Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Оюутнууд одоо л мэрийх цаг, эс бөгөөс оройтно”

Оюутнуудад цар тахлаас айж, эмээж буй шинж алга. Бараг л ердийн үеийнх шигээ бужигнаж байна. Сургуулиуд лекцийн хичээлээ онлайнаар, харин семинарыг танхимд явуулж буй. Нэг ангид 20-30 оюутан амны хаалттай сууж хичээллээд тардаг. Ам нь хаалттай болохоос бусад талаар бүхий л зүйл нээлттэй гэхэд хилсдэхгүй. Найзуудаараа мөр мөрөө түшин суугаад утсаа “маажна”. Нэг дор олуулаа хооллоно. Хоорондоо юу ч байсан дамжуулна. Тэр бүрт гараа угаахгүй. Нэгэн бодлын ингэж шулуудсан нь зүгээр ч юм шиг. Санаа сэтгэл тайван байхад дархлаа сайн байдаг гэдэг. Нөгөө талаар бөөн эрсдэл, аюул учирч ч мэдэх. МУБИС-ийн оюутнууд өчигдөр цахим хуудсаараа дамжуулан ямар мэдээлэл солилцож, юу юу ярьсныг анзаарсан юм. “Засгийн газраас асууя, бид энэ жил өвлийн хувцас худалдаж авах юм уу, яах юм бэ, гялс хариу”. “Манай сургуульд дээд курсийнхэн гэж байхгүй, харин ургацынхан л гэж байдаг бололтой. Сонгуулийн судалгааны ажилд 25 хүн авна гэнэ, бүртгүүлэх үү. Байгалийн ухааны Пүрэвдорж багшийн хичээл нь орж байна уу. Математикийн ангийн аниа нар аа, бодлого заагаад өгөөч. Философийн С.Байгалмаа багшийн цахим хаяг байвал өгөөч. Би нэгдүгээр курсийн оюутан юм. Мэтгэлцээн, илтгэх урлагийн клуб гэж байдаг юм болов уу. Мөн сагсан болон гар бөмбөгийнх бий юү. Эсвэл оюутнууд өөрсдөө клуб байгуулдаг юм болов уу”. “Нөүтбүүк зарна, хямдхан”.

Эндээс харахад бүх зүйл тайван, цар тахал үгүй мэт налайцгааж байх шиг. Гагцхүү сурах их үйлсдээ хэрхэн хандаж, ойрын болон алс ирээдүйгээ яаж төсөөлж, бэлтгэж байна вэ гэсэн асуулт байна. Улс орон даяар их, дээд сургууль, коллежид суралцаж буй 147.2 мянга орчим оюутны сурах, тэдэнд хичээл зааж буй багш нарын сургах хөдөлмөр үр дүн хэр өгч байна вэ.

МУИС-ийн Байгалийн ухааны сургуулийн оюутан асуултад минь ийнхүү хариулсан юм. “Одоо лекцийг онлайнаар, семинарын хичээлийг танхимаар явуулж байгаа болохоор сургалтын чанар арай дээрдсэн. Өмнө нь аль аль нь цахимаар байхад ёстой л өнөөх нүглийн нүдийг гурилаар хуурах гэдэгтэй адил юм болж байлаа. Би одоо гуравдугаар курст суралцаж байна. Өмнөх хоёр хичээлийн жилд ойлгосон юм ер нь тааруу. Мэргэжил сонгоод, төлбөрөө төлөөд яваад байдаг, мэргэжилтэн болж төгсөх, эсэхээ мэдэхгүй л байна. Хими, биологи, уул уурхайн чиглэлийн хичээлийн лекцийг 100-гаад хүүхэдтэй хамт цахимаар сонсоод, семинарт ч гэсэн алсын зайнаас оролцож ойлгоно гэж байдаггүй юм билээ. Мэдээллийн технологи ч юм уу, амьдралд ойр хичээлүүдийг ухаж төнхөөд байвал ойлгох бололтой. Харин шинжлэх ухааны илүү нарийн мэдлэгийг бол барахгүй. Лекцийн үеэр багшаас асуух нь бараг хориотой. Яагаад гэхээр би мэдэхгүйгээ тайлбарлуулаад байхаар тэр олон хүүхдийг цаг хугацаагаар хохирооно гэсэн ойлголттой учир хэн ч асууж зүрхлэхгүй. Анхнаасаа багш нар байн байн асуугаад байвал хичээл цагтаа багтахгүй гэсэн ойлголт өгсөн юм. Оюутнууд кредит цагийн өрөнд орохгүйн тулд л хичээлд суусан болдог. 07.40 цагийн лекцийн үеэр зарим оюутан чанга яригчаа нээлттэй орхиод унтчихна. Хурхираад л байна. Бусдын анхаарал сарнина. Ингээд тэр хичээл ор нэрийн төдий өнгөрөх жишээтэй. Бид ингэж суралцаж ирлээ” гэсэн юм.

