Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Ирэх оны төсвийн төсөлд тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн шинэчлэлийг тусгасан”

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилго” дээд түвшний чуулга уулзалт өчигдөр боллоо. Энэ чуулга уулзалт нь цар тахлаас үүдсэн сөрөг нөлөөг даван туулах, эдийн засгийн сэргэлтийг хурдасгах болон 2030 он гэхэд хүрэх тогтвортой хөгжлийн зорилгын хүрээнд ирэх 10 жилийн үйл ажиллагааны хэрэгжилтийг эрчимжүүлэхэд олон талын оролцоог хангаж, санал солилцох, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой аж. Уг арга хэмжээг УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон НҮБ-ын Монгол дахь суурин зохицуулагч Тапан Мишра нар нээж, үг хэлсэн. Тухайлбал, Ерөнхий сайд, Тогтвортой хөгжлийн үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ “Тогтвортой хөгжлийн зорилго”-ын үндэсний зорилтот түвшин, шалгуур үзүүлэлтийн төслийг боловсруулж, УИХ-ын энэ намрын чуулганд өргөн мэдүүлэхээр төлөвлөөд байгааг дуулгав. Мөн тогтвортой хөгжлийн зорилгыг хангахад 2022-2024 онд Засгийн газраас хэрэгжүүлэх зарим бодлогыг танилцууллаа. Тэрбээр “Засгийн газар Монгол Улсын 2022 оны төсвийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барихдаа тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн шинэчлэлийг тусгасан. Жишээлбэл, ядууралтай тэмцэх, өлсгөлөнг зогсоох зорилтуудыг хэрэгжүүлэх үндэс бол дундаж давхаргыг дэмжих үндэсний тогтолцоо бүрдүүлэх явдал юм. Тиймээс ирээдүйд иргэдээ хадгаламжтай байх тогтолцоо бий болгох үүднээс 0-18 насны иргэдийн нэрийн дансанд бодитоор, мөнгөн хэлбэрээр хүүхдийн мөнгийг нь байршуулах тогтолцооны шинэчлэл хийнэ. Хүн амын эрүүл мэндийг дэмжих зорилтыг хангах ажлын хүрээнд иргэн бүхэн жилд нэг удаа урьдчилсан оношилгоонд хамрагддаг байх тогтолцоо бүрдүүлнэ” хэмээсэн юм. Мөн НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн газрын Нийтийн институц болон цахим засаглалын хэлтсийн Тогтвортой хөгжлийн зорилгын институцийн асуудал хариуцсан ахлах Давид Лэ Бланк илтгэл тавьж, тогтвортой хөгжлийн зорилгыг нутагшуулах үндэсний тогтолцоогоо сайжруулснаар талуудын оролцоо, тэдний үүрэг, хариуцлагыг нэмэгдүүлэх, хамтын үр дүн гаргах асар их боломжтойг хэлж байлаа. Ингэхдээ бусад орны сайн туршлагаас сурах, хуваалцах боломж их байгааг дурдсан юм.

Харин УИХ-ын дарга Тогтвортой хөгжлийн олон талт хамтын ажиллагааны зөвлөлийг хууль тогтоох байгууллагын дэргэд байгуулах болсныг мэдэгдсэн. Тус зөвлөл нь парламент, Засгийн газар, олон улсын түнш байгууллага, иргэний нийгэм, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагын төлөөлөөс бүрдэх аж. Ингэснээр тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хангахад чиглэсэн институц болон бодлогын уялдаа бий болгож, шийдвэр гаргахад дэмжих, хэрэгжилтийг хангахад тулгарч буй саад, бэрхшээлийг давахад дэмжлэг үзүүлэх, сайн туршлага, санаачилгуудыг хуваалцах, техникийн эксперт, зөвлөхүүдээр шаардлагатай үед хангах, дайчлах, олон нийтэд холбогдох мэдээллийг цаг алдалгүй түгээх, үзэл бодол, ашиг сонирхлыг тусгах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.