Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хүртээмжтэй өсөлтийг хангахыг уриалав

Дэлхий дахин 1980, монголчууд 2007 оноос тэмдэглэх болсон Дэлхийн аялал жуулчлалын өдөр өчигдөр тохиолоо. Цар тахлын хүнд сорилтой нүүр тулсан эгзэгтэй цаг үед тохиож буй учраас 42 дахь удаагийн энэхүү өдрийг “Хүртээмжтэй өсөлтийг хангах аялал жуулчлал” уриан доор тэмдэглэх чиглэлийг Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас өгсөн юм. “Ковид-19”-өөс үүдэлтэй эрсдэл буурч, утаагүй үйлдвэрлэлийн салбар сэргэснээр нийгэм, эдийн засагт хүртээмжтэй өсөлтийг авчирна хэмээх өөдрөг төсөөллөөс үүдэн ийнхүү уриа дэвшүүлжээ. Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Зураб Пололикашвили “Агаарын тээврийн томоохон компаниас эхлээд гэр бүлийн жижиг бизнес, хөгжингүй улс, хотуудаас авхуулаад хөдөөгийн алслагдмал суурин хүртэл аялал жуулчлалаас үр ашиг хүртэх ёстой. Үүнийг хангахын тулд улс орнуудын Засгийн газар, Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын гишүүн байгууллагууд гар нийлэн ажиллах нь чухал. Хүртээмжтэй өсөлтийг хангах, сайжруулах шийдвэр гаргах нь салбарын хөгжлийг зөв зүгт чиглүүлэх луужин болно” хэмээн онцолсон бол БОАЖ-ын сайд Н.Уртнасан “Гадаад жуулчдын урсгал сэргэх хүртэл дотоод нөөц боломжоо ашиглан, үйлчилгээний чанар, стандартуудыг сайжруулж, шаардлагатайг нь шинэчлэн, хүний нөөцийн тогтвортой байдлыг хангах нь зүйтэй. Агаарын тээврийн салбарт чөлөөт өрсөлдөөнийг дэмжих зорилгоор Увс, Ховд, Өвөрхангай, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод аймгийн нисэх буудлыг олон улсын ангилалд шилжүүлж, өргөжүүлэх ажлыг ЗТХЯ, авиа компаниудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Түүнчлэн Монгол орныг дэлхийд нэгдсэн бодлогоор сурталчлах ажлуудыг Гадаад харилцааны болон Соёлын яамтай хамтран хийнэ” гэв.

Энэ өдөр ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Өвөрхангай аймгийн ЗДТГ хамтран “Хархорум хот-Торгоны зам” эрдэм шинжилгээний хурлыг цахимаар зохион байгуулсан бол Монголын аялал жуулчлалын холбооноос салбарын судлаач, эрдэмтдийг хамруулсан “Гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ. Мөн нийслэлийн Аялал жуулчлалын газар хүүхэд, залууст зориулсан “Улаанбаатар хотын аялал” арга хэмжээ санаачилж, хэрэгжүүллээ. Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтсан бас нэг онцлог үйл явдал болсон нь БОАЖЯ, “Аялал жуулчлалын хөгжлийн төв” ТӨҮГ-ын урилгаар герман сэтгүүлчид Монголд ирсэн юм. Ирэх оны нэгдүгээр сард ХБНГУ-ын Штутгарт хотод болох CMT-2022 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд манай орон түншээр оролцохтой холбогдуулан, мөн эх орноо сурталчлах зорилгоор тэднийг урьжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.