Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийн оюутны спортын өдрийг тэмдэглэлээ

Дэлхийн оюутны спортын өдөр өчигдөр тохиолоо. ЮНЕСКО-гоос 2015 оны арваннэгдүгээр сарын хурлаараа жил бүрийн есдүгээр сарын 20-нд уг өдрийг олон улсын хэмжээнд тэмдэглэхээр тунхаглажээ. Үүний хүрээнд Монголын оюутны спортын холбоо, Үндэсний биеийн тамирын дээд сургууль хамтран “Оюутны биеийн тамирын боловсрол, спортын хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. Оюутнуудын биеийн тамирын хичээлд хандах хандлага, үндэсний бөх ба сэргээшийн асуудал, суралцагчдын эрүүл мэндийг эрчимтэй хөдөлгөөнөөр дэмжих зэрэг асуудлыг энэ үеэр хэлэлцэв. Уг хурлаар 13 оюутан, дөрвөн багшийн судалгааны бүтээлийг хэлэлцүүлж, судлаач оюутан, судлаач багш гэсэн хоёр төрөлд шилдгүүдийг шалгаруулсан юм.

Судлаач оюутны төрөлд Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан Д.Пүрэвбатын “Спортын тэмцээний мэдүүлэг ба овог” бүтээл тодорчээ. Олимп, ДАШТ зэрэг олон улсын тэмцээнүүдэд оролцсон манай тамирчдын хувцсан дээр өөрийнх нь нэр бус, овгийг нь бичсэн байдгийг бид мэднэ. Энэ нь төөрөгдөл үүсгэх, ялангуяа хойшид спортын судалгааны бүтээлүүдэд алдаа гаргаж болзошгүйг Д.Пүрэвбат судалгаандаа онцолжээ. Тиймээс олон улсын тэмцээнүүдэд тамирчдынхаа мэдүүлгийг илгээхдээ эл асуудал анхаарах шаардлагатай гэсэн асуудлыг дэвшүүлсэн байна. Судлаач багшийн төрөлд хоолзүйч С.Хулангаагийн бүтээл шилдгээр шалгарчээ. Тэрбээр мэргэжлийн тамирчдын биеийн жинг тусгай хоолны дэглэмийн тусламжтайгаар нэмэгдүүлэх чиглэлээр судалгаа хийсэн аж.

Ташрамд дурдахад, Дэлхийн оюутны спортын өдрийн хүрээнд Монголын оюутны спортын холбооноос 2016 онд Ази тивийн оюутны аварга шалгаруулах сагсан бөмбөгийн VI тэмцээнийг Улаанбаатар хотод зохион, долоон орны баг тамирчдыг оролцуулсан аж. Харин дараа жил нь сайн дурын оюутны форум зохион байгуулсан бол 2018 онд их, дээд сургуулиудын багш нарын спортын хэлэлцүүлэг өрнүүлжээ. 2019 онд спортын шинэ төрлийн үзүүлэх тоглолтууд хийсэн бол өнгөрсөн жил оюутны буухиа гүйлтийн тэмцээн явуулсан байна.

Бэлтгэсэн М.Оч

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.