Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Шатахууны хомсдолоос сэргийлж чадаагүйгээ ажил хариуцсан хүмүүс хүлээн зөвшөөрөх ёстой”

Намрын ээлжит чуулганыг өнгөрсөн баасан гарагт 74.3 хувийн ирцтэйгээр эхлүүллээ. Нээлтийн хуралдаанд манай улсад суугаа гадаад орнуудын дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, УИХ-аас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар цахимаар оролцов. УИХ-ын гишүүд түргэвчилсэн шинжилгээ өгч, халдвар хамгааллын дэглэмээ сахин, хэвийн горимоор буюу танхимаараа хуралдах юм байна. АН-ын бүлгийн гишүүд эрх баригчдад сануулга өгөх, бодит байдлыг танилцуулах зорилгоор өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн болон шатахууны үнэ, нийгэм, эдийн засгийн зарим мэдээлэл, тоо, баримтыг цаасан дээр томоор бичсэнээ нэгдсэн хуралдааны танхимын үүдэнд болон дотор дэлгэсэн юм. Тэд УИХ-ын дарга нээлтийн үг хэлж байхад чихээ дарах, цаас дуугарган чимээ гаргах, танхимыг орхин гарах зэргээр эсэргүүцлээ илэрхийлж байлаа.

АН: ОДОО БОЛЛОО

Ингээд тэд Төв талбайд намынхантайгаа нэгдэж, “Одоо боллоо” эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Сөрөг хүчний зүгээс шатахууны зах зээлийн үнэ, импортыг бүрэн чөлөөлөх, ОХУ, БНХАУ-д суугаа Элчин сайд нарыг эгүүлэн татах, Андлалын хөшөө, усан оргилуур гэх мэт хөрөнгө оруулалт нэрээр хийж буй луйврыг зогсоох, ёс зүйгүй үйлдэл удаа дараа гаргаж буй албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж буй. Тэдний шаардлагад эрх баригчид албан ёсны хариу өгөөгүй ч Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Сөрөг хүчин төр, засагтаа шүүмжлэлтэй хандах ёстой. Монгол бол ардчилсан улс. Олонх нь засгийн эрхээ барьж, цөөнхдөө хүндэтгэлтэй хандах зарчимтай. Тавьж байгаа асуудлыг нь шүүмжлэл бус, зөвлөгөө гэж хүлээн авч, ажилдаа тусгах ёстой. Үндсэн хуулийн дагуу иргэд тайвнаар жагсаж цуглах, үг хэлэх эрхтэй. Би ч жагсаал, цуглаанд оролцож явсан. Хоёр тойрогт нөхөн сонгууль болох гэж байна. Сонгуультай холбоотойгоор улстөржилт нэмэгддэг. Гэхдээ цар тахлыг улстөржүүлэхгүй байхыг хүсэж байна. Мөн дөнгөж сэргэж байгаа эдийн засагтаа хор хөнөөл болох зүйл битгий хийгээсэй” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

Харин цар тахлын эрсдэлтэй цаг үеийг даван туулж, сорилт дагуулсан асуудлуудыг оновчтой шийдвэрлэх нь энэ удаагийн чуулганы эн тэргүүний зорилт болохыг УИХ-ын дарга Г.Занданшатар тодотгоод, “Ковид-19”-ийн улмаас нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлэв.

Эдийн засгийн хямралт байдал үргэлжилж, инфляц зорилтот түвшнээс давж, бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, улсын валютын нөөц багассаныг УИХ-ын дарга онцолсон. Ийм нөхцөлд Засгийн газар тогтвортой, тууштай ажиллах шаардлагатайг тэмдэглээд, 2021 оны намрын чуулганаар Монгол Улсын эдийн засгийн шинэ сэргэлтийн бодлогыг тодорхойлно гэв. Тодруулбал, “Энэ хүнд нөхцөлд Засгийн газраас дэвшүүлж буй бодлого, шийдвэр, үйл ажиллагааг УИХ байнга дэмжиж, хамтарч ажиллаж байгаа. Цаашдаа ч дэмжиж, хамтарна. Гэхдээ сайд нараас хариуцлага нэхэж, шаардлага тавихаа анхааруулъя. Чадахгүй, мэдэхгүй бол үнэнээ хэлдэг байх хэрэгтэй. Саяхан шатахуун хомсдоход гадаад шалтгаан нөлөөлсөн ч ийм байдал үүсэхээс сэргийлж чадаагүйгээ ажил хариуцсан хүмүүс хүлээн зөвшөөрөх ёстой. Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийн үр дүнд эдийн засаг сэргэсэн. Гэхдээ нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ цар тахлын өмнөх 2019 оны түвшинд хүрээгүй. Иймээс дөнгөж сэргэж байгаа эдийн засагт дусал залгаж, хэвийн голдиролд нь оруулах, улмаар сүүлийн 30 жилийн эдийн засгийн гажиг тогтолцоог засах бодлогын реформ хийх шаардлагатай. Үүний тулд уул уурхайн салбараас хамааралтай эдийн засгийн бүтцийг шинэчилж, дотоодын үйлдвэрлэлийг сэргээн, ажлын байр бий болгож, ядуурлыг бууруулах хэрэгтэй. “Ковид-19”-ийн эрсдэлийг даван туулж, эдийн засгаа шинэ сэргэлтийн замд шилжүүлэх зорилтыг амжилттай шийдвэрлэхийн тулд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг цоо шинэ шатанд гаргах ёстой гэдэгт ҮАБЗ, УИХ, Засгийн газар санал нэгдэж байгаа. Төсвийн сахилга бат бол эдийн засгийн хөгжлийг эрчимжүүлэх нэг чухал хэрэгсэл юм. Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг, менежментийг сайжруулах нь энэхүү реформын нэг үндсэн чиглэл болно. Төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах арга хэмжээг хойшлуулалгүй эцэслэн шийдвэрлэе” хэмээсэн юм.

АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ, ХЯНАЛТ ТАВИХ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАРААТ БУС БАЙДЛЫГ БОДИТОЙ НЭМЭГДҮҮЛНЭ ГЭВ

Мөн УИХ-ын дарга засаглалын чадавхыг бэхжүүлж, төлөвшүүлэх нь тус чуулганы чухал зорилт болохыг тэмдэглэв. Иймд авлигатай тэмцэх ажлыг шинэ шатанд гаргаж, төрийн хүнд суртлыг халах зорилтыг эрчимтэй хэрэгжүүлэхээ илэрхийллээ. Хуулийн засаглал тогтоох, хэрэгжилтэд нь хяналт тавих, авлига, албан тушаалын гэмт хэрэгт хамгийн хатуу шийтгэл оноодог байх, иргэнийхээ эрхийг зөрчих явдалтай хатуу тэмцэхэд энэ чуулганаар батлах УИХ-ын хяналт, шалгалтын болон Төрийн хяналт, шалгалтын тухай хууль чухал үүрэг гүйцэтгэхийг мэдэгдсэн. Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хамгаалах хуулиас гадна нийтийн эрх ашгийн төлөө хууль сахиулах байгууллагад мэдээлэл өгсөн хүмүүст урамшуулал, нөхөн төлбөр өгөх талаар тусгасан Тусгай активын тухай хуулийг санаачилж буйгаа дуулгалаа. Авлигатай тэмцэх болон хяналт тавих эрх бүхий бусад байгууллагын бие даасан, хараат бус байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр УИХ бодитой арга хэмжээ авна хэмээн УИХ-ын дарга мэдэгдсэн юм.

Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах”, шүүх эрх мэдлийн эрх зүйн үндсийг боловсронгуй болгох зорилтын хүрээнд Зөрчлийн тухай хуулийг шинэчилж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсноо тодотгов. Мөн Шүүх байгуулах, Эвлэрүүлэн зуучлалын, Иргэний болон захиргааны шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Шүүхийн бус журмаар өр барагдуулах үйл ажиллагааны тухай зэрэг хуулийг цогцоор нь батлахаар төлөвлөж буйгаа дурдлаа. Мөн Боловсролын багц хуулийн хэлэлцүүлэгт нэлээд хугацаа зарцуулахаар төлөвлөж байгаа гэв. Эдгээр нь харилцан хамааралтай, эх орноо эрчимт хөгжлийн замд гаргах зорилгын хөшүүрэг болох зангилаа асуудал хэмээн УИХ-ын дарга тодотгов.

Ташрамд дурдахад, өнгөрсөн хугацаанд УИХ-аас баталсан 400 гаруй хууль, тогтоомжид хүний эрхийн үнэлгээ, дүгнэлт хийх ажлыг УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Судалгааны хүрээлэн, Хүний эрхийн үндэсний комисстой хамтран эхлүүлээд байгааг энэ үеэр дуулгасан юм. Мөн Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх зорилгоор Цөлжилттэй тэмцэх, Ойн хомсдол, доройтлыг бууруулах, Уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох, Ойн цэвэрлэгээ зэрэг таван үндэсний хөтөлбөр, төслийг нэгтгэн, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хуульд нийцүүлж “Тэрбум мод-Ногоон Монгол” үндэсний хөтөлбөрийг шинээр боловсруулж батлах нь зүйтэй хэмээж байлаа. Үүнээс гадна Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын болон Төрийн албаны сонгон шалгаруулалтын тусгай журмын тухай хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо бэлэн болгоод буй гэнэ.

Бэлтгэсэн Б.Уран

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.