр жилүүдэд идэр нас нь өнгөрч, дайны утаа Өрнө, Дорнодод дэгдсэн онуудад эрдэм номд суралцаж, энх цагийн бүтээн босголтын цаг дор бүтээл санаачилга нь жигдэрч монгол хүний мөнхийн дагуул морин өртөөний албыг моторт тэргээр сольж, галт тэрэг, нисэх онгоц, цахилгаан станц, цахим тооцоолуур, их барилга, ил уурхай, атар эзэмших, алт олзворлох, эрүүлийг хамгаалах, эрдмийн академи, урлагийн театр, кино дэлгэц, хэвлэх үйлдвэр, радио телевиз, пуужинт цэрэг, сансрын нисэгчтэй болох, НҮБ-д элсэж, ЮНЕСКО-д хуралдах хүртэлх бүхий л цоо шинэ ололтын гэрч бөгөөд бүтээлцэгчид нь байсан амны хишигтэй азтай, гавьяатай үеийнхнийхээ эхний эгнээнд сумны өөдөөс ч, шуурганы өөдөөс ч дальдралгүй давшин явагсдын нэр төртэй төлөөлөгч ховор бөгөөд цөөхөн хүмүүсийн нэрсийн жагсаалтад овог, нэр нь дээгүүр бичигдсэн нэгэн болой.

Үзээгүй бүхнээ үзэж, байгаагүй болгоныг буй болгосондоо XX зууны монголчууд улс орноо, хүн ардаа үнэхээр танигдахгүй болтол өөрчилж чадсан нь юм бүхэн дээр харагддаг боловч түүнийг олж харах нүд, таньж ухаарах ухаан гэж өөр болой. Өнөөгийн залуус бол Монгол орон нь өндөр барилга, өргөн гудамж, нисэх онгоц, автомашин, радио, телевиз цахилгаан гэрэл, ярьдаг утас, галт тэрэгтэй ийм л байсан юм шиг санана. Гэтэл дал, наян настай өдгөөгийн өвөө, эмээ нарынх нь залуу цагт дээр дурдсан бүхэн манайд байсангүй. Тэдгээрийг тэд л өөрсдөө буй болгож, гардаж бүтээлцсэн гол эзэд нь байсан юм. Нэг нь төмөр утасны шон босгож байхад нөгөө нь уурын тэрэгний дугуй хийлж, гурав дахь нь кино хальсны дамар эргүүлж, дөрөв дэх нь морзын үсэг дамжуулах зүүмэр товшиж, тав дахь нь бичгийн машины товч дарж суусан 1930-1940-өөд оны залуучууд буюу өнөөгийн ахмадууд тэр л идэр цолгин насаа эргэн дурсахуйд улс орон маань юутай байгаад юутай болсон билээ гэдгийг томруулагч шилээр өсгөн үзэх мэт тод томруун харж чадна. Толгой эргэм өндөрлөгт гарснаа ч мэдрэх боловч тэгсэн, ингэсэн гэж тэд ер үл гайхуулна. Гэвч тэдний үр хүүхэд, хойч үед нь өөрчлөлтийг тэдэн шиг хурц мэдрэхэд саад болдог цаг хугацаа орон зайн хүчин зүйл гэж бий. Түүнээс болоод ахмад үеийнхээ гавьяа зүтгэлийг төгөлдөр дүүрэн үнэлэн бишрэхэд ямар нэгэн “амтлагч” дутдаг нь амьдралын эрх юм даа. Нөгөөтээгүүр тахимдуу, даруу хүмүүжил яс маханд нь шингэсэн ахмад үе маань гайхамшгийг бүтээсэн байлаа ч гайхуулан цээжээ дэлдэхгүй явсаар нэгэн насны урт аянаа дуусгадаг нийтлэг нэгэн араншинтай байсан болой. Тэдний нэгэн Сономын Удвал гуай өөрийнхөө тухай бараг ярьдаггүй нэгэн байсныг хамт ажиллаж байсан хүмүүс нь бараг нэгэн дуугаар хүлээн зөвшөөрөх биз. Ярья гэвэл яриад барагдахгүй намтартай нэгэн байлаа. Тэрээр өөрийн үеийнхний нэгэн адил олон юман дээр анхдагчийн алдар хүртэх учиртай нэгэн байлаа. Тэрчлэн бас олон юман дээр ганцаараа байр эзлэх эрхтэй нэгэн байлаа. Нэгэн зуун дуусахад түүнийг нь булаалдах эрхтэй, бүтээлтэй бүсгүй хүн гарсангүй.

