Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эмнэлгийн ор зохицуулах баг ажиллуулахаар болов

Коронавирусийн дельта хэлбэр өргөн хүрээнд тархсанаас эмнэлгийн ор, эмч, мэргэжилтнүүд хүрэлцэхээ больсон. Нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрсээр байгааг нийслэлийн Эрүүл мэндийн газраас өчигдөр мэдээлэв. Тухайлбал, өнгөрсөн сард эмчлүүлсэн иргэдийн тав орчим хувийг биеийн байдал нь маш хүнд болон хүнд хүмүүс эзэлж байв. Тэгвэл эл үзүүлэлт өдгөө 20-25 хувьд хүрч нэмэгджээ. Мөн биеийн байдал нь хүндрэх эрсдэлтэй хүний тоо 50 хувийг эзлэх болсон аж. Тиймээс Эрүүл мэндийн сайд өнгөрсөн сарын 24-нд 595 дугаар тушаал гаргаж, Коронавируст халдварын цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх түр журам баталжээ. Үүний дагуу эмнэлгийн ор зохицуулах баг ажиллаж эхэлснийг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж мэдээлсэн. Уг баг нь төр, хувийн хэвшлийн бүх эмнэлгээс өдөр бүрийн 20.00 цагт суларсан орны талаарх мэдээллийг авна. Мөн дүүргүүдийн Эрүүл мэндийн төвөөс хэвтэн эмчлүүлэх шаардлагатай өвчтөнүүдийн мэдээллийг тус багт өгөх аж. Ингэснээр эмнэлгийн ор зохицуулах багийнхан мэдээллийг нэгтгэж, биеийн байдал нь маш хүнд, хүнд өвчтөнүүдийг нэрийг эмнэлгүүдэд өгөх нь. Түүнчлэн яаралтай тусламж шаардлагатай, биеийн байдал нь эрс хүндэрсэн иргэд тус багт хандсанаар хүлээгдэл, чирэгдэлгүйгээр тусламж, үйлчилгээ авах боломжтой гэнэ. Эмнэлгүүд тус багаас нэрийг нь өгөөгүй иргэнийг хэвтүүлсэн, танил тал, арын хаалгаар зарим хүнд давуу эрх олгосон тохиолдолд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас тухайн байгууллагад санхүүжилт олгохгүй байхаар шийдвэрлэжээ.

Бэлтгэсэн М.Оч

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.