2020 оны дүнгээр улсын хэмжээнд их, дээд сургууль, коллежид эрэгтэй 57 830, эмэгтэй 89 463 оюутан суралцаж байв. Энэ жил ч гэсэн энэ хэрийн оюутан суралцаж буй болов уу. Аль ч их, дээд сургуулийн нэгдүгээр курсийнхэн онлайнаар лекц сонсож, ойлгох гэж нэлээд зүдэрч байгаа аж. Багшийн компьютерын дэлгэц дээр сайн л бол 10, ихэнхдээ 8-9 оюутан харагдах бөгөөд бусад 50, 60, зарим сургуулийн 100-гаад оюутны хэн нь хаана байгаа нь мэдэгдэхгүй. Цар тахлын үед их, дээд сургуулиуд хичээлээ иймэрхүүгээр явуулсаар. Асуултад хариулсан залуу “Семинарын хичээл танхимаар орж эхэлсэн дээр нь алдаж, алгассанаа нөхөж авахаар хичээж байгаа. Ингээд ирэхээр оюутанд ч, багшид ч ачаалал нэмэгддэг юм байна” гэж байлаа.

Мөн нэгэн хуулийн сургуулийн оюутан хэрхэн хичээллэж байгаа талаараа ярьсан юм. Онцлог нь сургалтын байгууллагын нэрийг бичихгүй байхыг хүссэн. Тэрбээр “Цар тахал оюутнуудын ч, багш нарын ч хэн нь хэн болохыг шалгаж байна гэж хардаг. Сошиалд сургуулийнхны группт хэн, юу гэж бичдэгээс бүх юм ил. “Ковид-19”-өөр хөнгөн өвдсөн оюутнууд гэрээсээ лекцээ цахимаар сонсдог. Харин семинартаа очиж чадахгүй болохоор тухайн хичээлд юу юу үзэж, тайлбарласан тухай багш нараасаа онлайнаар мэдээлэл өгөхийг хүсдэг л дээ. Тэгэхэд уриалгахан хүлээж авч, оюутны хүсэлтийг биелүүлдэг нь цөөн. Нэг багш бүр “Та нарын өвдсөн нь бусдад хамаагүй шүү дээ. Өөрсдөө дараа нь нөхөж ойлгож авбал та нарт л хэрэгтэй. Тэр бүрийд багш нар илүү цагаар ажиллавал юу болох вэ” гэсэн байсан. Коронавирусийн халдвараар хөнгөн өвдөх нь нэг хэрэг. Өвчин нь хүндрээд, хэвтэрт удах зэрэгт бол ямар ч хэлбэрээр хичээлээ хийх боломжгүй болно. Тийм тохиолдолд ч сургууль, багш нарын зүгээс ямар нэгэн арга хэмжээ авдаггүй. Тэгэхээр ер нь өвдсөн хүмүүсийн хохь гэсэн үг. Нэгэн оюутан “Би халдвар авсан. Шинжилгээний хариу эерэг гарсан. Гэсэн ч хичээлээс хоцормооргүй байгаа тул амны хаалтаа зүүгээд семинартаа очих болно. Надад өөр арга байхгүй. Нийт суралцагсад, багш нараасаа уучлалт гуйя” гэж сануулсан ч байсан. Энэ мэтийн яах ч аргагүй тохиолдол олон гарах шинжтэй. Эцсийн дүнд оюутан өөрийнхөө төлөө хэр хичээхээс бүх зүйл шалтгаална гэж бодож байна. Хичээлээ ойлгохгүй байгаа бол багш дургүйцэж, ундууцаж байсан ч асууж, учрыг нь олох ёстой. Үүний төлөө, мэдлэг олж авахын тулд сургуульд сурч, мөнгө төлж байгаа шүү дээ” хэмээн ярьж байлаа.

