Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гэрлийн хайчинд орсон жолооч, явган зорчигч нэгнээ хардаггүй

Өнгөрсөн амралтын өдрүүдэд (2021.09.25-26) хот, хөдөөд авто замын хөдөлгөөн ихтэй, аваар ослын дуудлага цөөнгүй байв. Ослын улмаас хөдөөгийн замд хоёр хүн, хотод ч мөн тооны иргэн нас барсан байна. Зам тээврийн ослын улмаас хөдөөд 20 хүн бэртсэн бол хотод 10 хүн гэмтэж, зарим нь эдгэж эрүүл саруул болох, эсэх нь тодорхойгүй эмнэлэгт хүргэгджээ.

Хүний амь авсан ноцтой ослын шалтгаан нь хурд хэтрүүлсэн, зам муутай газар гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс улбаатай. Тухайлбал, Архангай аймгийн Хашаат сумд автомашинтайгаа зорчиж явсан иргэн урд яваа жолоочоо гүйцэж, түрүүлэх үйлдэл хийхдээ дүрмээ баримтлаагүйгээс онхолдож, машинд сууж явсан 7 сартай хүү нь газар дээрээ нас барсан эмгэнэлтэй хэрэг гарав. Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумын нутагт явган зорчигч автомашинд дайруулж амиа алдсан байна.  

Нийслэлд ч энэ төрлийн осол гарсан. Бямба гарагт Хүй 7 худгийн замд буюу “Монгол наадам” цогцолборын урд ноцтой осол болов. Улмаар мөргөлдсөн машинуудын жолооч хоёул эндэж, дөрвөн зорчигч хүнд гэмтсэн байна. Ослын шалтгааныг шинжээчид хурд хэтрүүлсэн гэж дүгнэлээ.

Жолооч нар Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хот дотор авто замаар 60, хөдөө тууш замд 80 км/цаг явах ёстойгоо мэдэхийн дээдээр мэддэг. Харамсалтай нь, жолооч нар хотын захад хүрч, тээврийн товчоо гарав уу, үгүй юү хурдаа нэмдэг аж. Тухайлбал, Улаанбаатар-Дархан-Уул аймаг чиглэлд гарсан жолооч км/цагаа тооцож, эндээс 3 цаг 30 минутын дараа очно хэмээн төлөвлөдөг. Ингэхдээ замынхаа нөхцөл, эвдрэл гэмтэлийг “мартаж” орхидог. Улмаар зарим яарсан нэг нь хурдаа нэмж цаг хугацааг товчлохоор яарсаар эргэж ирээгүй нь олон.

Үүнээс гадна хотын доторх явган зорчигч нэг нийтлэг алдаа гаргадаг гэнэ. Тэд жолооч өөрийг нь харж буй гэдэгт 100 итгэдэг. Үгүй, жолооч явган зорчигчийг тэр бүр харахгүй. Ялангуяа, орой үдшээр машин хоорондын гэрлийн хугаралд явган зорчигч харагддаггүй. Явган зорчигч ч гэрлийн хайчинд орж машин хаанаас ирж буйг баримжаалах чадваргүй болдог. Товчхондоо, жолооч, явган зорчигч гэрлийн хайчинд орвол нэг нэгнээ хардаггүй. Өөрийгөө болон хайртай хүмүүсээ, бас бусдын амьдралыг баллахгүйн тулд Замын хөдөлгөөний дүрмээ мөрдөөрэй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.