Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөгжиж, дэвших боломжийг хамтдаа шийдье

Хятад улсад уламжлалт анагаах ухааны чиглэлээр бакалавр, магистрын түвшинд боловсроод, жирийн бус, өндөр дүнтэй төгсөж, багш нарынхаа хүндлэлийг хүлээсэн монгол оюутан бүсгүй сурч мэдсэнээ эх орондоо хэрэгжүүлэн ажиллаад хэдэн жилийн нүүр үзэж буй. Тэрбээр ирсэн цагаасаа л орон нутагт ажилласан бөгөөд өдгөө олон түмэнд хүндлэгдсэн эмч болсон төдийгүй мэргэжил, боловсролоо улам ахиулах хүсэл тэмүүлэлтэй. Үүнийхээ дагуу мэдрэлийн эмчээр мэргэшихийг хүсэж АШУҮИС-ийн дэргэдэх Мэргэжил дээшлүүлэх институтийн хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалтад хамрагдахыг хүссэн боловч хоёр жил дараалан татгалзсан хариу авчээ. Тодруулбал, уламжлалын чиглэлээрх бакалаврын зэрэгтэй эмч нарын хамрагддаг хөтөлбөрийн агуулга нөхөх багц буюу кредит цагийн сургалтын журмаас болоод тэрбээр ийм асуудалтай тулгарав. Элсэлтийн журамд нь “Хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалтад зөвхөн АШУҮИС-ийг төгссөн, уламжлалт анагаах ухааны их эмч элсэн суралцах боломжтой” гэж заасан байна.

АШУҮИС-ийг зүү эмчилгээ судлалаар төгссөн бол тус сургалтад элсэх боломжгүйг мөн дурджээ. Түүнчлэн АШУҮИС-иас бусад буюу дотоод, гадаадын их, дээд сургуулийг уламжлалт анагаах ухааны их эмчээр төгссөн бол энэ боломж хаалттай. Ийм шалтгааны улмаас ахиж дэвших, улам боловсрох, хөрвөх боломжоо “боомилуулсан” олон арван эмч байна.

Өнгөрсөн жилийн сургалтын журам ч ийм. Тодруулбал зөвхөн өөрийн төгсөгчдөд нээлттэй байжээ. Тиймээс энэ удаа боломж олдож магадгүй хэмээн горьдлого тээн ирсэн өнөөх эмч бүсгүй мөн л “хоосон хаалга” мөргөв. Мэдээж хөдөөгөөс нийслэл хүртэл унааны мөнгө, хоол, байр гээд багагүй зардал гаргасан байгаа. Үүний зэрэгцээ ажил, үр хүүхдээ зохицуулах гээд бас бус асуудал бий. Өнгөрсөн жил уг нь “Ирэх онд яах бол, элсэлтэд хамрагдах боломжтой юу” гэж АШУҮИС-ийн дэргэдэх Мэргэжил дээшлүүлэх институтийнхнээс тун тодорхой асуусан ч тоймтой хариу өгөх хүн олдоогүй гэнэ. Хариулах нь битгий хэл, хүний ярьж байгааг тогтож сонсох мэргэжилтэн олдоогүй учраас тэрбээр нялх хүүхэд рүүгээ яаран харьжээ. Ингээд нэг жилийн хугацаанд энэ талаар сураг тавьсаар тусыг эс олсон учраас бас л найдлага тээн энэ сарын эхээр Улаанбаатарт ирээд Мэргэжил дээшлүүлэх институтийг зорьжээ. Гэтэл сургалтын журам нь өнгөрсөн жилийнхтэй адил байж. Учир явдлаа хэлээд, дараа дараагийн удаа боломж нээгдэх, эсэхийг асуух гэтэл мөн л хариулах хүн олдохгүй үүднээсээ хөөгөөд “Гадаа наасан журмыг хар” гэхээс өөр зүйл хэлээгүйд тэрбээр бухимдалтай байв. “Энэ удаа дахиад л хэлгүй, дүлий мэт буцаад ирэх жил ахиад ирэх үү” гэсэн асуулттай тэрбээр тулгарчээ. Түүнтэй хамт дөрвөн эмч мөн ийм хариултаас өөр зүйл сонсоогүй талаараа хэлсэн юм. Хэдэн өдрийн ажлаа зохицуулж, чөлөө аваад хөдөөгөөс хотод бөөн зардал чирэгдэл болон ирчихээд ганцхан асуултад хариулт авч чадалгүй, хэдэр хэдэн үгнээс өөрийг сонсолгүй буцах болсондоо бухимдсан тэд “Ажил хариуцсан мэргэжилтнүүд “мэдэхгүй” гэдэг үгэнд л гарамгай юм байна. Уг нь сэтгэл гаргаад хэдхэн минут зарцуулаад учир байдлыг тайлбарлаж, бидний үгийг сонсож, хариуцсан албан тушаалтан, байгууллагад нь дамжуулж өгч болмоор санагдах юм” хэмээн гомдоллосон.