МУБИС-иар ороход үүдэндээ халдвар, хамгааллын дэглэмийг чандлан баримтлах талаар УОК болон холбогдох газраас гаргасан дүрэм, журам, тушаал зэргийг байршуулжээ. Харин сургуулийнхан биелүүлж, хэрэгжүүлдэг нь хэр бол гэхээр. Хаалганы хажуугийн цонхны наана байх сандал дээр оюутан охид чихцэлдэн сууна. Сургууль руу орж, гарч буй хүмүүсийг хаанахын хэн болохыг асуух хүн алга. Дээр дурдсанчлан энэ нь нэгэн бодлын зүгээр ч юм шиг. Үргэлж “Гараа ариутга”, “Биеийн халуунаа хэмжүүл” гээд байх нь уг өвчний талаар байнга сануулаад, чихэнд хонх уях мэт яршигтай ч юм шиг. Их, дээд сургуулиуд хэрхэн хичээллэж, оюутнууд нь сурах үйлсдээ яаж хандаж байгааг тандаж явах зуураа “Хичээлийн хоёр жил бол ерөөсөө алдагдсан юм байна даа. Оюутнууд шамдахгүй, хөөцөлдөхгүй бол багш нар төдийлөн санаа тавихгүй юм байна” гэх бодол төрсөн юм. Үүнийг батлах мэт хариуг нэгэн багшаас авав. Тэрбээр нэрээ дурдуулахыг хүсээгүй бөгөөд “Хэн хүнгүй цөвүүн цагийн золиос болж байна. Оюутнуудын ирээдүй ямар байх нь одоогийн хичээл зүтгэлээс нь хамаарна. Ойлгохгүй байна, тайлбарлаад өгөөч гэж “хормойдоод” байвал тэгтлээ дургүйцэх багш байхгүй болов уу. Бид ядардаг. Ачаалал маш ихэссэн. Гэсэн ч хүүхэд сурах гээд тэмүүлээд байхад би л лав зугтааж чадахгүй” гэж байлаа. Мөн тэрбээр “Үнэнийг хэлэхэд лав ойрын хоёр, гурван жилдээ их, дээд сургуулиудын төгсөгчдийн ур чадвар маш сул байх нь гарцаагүй. Яагаад гэхээр хаана хаанаа сургалт чанартай явагдсангүй” хэмээн нэмж хэлсэн юм.

Консерваторт очиж, багш нарын санаа бодлыг сонслоо. “Хичээлийг танхимаар оруулж эхэлснээс хойш ядаргаа тайлагдах шинжтэй. Цахимаар явуулж байхад юу болж байсан гэж санана. Ганцаарчилж, бүр гарынх нь тавилыг хүртэл нэгбүрчлэн харж, зарим үед гар, тохойд нь хүрч заадаг тул алсаас энэ бүхнийг үгээр тайлбарлаж ойлгуулах гэж их ядарч байлаа. Мөн суралцагсдын идэвхийг бууруулахгүйг хичээж, шавь нараа олон улсын онлайн уралдаануудад бэлтгэн оролцуулж байснаар бас л өөрсдөдөө ачаалал нэмж байв. Ямар нэгэн аргаар шалтаг олж, хүч нэмж, шаардаж байхгүй бол хүүхдүүд хөгжмөө давтахгүй байх талдаа учир ийнхүү хичээж ирсэн” хэмээн ярьцгааж байна.

Цар тахлын үед их, дээд сургуулиуд хичээлээ хэрхэн явуулж, суралцагсад нь яаж хүлээж авч, оролцож, багшийн заасныг өөрийн болгож буй талаар мэдээлэл бэлтгэхэд ийм байна.

Оюутнууд одоо л мэрийж, хөтөлбөрөө гүйцэхийн төлөө хичээхгүй бол оройтож мэдэхээр байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.