Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хөнөөлт шавжтай тэмцэхэд хөрөнгө, хүч дутаж байна

Монгол орны ой бүхий талбайн хэмжээ өнгөрсөн онд 0.1 хувиар нэмэгдэж, найман хувьд хүрснийг албаны хүмүүс танилцуулсан. БОАЯЖ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрынхан “Ой бүхий талбайг ойрын жилүүдэд есөн хувьд хүргэнэ. Үүний тулд олон ажил шат дараатай хийхээр төлөвлөсөн” хэмээн мэдээлсэн. БОАЖ-ын болон Сангийн сайд хамтарсан тушаал гаргаж, “Ойжуулалт, ойн аж ахуйн арга хэмжээний зардлын норматив”-ыг шинэчилсэн. Тодруулбал, нэг га талбайг нөхөн сэргээх, ойжуулах төсвийг нэмэгдүүлсэн юм. Эл шийдвэрт салбарын мэргэжилтэн, судлаачид ам сайтай буй. Тэд “Нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх, үр дүнг нь сайжруулах боломж бүрдлээ. Ойн санг хамгаалах, нэмэгдүүлэх чухал хөшүүрэг боллоо” гэж байна.

Ойд нөхөн сэргээлт мэдээж чухал. Мод, бут нэмж тарих шаардлагатай юу гэвэл эргэлзээгүй тийм. Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийг ч дэмжих хэрэгтэй. Гэхдээ үүнээс урьтаад ойд үүрлэсэн бие жижиг, бэлчээр томтой хортон дайснуудыг устгах шаардлагатайг учир мэдэх хүмүүс анхаарууллаа. Тэр дайсан бол ойн хөнөөлт шавж. Хэрэв үүнтэй дорвитой тэмцэж, хүчрэхгүй энэ хэвээр байвал Монголд эрүүл ой үлдэхгүй, нөхөн сэргээлтийн үр ашиг гарахгүй хэмээн судлаачид онцлож байна.

Мэргэжилтнүүд “Ойн хортон шавж тодорхой давтамжтай хугацаанд голомтлон тархдаг. Энэ жил их тархалтын үе тохиож байна. Ирэх онд ч ийм байх шинжтэй” гэж мэдээлсэн. Харин мэргэжлийн судлаачид “Хөнөөлт шавж олширсон нь гэнэтийн хэрэг биш. Цаашид тархалт нь улам нэмэгдэж, үлэмж хэмжээний хохирол учруулж болзошгүй” гэж сэрэмжлүүлэх болов. Зарим судлаач шинэ төрлийн хортон шавж Монгол орны ойд хэдийн гамшиг учруулж эхэлсэн талаар хөндөв.

БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрын дарга асан, судлаач, доктор М.Тунгалаг “Өмнө нь зөвхөн сурах бичгээс зургийг нь хардаг байсан шинэсний шилмүүс хуйлагч (zeiraphera diniana) аюул тарьж байна. Сайтар анзаарвал шинэс моддын хооронд аалзных шиг тор дүүрэн болсон. Энэ нь угтаа шилмүүс хуйлагч хэмээх хөнөөлт шавж манайд голомтлон үүрлэсний илрэл. Эл шавж Улаанбаатарын ногоон бүс, Хөвсгөл далайн хүйснээс Ханх хүртэл тархаад удлаа. Өнгөрсөн зуны эхээр хүйтэн бороо их орсны ачаар аюул бага өнгөрсөн. Ирэх жил шинэс моддыг нүцгэлэх аюул бий. Гэтэл хортон шавжтай тэмцэх төсөв жил ирэх тусам буурч байна. Өвөл, хавартаа бэлдэж, ойн төсвөө эргэн харцгаая” гэсэн бол ХААИС-ийн доктор, судлаач Ц.Лхамжав “Модлог ургамлын навч, шилмүүс, холтос, үр боргоцой, үндсээр хооллодог ойн шавжийн тоо хэвийн хэмжээндээ байх нь биологийн тэнцвэрт байдлыг хадгалахад чухал нөлөөтэй. Харин хэвийн хэмжээг давбал ойг доройтуулж, өвчлүүлж, сэргэн ургах чадамжгүй болгодог. Хортон шавжид эзлэгдэж, доройтсон ой түймэрт шатсанаас ялгаагүй.

Монгол төдийгүй дэлхий дахинд сүүлийн жилүүдэд хөнөөлт шавжийн аюул ихэссэн нь уур амьсгалын өөрчлөлт, экологийн доройтолтой холбоотой. Мэргэжлийн байгууллагын судалгаанаас үзэхэд, сэрүүн бүсийн ойд хүртэл ийм шавж их хэмжээгээр тархсан байна. Дархан цаазтай Богдхан уул, Гацуурт, Тэрэлжийн ой бүхэлдээ шавжны үүр болон эзлэгдсэн.