ЗУУНДАА ГАНЦ ЭМЭГТЭЙ РОМАНЧ

Хорьдугаар зууны шинэ Монголын шинэ уран зохиолд том хэлбэрийн төрөл зүйл 1960-аад оноос нэлээд жигдэрч бие даасан хэмжээнд хүрсэн бөгөөд Ч.Лодойдамба, Б.Ринчен, Д.Намдаг, С.Дашдэндэв зэрэг ахмад үеийн зохиолчдын нэр бүхий романууд 1960-1970-аад оны хооронд хэвлэгдэн гарч ирснээр монгол уран зохиолд үргэлжилсэн үгийн туульсын хэлбэр байр сууриа баттай эзлээд, улмаар дараа дараачийн үе нь мөнөөхөн роман бичлэгийн сургуулийг удаа дараа төгсгөж шинэ шинэ бүтээлээр уншигчдынхаа номын тавиурыг хотойлгож ирсэн билээ.

Түүхэн сэдвээр Ж.Пүрэв, адал явдлын сэдвээр З.Баттулга, Лха.Дарьсүрэн, амьдрал ахуйн сэдвээр Н.Банзрагч, Б.Нямаа, С.Дашдооров, зөгнөлөөр Д.Даржаа, уул уурхайн сэдвээр З.Сандгаа, С.Лочин, С.Пүрэв, улс төрийн сэдвээр Д.Маам гэхчилэн роман бичлэг дотроо төрөлжиж, эрх хүчээ авч байх үед “Их хувь заяа” романаа Сономын Удвал гуай туурвиж монгол романы сүрэгт ижилсүүлэв. Тэр нь түүхэн сэдэвтэйгээр барахгүй зууны содон монгол хүмүүсийн нэгэн болох Ардын Хатанбаатар Магсаржавын тод үнэмшилтэй дүрийг товойлгон урласан “Гайхамшигт сод хүмүүсийн намтар” цувралын эхийг тавьсан бүтээл болж, тэр дорхноо л орос болон бусад хэлээр орчуулагдан дэлхийд түгж, улмаар уран сайхны кино болон дэлгэцнээ амилсан юм. Энэ бүхэн цөм онцлог явдал боловч эцсийн дүнд тэрхүү туульсын томоохон бүтээлийг туурвисан анхны бөгөөд зуундаа ганц эмэгтэй хүн байснаараа Сономын Удвал “Ховор хатагтай” болон утга, соёлын түүхэнд үлдэв. Тэрээр бүр 1950-иад оны дундуур “Одгэрэлийн яриа”, 1960-аад оны эхээр “Анхны арван гурав”, дараа нь “Ховор хүн” зэрэг сэдвийн хувьд шинэ сэрэг хэлбэрийн хувьд бэсрэгхэн туужууд бичсэн бөгөөд тухайн үедээ нэлээд том хэлбэрийн бүтээл байснаар барахгүй өөр хэний ч хэлээгүй үгийг анхлан хэлсэн онцлогтой туужууд байсан юм. “Одгэрэлийн яриаг” өөр хэн ч биш зөвхөн Удвал гуай л ярьж чадах байсныг өнгөрсөн дөч гаруй жилийн хэрэг явдал гэрчлэх буй за.

Монголын анхны романч эмэгтэйн хувьд Сономын Удвал шинэ уран зохиолдоо “Ховор хатагтай” юм.

