Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид холбогдох хэргийг АТГ, прокурорынхон хэрхсэн бэ

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид холбогдох хэргүүдийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст сэргээн шалгаж эхэлсэн талаар бид өнгөрсөн гуравдугаар сард уншигчдадаа хүргэсэн билээ. АТГ болон прокурорын байгууллагынхан түүнд холбогдох хэргийг сүр дуулиантай шалгаж эхэлдэг ч тэгсхийгээд намжчихдаг гэмтэй. Уг нь бол АТГ-ын мөрдөгчид өнгөрсөн дөрөвдүгээр сард Ховд аймагт очиж Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүдэд нэгжлэг хийсэн байдаг. Гэвч түүнээс хойш хэрэг хэрхэж буй нь тодорхойгүй нам жим болов. Албаны хүмүүс нь “Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа” гэхээс илүүг хэлэхгүй удлаа.

Түүнийг хэдэн жилийн өмнө цөөнгүй үндэслэлээр шалгаж байсан ч төрийн өндөр албан тушаалтан болсноос нь хойш тэгсхийгээд замхарсан. Тухайлбал, 2017 онд Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар (ГИХАЭГ)-ын удирдлагууд “Тайдер солюшн” гэх компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан байдаг.

Тодруулбал, “Монгол Улсын виз мэдүүлэх, түүнийг хянан шийдвэрлэх интернэт орчинд суурилсан мэдээллийн систем нийлүүлэх”, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бараа тээврийн хэрэгсэл, түүний жолоочийг улсын хилээр нэвтрүүлэх үйл ажиллагааг хөнгөвчлөх мэдээллийн систем бий болгох” гэсэн гэрээг 2013, 2014 онд байгуулсан гэдэг. Үнийн дүнд нь 159.5 сая төгрөг ГИХАЭГ-аас дээрх компанид төлжээ. Гэвч хуурамч гүйцэтгэлээр дээрх хэмжээний мөнгийг гаргуулан авч залилсан байж болзошгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан юм. Түүнээс хойш чухам хэрхсэн нь тодорхойгүй өнгөрсөн. ГИХГ-ын ажилтнуудын дунд “Тайдер солюшн” компани нь ГИХАЭГ-ын даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн эхнэрийнх гэсэн яриа ч тэр үед гарч байв.

Харин энэ удаад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст өөр хоёр ч үндэслэлээр Б.Пүрэвдорж гишүүнийг шалгаж байгаа юм. Тухайлбал, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар (ИХШХЕГ)-ын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр 2015 онд нээсэн байсан хэргийг нь сэргээсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас нүүрс тээвэрлэдэг БНХАУ-ын 306 иргэнд виз олгохдоо холбогдох хууль тогтоомж зөрчиж, энгийн тарифаар буюу нэг хүнээс 126 000 төгрөг хураах хууль бус үүрэг ажилтнууддаа өгсөн. Үүнээс нь болж 2013 оны арваннэгдүгээр сараас 2014 оны аравдугаар сар хүртэлх хугацаанд улсын төсөвт орох ёстой байсан 38.5 сая төгрөг ороогүй. Мөн БНХАУ-ын таван иргэнд яаралтай горимоор буюу нэг хүнээс 504 000 төгрөг хураах ёстой байхад энгийн тариф болох 252 000 төгрөг авч виз олгуулсан, дээрх хоёр үйлдлийнх нь улмаас улсын төсөвт 40 сая төгрөгийн хохирол учирсан гэх үндэслэлээр шалгаж эхэлснийг бид өнгөрсөн хавар мэдээлсэн.

Түүнчлэн Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас улсын төсөвт 236 сая 544 мянган төгрөгийн хохирол учруулсан гэх үндэслэлээр Б.Пүрэвдоржид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан ч 2016 оны нэгдүгээр сард хэргийг нь хэрэгсэхгүй болгосон. Тэгвэл ИХШХЕГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулсан дээрх үйлдлүүдийн улмаас улсын төсөвт нийтдээ 276.6 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг 2020 оны арваннэгдүгээр сард сэргээн шалгуулахаар прокурор шийдвэрлэж АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст нэмэлт ажиллагаа хийж эхэлснээс хойш жил шахмын хугацаа өнгөрч буй учраас ийнхүү дахин сануулж, хууль хяналтын байгууллагынхнаас хариулт нэхэж байгаа юм.

Эдгээрээс гадна эрхэм гишүүнийг Засгийн газрын тусгай сангийн хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Мал хамгаалах сангаас аж ахуйн нэгжүүд 40 тэрбум төгрөгийн хүүгүй зээл 2017 онд олгосон байдгаас 29 аж ахуйн нэгж ямар нэг төсөл хөтөлбөр ирүүлээгүй атлаа хууль журам зөрчин зээл авсан нь аудитын дүгнэлт, хууль сахиулах байгууллагынхны шалгалтаар тодорхой болсон аж. Тэдний дотор УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий хүн болох төрсөн эгчийнх нь нөхөр А.Цогт-Очирын үүсгэн байгуулсан “Жинст транс” ХХК 1.3 тэрбум төгрөгийн хүүгүй зээл авсан байдаг. 2014 онд байгуулсан тус компанийг 2019 оны хоёрдугаар сард Б.Төрмөнх гэж хүнд шилжүүлсэн байгаа юм. Барилга угсралт, хуурай замаар ачаа тээвэрлэх, фитнесс клуб, тээвэр зуучийн үйл ажиллагаа явуулдаг “Жинст транс” ХХК “Өвөл, хаврыг өнтэй давъя” аяны хүрээнд Мал хамгаалах сангаас дээрх зээлийг авсан бөгөөд төрд мөнгөө хугацаанд нь эргүүлэн төлөлгүй 1-2 жил болсон. Улмаар Мал хамгаалах сангийнхан шүүхэд хандаж байсан удаатай. Юутай ч ЖДҮХС-гаас УИХ-ын гишүүд нэн хөнгөлөлттэй зээл албан тушаалаа ашиглан авсантай адил үйлдэлтэй байж болзошгүй гэсэн үндэслэлээр Б.Пүрэвдоржийг шалгаж эхэлсэн юм. Шалгалтын явцад нэр бүхий улс төрийн албан тушаалтан хүүгүй зээл авахад нөлөөлсөн гэх нөхцөл байдал тогтоогдсон, эсэх нь одоо хүртэл тодорхойгүй байна. АТГ, прокурорын байгууллагынхан энэ хэргийг хэрхэн шийдвэрлэж буйг бид цаг тухайд нь нэхэн сурвалжилж мэдээлэх болно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид холбогдох хэргийг АТГ, прокурорынхон хэрхсэн бэ