Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Таван саяын “бороо”

Монголын улс төрд, тэр тусмаа сонгуулийн үеэр хяналтгүй, далд, эх үүсвэр нь тодорхойгүй асар их мөнгө эргэлддэгийг өнгөрсөн парламентын сонгуулиар эрх баригчдын оруулсан таван саяын “бороо” батална. МАН-ынхны сонгуулиар зарцуулсан тэрбум тэрбум төгрөгийн дийлэнхийг бүрдүүлсэн хандив нь тав таван саяар багцлан тараасан, зохион байгуулалттай “ажиллагаа” болох нь дор дурдах баримтуудаас тодорхой харагдана.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар улс төрийн нам, эвслийн зарцуулах зардлын дээд хэмжээг 5.9 тэрбум төгрөгөөр тогтоосон. Өмнөх сонгуулиар эл хэмжээ 3.4 тэрбум төгрөг байв. Сонгуулиас сонгуулийн хооронд бараг хоёр дахин нэмэгдүүлчихсэн байгаа юм. Зардлын дээд хэмжээг ингэж өсгөх нэг хэрэг. Харин гэрлийн хурдаар дээшлүүлж буй энэ их дүнтэй мөнгийг хаанаас, хэнээс, хэрхэн, яаж бүрдүүлснийг нь харвал сонирхол татна. Тухайлбал, МАН тус сонгуульд 5.5 тэрбум төгрөг зарцуулж, дээд хэмжээнд тун дөхүүлсэн. Үүнийгээ бүгдийг нь хандиваар “босгосон” хэмээж буй. Сонгуулийн бүх зардлаа ард түмэн, гишүүд, дэмжигчид, журмын нөхдөөсөө бүрдүүлэхээ амласан Ардын намынхан тайлангаа ингэж харагдахаар бэлтгэх нь ч аргагүй биз. “Харагдахаар бэлтгэсэн” гэж хардсан минь учиртай.

Үндэсний аудитын газарт илгээсэн тайлангаас (УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 58.4-т “Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ” гэх заалт бий) нь харвал тэд үндсэндээ иргэд, хувь хүмүүсийн хандиваар л сонгуулийн санхүүжилтээ босгосон байгаа юм. “Болд төмөр Ерөө гол”, “Дорнын говь”, “Юнайтэд ресурсес” компаниас тус бүр 20 сая, “Хан өлгий” компаниас 500 мянга, залуучуудынх нь байгууллага болох НАМЗХ-ны таван ажилтны нэг өдрийн цалин болох 251 400 төгрөгийн хандиваас бусад нь хувь хүмүүсийнх. Ташрамд дурдахад, хуулийн этгээдийн хувьд өгч болох хандивын дээд хэмжээ 20 сая төгрөгийг МАН-ын сонгуулийн дансанд нэг өдөр, нэг дор шилжүүлсэн компаниуд нь УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы хамаарлынх.

Хувь хүмүүсийн хандиваас бүрдсэн 5.4 тэрбум төгрөгийн задаргаа тун сонирхолтой. Ардын намынхны илгээсэн явцын тайланд 1402 иргэн хандив өгсөн тухай мэдээлэл байх бөгөөд тэдний 967 нь тус бүр таван сая төгрөг шилжүүлжээ. Таван сая төгрөг бол иргэнээс хандивлаж болох дээд хэмжээ. Бараг 70 хувь нь хуулиар зөвшөөрөгдсөн дүнд тултал хандив өргөсөн байгаа юм.