ЗУУНДАА ГАНЦ ЭМЭГТЭЙ КИНОЧИН

Монголын кино урлаг бол XX зууны хориод онд аж төрж мэндлэгсэдтэй бас л нас чацуу гэж болно. Наяад жилийн тэртээ киног “сүүдэр ший” гэж гайхан нууцаар сэмхэн үздэг, үзсэнийхээ төлөө эх эцгээсээ зэмлэл авдаг тэр л хүүхдүүдийн нэгэн явсан Сономын Удвал 1970-аад оны Монголын кино урлагт сонгодог болтлоо үзэгчдийн таашаал хүлээсэн кино зохиолуудыг бичсэн цорын ганц эмэгтэйн хувьд мөн л “Ховор хатагтай” юм. Түүний бичсэн зохиолоор “Хүргэн хүү”, “Үер”, “Их хувь заяа” (Хатанбаатар Магсаржав) зэрэг тэр үедээ ч, өнөөдөр ч үнэ цэнээ алдаагүй улам ч ханштай болж байгаа уран сайхны кинонуудыг бүтээжээ. Үүнд найруулагч, хамтран бүтээгчдийн гавъяа байхыг үгүйсгэх учиргүй боловч “Овоо босгоогүй бол” гэдэг үгийг мартах аргагүй. Дурдсан кино бүтээлүүд тухайн цаг үедээ шууд л олны анхаарлыг татаж, чинээлэг айлд ядуу хүргэн орж суусны ээдрээтэй бөгөөд амархан шийдвэрлэгдэхээргүй монгол ахуйн зангилаа асуудлыг “Хүргэн хүү” кинонд өмнө хойно нь хэн ч хэлээгүй, дүрслээгүй талаас нь нээн харуулсан шигээ их голын гарман дээр наад цаад хоёр эрэгт сууж хүмүүст хөл залгуулж аж төрдөг монгол, орос хоёр өвгөн усчны эгэл мөртлөө түүхэн эгзэгтэй ч асар их хариуцлагатай, үйлсийг мөн л шинэ хэллэгээр, шинэ агуулга зохиомжоор нээж үзүүлснээрээ орчин үеийн кино урлагт өвөрмөц хуудас нээж өгснөөр барахгүй эрчүүд голлосон баатартай утга зохиолд эмэгтэйчүүдийг төвийлгөн дэвшүүлж тавьснаараа шинэчлэлийн чанартай сэтгэлгээг нэвтрүүлсэн билээ. Гэрийн хоймор эзэлж заншсан эрчүүдийн уламжлалт зан сэтгэлгээг өрх гэрийн зүүн тал руу шилжүүлэх хандлагыг дэвшүүлснээрээ С.Удвал гуай цагтаа арга барил’ санаа бодлын шинэчлэл хийсэн боловч тухайн үеийн судлаач нар түүнийг олж хараагүй буюу харавч “даргыгаа магтан бялдуучилсан” болохыг хүсээгүйнх ч байж мэднэ. Ямар ч байсан Монголын зохиолчдын байгууллагын олон жил тэргүүлж байсан жилүүддээ Удвал гуай уран бүтээлийнхээ талаар авбал зохих үнэлгээгээ ил тодоор авч чадаагүй билээ.

Уг нь бол монгол киноны түүхэнд тооны хувьд ч, чанарын хувьд ч өөр ижилгүй бүтээл туурвисан цорын ганц эмэгтэй зохиолчийн хувьд Сономын Удвал гуай “Ховор хатагтай” байлаа.

ЗУУНДАА ГАНЦ ЭМЭГТЭЙ ЗАХИРАГЧ

Монголын зохиолчдын байгууллага гэж хүн бүл цөөнтэй мөртлөө нийгмийг доргиож мэдэх нэгэн айлыг хамгийн эгзэгтэй, ёргиотой үед нь (1962-1973) 12 жилийн турш тэргүүлсэн цорын ганц эмэгтэй зохиолч бол Сономын Удвал гэдгийг бүх нийтээр мэднэ. Тэр айлыг урьд цагт С.Буяннэмэх, Ц.Дамдинсүрэн, Д.Сэнгээ, Б.Жаргалсайхан, Ш.Нацагдорж гэхчилэн алдартай, цуутай эрчүүд толгойлж байсан боловч тэдний нэг нь ч С.Удвал гуай шиг тийм удаан хугацаанд амтай хэлтэй, архитай дарстай, ааштай араншинтай зохиолчдыг захирамжилж байгаагүй юм. Дээр дурдсан гурван зүйл онцлогийн нэгээс бусад нь Удвал гуайд тэднээс дутахааргүй байсан билээ. Харин “архи дарстай” гэдэг үзүүлэлт нь байсангүй. Байхгүй тэр зүйл нь түүний давуу тал зохиолчдын бол “цоорхой зулай” болон хувирч тэр гол юмаараа дутуудаа “бантаж” явцгаадаг байлаа. Харин Удвал гуай уудаггүй мөртлөө уудагчуудын “зовлонг” ойлгодог байсан нь олон даргын дутууг нөхөж, дундыг дүүргэх нэг “нууц” нь болсон юм санжээ.