Энэ бол харилцаа, хүндлэлийн асуудал. Хэн хүнгүй, хаана хаанаа л бодож, тунгаах ёстой нийгмийн харилцаа юм. Тэд хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалтад хамрагдаж чадаагүйгээсээ илүүтэй энэ мэт үл ойлгомжгүй байдалд бухимджээ. Хэрэв өнгөрсөн жил яс тас хариулт сонсоод буцсан бол энэ удаа чирэгдэл болохгүй байсан нь ойлгомжтой.

Харин сургалтын хувьд яагаад хүссэн хүн болгонд нээлттэй бус байгаа талаар АШУҮИС-ийн дэргэдэх Мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Т.Баясгалангаас тодрууллаа. Тэрбээр “Бакалаврын боловсролын ялгаанаас болж ийм асуудал үүсэж байна. Жишээ нь, Хятадад анагаах ухааны сургуулиуд нь хосолсон хөтөлбөртэй учраас уламжлалтаар төгссөн хүн европ анагаахын чиглэлээр ажиллах эрх нь нээлттэй байдаг. Харин манайд энэ эрх зүй нь хаалттай. Уламжлалтаар төгссөн их эмч тэр чиглэлээрээ л эмчлэх эрхтэй. Тав, зургаан жилийн өмнө ЭМЯ болон Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй зөвшилцөөд хөтөлбөрийн үнэлгээ хийсний үндсэн дээр уламжлалт анагаах ухааны чиглэлээр суралцсан хүмүүсийг хөтөлбөрийн зөрүү гаргах сургалтад хамруулах боломжтой, эсэх талаар судалсан. Үнэлгээгээр 40 гаруй кредитийн зөрүү гарсан. Ингээд зөрүүг нь гаргаад суралцуулаад явахад уламжлалтаар төгссөн хүмүүст хүний их эмчийн чиглэлээр сурсан нэгэнтэй адил европ эмчилгээ эрхлэх боломж нь нээгдэнэ гэж үзсэн. Үүний хүрээнд уламжлалт анагаах ухаанаар сураад, хүний их эмчийн хөтөлбөр лүү шилжин багц цагийн зөрүү гаргасан тохиолдолд дотор, мэдрэл, сэргээн засал, гэмтэл гэсэн дөрвөн чиглэлээр европ анагаах ухаанаар үндсэн мэргэжил эзэмшиж болно гэсэн журам тухайн үед үйлчилж байсан. Өөрөөр хэлбэл, хөрвөн сурах боломж гадаад, дотоодын төгсөгчдөд нээлттэй байсан. Харин 2017 онд Эрүүл мэндийн сайдын 337 дугаар тогтоолын дагуу эл журмыг өөрчилсөн. Сайдын тогтоолтой уялдуулан баталсан шинэ журам, дүрэм нь түрүүн хэлсэнчлэн нөгөөх хөрвөн сурах боломжийг хаасан. АШУҮИС тэр журамтай нийцүүлээд монгол анагаах ухаан судлал болон хүний их эмч гэсэн хоёр ангийнхаа хооронд хэдэн кредитийн зөрүү байгаа талаар үнэлгээ хийсэн. Уламжлалт анагаах ухааны чиглэлээр төгссөн хүн нэмээд төчнөөн кредит нөхчихвөл хүний их эмчийн сургалтын хөтөлбөрийн дайтай байж болох юм байна. Гэхдээ хүний их эмчийн сургалтын бүх чиглэлээр бус, зайлшгүй шаардлагатай буюу дотор, мэдрэл, сэргээн засал, гэмтэл дөрвөөр хөтөлбөрийн зөрүү гаргасан хүн резидент эмчийн сургалтад хамрагдах боломжтой гэж үзсэн. Тухайн үед уламжлалын чиглэлээр сургалт явуулж байсан бусад зургаан