Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Месси хэзээ “анхны” гоолоо оруулах вэ

ПСЖ багийн дасгалжуулагч М.Почеттино Л.Месситэй мэндлэхээр гараа сунгаж буй зураг саяхан дэлхийн спортын бүхий л хэрэгс лээр “од” болов. Гэвч супер од дасгалжуулагчтай гар барьсангүй, ердөө харц тулгарахад л хангалттай гэж үзсэн. Мөн хэдэн үг нэмж хэлжээ. Сэлгээний суудалд суух зуураа Л.Месси сэтгэл тун дундуур байгаагаа хэнээс ч нуухыг хүсээгүй.

Уг нь “Лион”-ы эсрэг тэрхүү тоглолтын өмнө ПСЖ багийн хөгжөөн дэмжигчид түүнийг дуу шуугиантай угтаж авсан. Учир нь Л.Месси анх удаа “Парк де Пренс” цэнгэлдэх хүрээлэнд “мөрөө гаргасан” юм. Хөгжөөн дэмжигчид ч мэдээж түүнээс гоол хүлээж байв. Гэтэл үүний оронд тэд хөндлөн болон хэдэн үзүүштэй дамжуулалт, мөн сэлгээг нь л үзэх хувьтай байжээ.

Статистикийн хувьд Леогийн үзүүлэлт тийм ч муу биш байв. Хэдий түүнийг сэлгээнд суулгах үед тооны харьцаа 1:1 байсан ч тэрбээр тоглолтын шилдгүүдийн нэг нь болсон юм. WhoScored сайт түүний тоглолтыг 7.3 оноогоор үнэлсэн агаад эл тоглолтод түүнээс илүү үнэлгээг Неймар л авсан. Францын хэвлэлийнхэн ч аргентин довтлогчийн тоглолтод сэтгэл хангалуун үлдэж, шүүмжлэл хэлсэнгүй. “Лион”-ы эсрэг Лео 76 минут тоглохдоо хаалга руу дөрвөн удаа цохиж, гурван удаа амжилттай хуурч, 83 хувийн оновчтой дамжуулалт өгсөн юм. Түүнд ердөө гоол болон гоолын дамжуулалт л дутсан. Гэхдээ энэ бүхэн Английн “Премьер лиг”-т болж буй “үйл явдал”-тай харьцуулахад дэндүү өөр байна. Учир нь К.Роналду тус лигт эргэн ирээд “Манчестер юнайтед”-ийн төлөөх тоглолт бүртээ гоол оруулж байна. Тэгтэл Л.Мессид гоол оруулах тал дээр илт бэрхшээл байна, нэмээд дасгалжуулагчтайгаа үл ойлголцож эхлэх шиг.

Гэхдээ сөргөлдөөн үүсвэл эхний ээлжинд хэн нь буруутахыг М.Почеттино сайн мэдэж буй. Дасгалжуулагч эсвэл тоглогчийн хэнийх нь талд орох, эсэх тухайд бол багийн удирдлага огт эргэлзэлгүй Л.Мессиг сонгоно. Магадгүй үүнээс ч болсон уу, Л.Мессигийн талаар тэрбээр нэг ч муу үг тоглолтын дараа унагаагүй.

“Зарим шийдвэр тоглогчдод эерэг тусдаг, заримдаа үгүй. Тийм болохоор л дасгалжуулагч хүн шийдвэр гаргахын тулд сэлгээний тоглогчидтой ойрхон суудаг юм. Би түүнийг талбайгаас гарахад ямархуу байгааг нь асуухад тэр бүх зүйл хэвийн, асуудал байхгүй гэж хэлсэн” хэмээн М.Почеттино тоглолтын дараа ярьсан юм.

Гэхдээ мэдээжийн хэрэг багийнхаа тоглолтын схемд Л.Мессиг хэрхэн уялдуулж, ур чадвар, авьяасыг нь дээд зэргээр ашиглахыг тэр л шийдэх ёстой. Магадгүй үүнд нь доорх хоёр хүчин зүйл сөргөөр нөлөөлж байна.

Нэгдүгээрт, Л.Месси багийнхаа ганц лидер нь байсаар ирсэн. Тийм ч учраас довтолгоонд түүнтэй хамт тоглох нь “Барса”-д ирж байсан олон тоглогчийн хувьд амаргүй байсан биз. 15 жилийн хугацаанд Д.Вилла, Л.Суарес нар аргентин тоглогчийн дэргэд гайхалтай тоглож байв. Гэтэл ПСЖ-д Л.Мессигийн сүүдэрт бус эн тэнцүү тоглох хүсэлтэй (мөн чадалтай) Неймар, К.Мбаппе гэсэн хоёр тоглогч байна. Тэд энэ багт тоглоод сурсан, довтолгооны тактик дээр ойлголцчихсон тоглогчид. Одоо харин Л.Месситэй гар нийлж тоглоход суралцах, харилцан ойл голцох шаардлага хэн хэнд нь гарч ирэв. Хоёрдугаарт, Л.Месси энэ зун бараг амраагүй. Америкийн цомд шигшээ багийн хамтаар түрүүлэхийн тулд тэрбээр урт зам туулсан. Дараа нь ПСЖ-д ирсний улмаас хангалттай бэлтгэл хийж амжаагүй.

Гэхдээ Л.Месси тун удахгүй жинхэнэ “төрхөн”-дөө орж хөлбөмбөг сонирхогчдыг гайхалтай тоглолтоороо бишрүүлэх нь гарцаагүй. Үүний тулд дасгалжуулагч, багийн андууд болон хөлбөмбөг сонирхогчдод тэвчээр хэрэгтэй. Хэрэв улирлын эхнээс л багт зөрчил үүсвэл энэ нь “Аваргуудын лиг”-т аваргалах том амбицтай Л.Мессид ч, ПСЖ багт ч тус болохгүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.