Эмэгтэйчүүд толгойлсон өрх 50-60 мянга боллоо гэж өнөө үеийнхэн нэг л сэтгэл дундуур бичицгээж, ярьцгаах юм. Гэтэл “Монголын зохиолчдын хороо” гэдэг орон гэргүй бөгөөд олон эрх танхил хүүхэдтэй өрхийг Удвал гуай толгойлох болсноос хойш дордсонгүй харин ч өөрийн гэсэн өргөө гэртэй болж өнөр баян айл болохоор барахгүй уран бүтээлчдийн эвлэл холбоодоос анх удаа туган дээрээ Сүхбаатарын одон хадуулж, одон тэмдэгт хорооны зэрэгт дэвшиж, 1940-өөд онд төрүүлсэн хүү “Цог” сэтгүүл 1950-иад оны “Утга зохиол” сонин нь хүртэл эрийн цээнд хүрч төрийн өмнө гавьяа байгуулан одон тэмдгээр шагнуулж билээ. Зохиолчдын байгууллагын нэр хүнд өсөж гадаад харилцаа нь өргөжиж, олон улсын томоохон хурлыг хүртэл өргөө гэртээ урьж хийлгэдэг болсон юм.

Өрхийн тэргүүн эзэгтэй маань удалгүй хоёр өрхийн нэг тэргүүн буюу зохиолчдоос гадна Монголын эмэгтэйчүүдийн хороог даргалан улмаар Ардын их хурлын тэргүүлэгч гишүүнээр удаа дараа сонгогдон ажиллах болсон билээ.

Нэгэн эмэгтэй тэргүүлж байсан тэр жилүүдэд хоёр өрх буюу Монголын зохиолчид, эмэгтэйчүүдийн байгууллага нэр сайтай, бүтээл арвинтай, санаачилга ихтэй, Монголдоо ч, дэлхийд ч дуу шуутай байсныг гэрчлэх гэрч мундахгүй ээ!

ХОВОР ХАТАГТАЙ

Нобелийн шагналт их зохиолч Михаил Шолоховтой зургаа авхуулж, зориулж өргөсөн хундагын үгэнд нь гартахгүй хариу барьж явсан Монголын ховор хатагтай Сономын Удвал бол яг өөрийнхөө нэрээр нэрлэсэн олон улсын утга зохиолын шагналыг Монголоос байтугай, Ази, Африкаас анх хүртсэн цорын ганц эмэгтэй зохиолч билээ. Ази, Африкийн зохиолчдын байгууллагыг байгуулах цагаас нь идэвхтэй хамтран зүтгэж, ээлжит нэгэн том хурлыг нь Монголдоо хийлгэж явсан Сономын Удвал бол мөнхүү хоёр тивийн уран зохиолын “Лотос” (лянхуа) сэтгүүлийн зөвлөлийн гишүүнээр олон жил ажиллаж уг сэтгүүлийн тусгай дугаарыг Монголд зориулан гаргахад их хувь нэмэр оруулсан эмэгтэй юм. 1971 онд түүнд “Лотос” шагнал хүртээсэн нь үнэн хэрэгтээ Удвал зохиолчид “Удвал” шагнал өгсөн ажээ. Лотос бол лянхуа буюу удвал цэцгийн нэр юм. Тэр шагналыг хүртэхээс төө өмнө 1969 онд Цэндийн Дамдинсүрэн гуай нэгэн удаа нөхөрсөг шогоор зураад Удвал гуайг “удпал-лотос” гэж бичиж байсныг энд дурсах ялдамд уул зургийг нийтлэв.

Удвал гуай “Ховор хүн” тууж шигээ ховор хүн байлаа. Түүнийг нотлох өөр олон олон баримтыг энд дурдаж болох боловч энэ удаа тоочиж бараагүйн эрхээр товч төдий өгүүлэв. Тэрхүү “Ховор хатагтай”-н хажууд 1963 оноос эхлэн нэлээд олон жил ажилласан надад ярих юм цөөнгүй боловч цагаа ирэхээр аяндаа хөврөх мөрүүдийг энэ удаа цэглэе.

Лодонгийн Түдэвийн “Бүтээлийн чуулган”-ы V боть. “Ховор хатагтай”. 2001 он.

С.Удвал хатагтайн мэндэлсний 80 жилийн ойд зориулжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.