сургуулиас манай сургуульд олон элсэгч орж ирсэн. Тэдгээр сургуулийн уламжлалын хөтөлбөр нь АШУҮИС-ийнхаас өөр, заримынх нь маш их ялгаатай байсан. Үүнтэй холбоотойгоор сургалтын чанарын асуудал гарч ирсэн. Үүнээс үүдэн тухайн үеийн удирдлагууд “Хөтөлбөрийн үнэлгээ хийсэн сургалтуудынхаа хүрээнд л агуулга нөхөх багц цагийн сургалт хийе” гэсэн шийдэлд хүрсэн. Энэ үнэлгээг зөвхөн өөрийн сургуульд л хийсэн учраас хамтрагч байгууллагууд, жишээ нь, “Этүгэн”, “Оточ манрамба” зэргээр бусад сургуулийн удирдлагад хандан “Танайх энэ хөтөлбөрөө манайхтай ижилсүүлээч” гэсэн хүсэлтээ тавьсан ч өнөөг хүртэл хариу өгөөгүй. Нэгэнт үнэлгээ нь дутуу учраас уг сургалтад хамрагдахыг хүссэн хүн бүхэнд боломжгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, зөрүүтэй тохиолдолд нэг сургалтын хөтөлбөрөөр үүнийг явуулж болохгүй. Гадаадад төгссөн хүмүүсийн хувьд ч асуудал дээрхээс ялгаагүй. Хөтөлбөрийн зөрүү нь тодорхойгүй. Хятад зэрэг улсад сураад бакалаврын зэрэгтэй төгссөн хүмүүсийн хувьд сургалтын хөтөлбөрийн агуулгын хавсралт гаргаж өгдөггүй. Өгсөн ч манай шаардлагад хүрдэггүй. Нэг бол манайд огт ордоггүй хичээл үзсэн байдаг. Тэгэхээр дүйцүүлэх ямар ч боломжгүй. Ийм шалтгаануудын улмаас бид зөвхөн хөтөлбөрийн үнэлгээ хийсэн хүрээндээ хүмүүсийг сургалтдаа хамруулдаг. Өөрөөр хэлбэл, сургалтын технологийн асуудлаас болоод бусад сургуулийнханд боломжгүй байгаа юм. Хэрэв бусад сургуулийн уламжлалт анагаах ухааны сургалтын хөтөлбөр нь АШУҮИС-ийнхтай ижилхэн, эсвэл кредитийн зөрүү гаргах хөтөлбөрийн агуулга нь адил бол асуудалгүй” гэж тайлбарлалаа. Түүнчлэн төгсөлтийн дараах сургалт явуулах эрх нь зөвхөн АШУҮИС-д бус, их сургуулийн статустай бусад сургуульд ч нээлттэй гэдгийг өгүүлэв. Түүний ярьснаар бол уг нь бакалаврын сургалтаа ахиулах хөтөлбөрийн сургалт учраас тухайн суралцагчийг төгсгөсөн сургууль нь энэ ажлыг хийх ёстой. Дээд боловсролын тухай хуульд ч энэ талаар “Их сургууль төгсөгчдөө мэргэжил дээшлүүлэх, ахисан шатанд сургах үүрэгтэй” гэж заажээ.

Өөр нэг асуудал нь, АШУҮИС-ийн Мэргэжил дээшлүүлэх институтийн хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалтыг хүмүүс улсын хэмжээнийх гэж буруу ойлгодог гэж тэрбээр онцлов. Түрүүн хэлсэнчлэн 337 дугаар тушаалаас өмнө улсын хэмжээнд эл сургалтыг явуулаад, гадаадад, ялангуяа Хятад, Тайвань, Хонконгт төгссөн хүмүүсийг хамруулдаг байжээ. Ингэхдээ үнэлгээг зөвхөн АШУҮИС уламжлалтынхаа хөтөлбөрт зөрүүг тооцоод сургалтад хамруулснаас үүдэн чанарын асуудалтай тулгарсан тул болиулах шийдвэрт хүрсэн юм байна.

