Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зээрэн хавцалд юу болсон бэ

Зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн П.Цэгмид бүтээлүүдээ нийгмийн сүлжээгээр дамжуулан олон нийтэд хүргэж байна. Ийнхүү олон нийтэд танилцуулсан нэгэн туурвилынх нь санаа онооны тухай сонирхох далимдаа шинэ бүтээлийн үзэсгэлэнгээ хэзээ гаргахаар зэхэж буй талаар нь түүнээс тодрууллаа. Тэрбээр “Тэмүжин хаан болоход ихэд нөлөөлсөн, Далан Балжудын хэмээх тулалдааны тухай бодсоноо буулгасныг минь харсан хүмүүс шаагиад байх юм. Энэ бол эскиз төдий ажил. Дараа жил гүйцэд зураг болох байх. Тэгээд ч би үзэсгэлэн гаргах гээд тэмүүлээд байдаггүй. Өөрийгөө голоод байдаг юм. Санаандаа зурагласнаа сэтгэлд хүрсэн бүтээл болгож чадвал нэг юм бодно оо” хэмээв. Уран бүтээлчийн ярианаас тэрбээр өнөөгийн нийгэм, ялангуяа улс төрийн амьдралд шүүмжлэлтэй хандаж буйгаа үүгээр илэрхийлжээ гэж ойлголоо.

Тэрбээр Тэмүжинг бүх Монголын хаан болгосон хүн бол Жамух гэж үздэг юм байна. Яагаад гэвэл хүчирхэг Жамух, Тэмүжинг байнга “өдөж”, хурцалж ирсэн, мөн түүнийг өөрөөсөө илүү амжилтад хүрэх хүн гэдгийг ойлгосон учраас саад бололгүй, зай, зам тавьж өгөхөөр шийдсэн зэргээс нь ийнхүү дүгнэж явдаг ажээ. Бодол, үзэлдээ үнэнч, алсыг хардаг, шийдэмгий монгол эрчүүд ийм байсан гэдгийг бүтээлээрээ хэлж өгөх шиг. Зээрэн хавцал хэмээх, XII зууны төгсгөл хавьд Жамух, Тэмүжин хоёрын хэн нь хэн болохыг сорьсон тулалдаан болсон газарт өрнөсөн тулалдааныг Далан Балжудын хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг гэнэ. Энэ нь Хэнтий аймгийн Дадал сум, Онон, Балж голын уулзвараас нэлээд дээхнэ байдаг нутаг ажээ.

Бэлтгэсэн Р.Оюунаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.