Олон улсад ойрхог чанарын үзүүлэлт гэж ойлголт бий. Энэ нь ойг талбайн хэмжээгээр бус, хэр зэрэг эрүүл вэ гэдгээр нь үнэлдэг үзүүлэлт. Салбарын үр ашиг, ач холбогдлыг үүгээр тогтоодог. Манай улсын ойгоор бүрхэгдсэн талбайн хэмжээ 12.5 сая га. Үүний нэг сая орчим га нь энэ шаардлагыг хангадаг. Ногоон, тогтвортой хөгжилд тэмүүлж буй бол эрүүл ойн хэмжээг нэмэгдүүлэхэд, хортон шавжийн тархцыг бууруулахад зайлшгүй анхаарах ёстой. Байгаль, цаг уурын онцлогоос хамаараад Монголын ой харьцангуй удаан ургадаг, нөхөн сэргэх чадвар тааруу. Энэ бол маш том сул тал. Тиймээс хөнөөлт шавжид боломж олгож, байгаа жаахан нөөцөө барагдуулж болохгүй” гэв.

Хачирхалтай нь, ойн хөнөөлт шавжийн тархалт, учруулах хор уршиг жилээс жилд ийнхүү нэмэгдсээр байхад устгалын ажилд төсөвлөдөг хөрөнгө эсрэгээрээ буурчээ. Үүнээс болоод тэмцлийг өргөн хүрээнд зохион байгуулж чаддаггүй гэнэ. Төсвөөс хуваарилсан мөнгийг эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэсэн зарчмаар аймаг, сумуудад “амсуулах” төдий өгдөг юм байна. Энэ жил гэхэд голомттой газрын таван хувьд шавж устгах арга хэмжээ авчээ.

“Ойн судалгаа, хөгжлийн төв” ТӨҮГ-ын нэгэн мэргэжилтэн энэ талаар “Манай газар ой бүхий есөн аймгийн 117 сумын 1.3 сая орчим га талбайд тооллого, судалгаа хийсэн. Үүний 740 мянган га-д хортон шавж ямар нэг хэмжээгээр тархсан, 590 мянган га-д голомт үүссэн байсан. Голомттой буюу зайлшгүй арга хэмжээ авах шаардлагатай 590 мянган га газрын 34 000-ыг нь энэ жил хамгааллаа. Хуваарилсан төсөв, өгсөн үүрэг чиглэлийн дагуу ажлаа гүйцэтгэсэн. Төсөв хүрэлцээгүйгээс хангалттай хэмжээнд ажиллаж чаддаггүй” гэв. “Ойн бодлого тодорхойлоход, тайлан, дүгнэлт үйлдэхэд, судалгаа хийхэд гол үүрэг гүйцэтгэдэг ганц байгууллага нь танайх. Хөнөөлт шавжтай тэмцэх төсвийг нэмэгдүүлэх чиглэлд хэр санаачилгатай ажилладаг вэ” хэмээн түүнээс асуухад “Бид тайлан, судалгаанд үндэслээд, ийм хэмжээний төсөв шаардлагатай гэсэн тооцоо гаргаж, түүнийгээ БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтыг газарт уламжилдаг. “Төсөв бага. Тааруулж ажлаа төлөвлө, гүйцэтгэ” гэсэн шаардлага тавьдаг. Улсаас олгодог төсөв нь ийм учраас яах ч аргагүй” гэлээ.

Хортон шавжтай тэмцэхэд зориулдаг төсөв хангалтгүй учраас орон нутгийн байгууллагууд ч зорьсон хэмжээндээ ажиллаж чаддаггүй байна. Ийм байдал тогтоод удаж буй учраас аймаг, сумын удирдлагууд хувийн хэвшлийнхнийг царайчилж, тусламж гуйх нь элбэг аж. Архангай аймгийн БОАЖГ-ынхан “Хортон шавж устгалд шаардагдах зардлын 30-40 хувийг орон нутагт олгодог. 50 хувийг нь хуваарилбал ихэд тооцогддог” гэсэн бол Хөвсгөлийн БОАЖГ-ын мэргэжилтэн “Төсвийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Гэхдээ маш хангалтгүй. Ойн хөнөөлт шавж голомтлон, их хэмжээгээр тархсан газруудад Хөвсгөлийн тайга багтаж буй. Сүүлийн жилүүдэд ихээхэн доройтсон. Дорвитой арга хэмжээ авах цаг хэдийн болсон” хэмээн ярилаа.

БОАЖЯ жил бүр Байгаль орчны төлөв байдлын тайлан гаргадаг. Утаагүй түймэр гэж салбарын эрдэмтэн, судлаачид тодорхойлдог хөнөөлт шавжийн тархалт манай орны ойн санд утаат түймрээс илүү аюул заналхийлэл учруулж байгааг энд онцлон дурджээ. Хэрэв бид энэ асуудалд одоогийнх шиг алмайрсан, тоомжиргүй байдлаар хандвал ирээдүйд ногоон бүсэд чөлөөтэй зорчих, ойн дагалт баялаг (самар, жимс)-аас хүртэх боломжгүй болно. Цаашлаад цэвэр ус, цэнгэг устай байх, эсэх асуудал тулгарна. Учир нь ой бол экосистемийг тэнцвэржүүлэгч, байгалийн нөөцийг сэргээгч эх ундарга. Харин хөнөөлт шавжид дарлагдсан ой энэ үүргээ гүйцэтгэх нь бүү хэл, ойр орчимдоо “хор” түгээх аюултай.

Бэлтгэсэн Ж.Сувд

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.