Тэгвэл хөтөлбөрийн агуулга нөхөх багц цагийн сургалт АШУҮИС-ийн төгсөгчдөд нээлттэй байгаа нь ямар учиртайг тодруулахад “Энэ жилээр эл сургалтаа бид хаахаар төлөвлөсөн. Яагаад гэхээр, төгссөн хүмүүст маань лицензийн асуудал үүссэн. Анх уг хөтөлбөрийг хэрэгжүүлж байхад ЭМХТ-өөс төгсөгчдөд лиценз олгож байв. Уламжлалт анагаах ухааны эмч, эмчлэх эрх, хүний их эмч, эмчлэх эрх гэж гарч байлаа. Одоо харин бакалавр нь ямар лицензээр гарна түүгээрээ явна гэсэн асуудал үүссэн учраас энэ хөтөлбөрийг хаах хүсэлт тавьсан. Сургуулийн дотоод зохицуулалтаар гэх юм уу, уламжлалт анагаах ухааны сургуулийн удирдлагаас “Энэ сургалтыг үргэлжлүүлээч, манай суралцагчдад хэрэгтэй байна” гэсний дагуу явуулж байна. Энэ бол АШУҮИС доторх асуудал учраас өөрийн төгсөгчдөд нээлттэй байгаа юм” хэмээлээ. Энэ асуудлыг мэдэх албаны хүний үг ийм байна.

Гэхдээ энд бодох, санаачлах, шийдэх, хэрэгжүүлэх, хамтрах асуудал олон байх юм. Юуны түрүүнд, хүн өөрийгөө сорьж, хөрвөх боломж эрж хайж байхад ямар ч гарц, гаргалгаагүй, эрх зүйн орчин ч үгүй нь харагдлаа. Дээрх асуудал бол зөвхөн уламжлалт анагаахын чиглэлээр сурч, төгссөн хүмүүст хамаатай юм биш. Энэ мэтээр салбар болгонд хөрвөх, олон талаар, илүү хөгжих хүсэлтэй боловсон хүчин өчнөөн бий.

Гадаадад өндөр боловсрол эзэмшсэн ч энд “тохирохгүйн” улмаас хөрвөх арга хайж байгаа нь ч цөөнгүй. Засгийн газраас “Элсэлтийн ерөнхий шалтгалтад өндөр оноо авсан сурагчдыг гадаадын их, дээд сургуулиудад сургана” гээд сүртэй зарласан нь ердөө саяхан. Тэгтэл шийдлээ олоогүй энэ мэт асуудал байсаар. Дээр дурдсанчлан гадаадын нэр хүндтэй их, дээд сургуулиудад амжилттай сураад, өдгөө манлайлан ажиллаж буй залуу үеийнхэн маань “Эх орондоо хүний дайтай амьдрахын тулд тал бүрээр хөгжиж, урагшлахыг нийгэм, цаг үе шаардаж байна. Нэг талаар асар том хүсэл зорилго мэт боловч үнэндээ бол хөгжихийн хэрээр цалин хөлс нэмэгдэх “өчүүхэн нууц” бий. Харамсалтай нь, урагшлах хүсэлд саад, бүрхэг асуудал тулгарч байна. Тэр болгоныг хамтран ярилцаж, нийтэд хүртээмжтэйгээр шийдэх хэрэгтэй” хэмээснийг хаана хаанаа болгооно буй за.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Хөгжиж, дэвших боломжийг хамтдаа шийдье

  • Г.Чулуунцэцэг says:

    Гадаад, дотоод АШУИС-аас бусад их сургууль төгссөн олон залуусын эрх ашгийг хөндсөн сэдэв байна. Өнөөдөр ЭМЯамнаас цар тахалын үед ор дэлгэж болно эмч хүрэлцээгүй гэж уриг болгон хэвлэлийн хуралд дээр хэлдэг асуудлын шийдлийг хөндсөн чухал асуудлыг энэ сэтгүүлч хөндсөн байна. ЭМЯамны сайд 2017оны 337-р тогтоолоо эргэж харах шаардлага байна . ЭМЯамны маань эвэртэн тураатан хүмүүс маань эрүүл ухаанаар энэ асуудлыг авч үзээд үнэхээр тийм чанарын асуудал гардаг юм бол мэргэжлээрээ хэдэн жил ажиллсан гэж шалгуур тавиад хөдөөгийн эмч нараа мэргэшүүлэх тал дээр ахиц дэвшил гаргавал хамтдаа хөгжих нэг гарц байх болов уу.Ж.Эрдэнэ сэтгүүлчид тэнцвэртэй мэдээлэл хүргэсэнд баярлалаа