Ингэхдээ ихэвчлэн нэг өдөр, нэг дор тав, таван саяар “бөмбөгджээ”. Жишээ нь, зургадугаар сарын 16-нд 203 хүн хандиваа шилжүүлсний хоёроос бусад нь таван саяын эзэн байх аж. Мөн сарын 19-нд 144 хүний гүйлгээ бүртгэгдсэний 142 нь дээд хэмжээгээр хандивласан байна. Цаашлаад зургадугаар сарын 9-нд 184 хүн бүгдээрээ, 5-нд нь 107 хүн шилжүүлэг хийсний нэгээс бусад нь таван сая төгрөг өгсөн байх жишээтэй. Ийм хэмжээний хандивыг нэг өдөрт 100-гаас дээш хүн өгсөн тохиолдлын заримыг нь нэрлэхэд ийм байна. МАН-ын сонгуулийн дансанд эхний хандив орж ирсэн тавдугаар сарын 24-нөөс сурталчилгааг дуусгах зургадугаар сарын 23 хүртэл 30 хоногийн хугацаа байсаар атал ингэж бөөн бөөнөөрөө шилжүүлсэн нь сэжигтэй биш гэж үү. Үнэндээ тэдэнд нэгэн зэрэг шилжүүлэх “тушаал”, чиглэл ирээгүй л бол хэлэлцэж, тохирсон аятай хамтдаа хандивлах нь юу л бол.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар нам, эвсэл, нэр дэвшигчдийн зардлын тайланг хянах үүрэг нь Үндэсний аудитын газарт бий. Ингэхдээ “тэдний хандив, санхүүжилт, зарцуулалтад төрийн бусад байгууллагатай хамтран хяналт тавих эрхтэй” байхаар хуульчилсан ч мөнгөний эх үүсвэр лүү “орж”, тэр хүн хуримтлалаасаа өгсөн, эсэхийг нэгбүрчлэн нягталдаггүй. Төрийн аудитын байгууллагаас 2020 оны УИХ-ын сонгуулийн зардлыг хянасан тайландаа нэр, регистрийн дугаар болон хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл дутуу, буцах хаяг тодорхойгүй зэрэг үндэслэлээр 123 иргэн, хуулийн этгээдийн 101.1 сая төгрөгийг хуулиар зөвшөөрөөгүй хэмээн үзэж буцаан, улсын орлогод шилжүүлсэн тухай дурдсан байна. Хандивын эх үүсвэрийн талаарх мэдээлэл дутуу гэдэг нь шилжүүлэхдээ хуримтлал, цалин, бизнесийн орлого, эсвэл тэтгэвэр гэхчлэн юунаас илүүчилж буйгаа бичээгүйг л хэлж байгаа хэрэг.

Уг нь хуримтлал, эсвэл цалингаасаа улс төрийн намд таван сая төгрөг шилжүүлж байгаа хүнд үнэхээр тийм боломж бий, эсэхийг л шалгаж, нягтлах учиртай. Тухайн үед Монголд өрхийн дундаж орлого 1.1 сая төгрөг байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдэгдэж байв. Хандив нь тухайн хүний хуримтлуулсан хөрөнгө, эсвэл цалин нь мөн, эсэхийг Үндэсний аудитын газрынхан дангаараа хянах боломжгүй гэх тайлбар хэлж мэднэ. Авлигын эсрэг дагнасан байгууллага нь хөрөнгө, орлогоо мэдүүлэгчдээс, тэр дундаа төрийн өндөр албан тушаалтнууд үндэслэлтэй хөрөнгөжиж буй, эсэхэд ч хангалттай хяналт тавьж чадахгүй байгаа шүү дээ гэж ч болох. Гэвч мөнгөний мөрийг хэн мөшгөх юм бэ. Шаардлагатай бол хууль баталж, хөрөнгө, хүч хаяж, төрийн байгууллагуудын уялдаа холбоог сайжруулж байгаад хэн, хаанаас бий болгосон хэдэн төгрөгөө улстөрчдөд өгч байгааг нь тодорхой болгох ёстой. Хаанаас, ямар замаар ирсэн мөнгө вэ гэдэг ойлгомжтой байж гэмээнэ манай улс төрийг бүрхсэн бараан “үүл” сарнина.

Нөгөө талаас хандивыг хэзээ шилжүүлсэн нь нэлээд зүйлийн учрыг тайлах учиртай. УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа зургадугаар сарын 2-нд эхэлж, 24-нд сонгогчид саналаа өгсөн. Сурталчилгааны 21 хоног талаасаа хэдийн өнгөрчихөөд байхад өнөөх таван саяын “бороо” улам ширүүссэн байгаа юм. Тухайлбал, зургадугаар сарын 16 буюу сурталчилгаа дуусахад ердөө долоо хоног дутуу байхад таван сая төгрөгийг 343 хүн хандивласан байх жишээтэй. Уг нь намаа, нэр дэвшигчдээ үнэхээр дэмжихийг хүссэн бол хандиваа аль болох эртхэн өгөхийг зорьдог баймаар. Тэгээд ч ямар ч нам, эвслийн хувьд сонгуулийн зардлын дийлэнх нь сурталчилгаанд зарцуулагддаг. Жишээ нь, өнгөрсөн парламентын сонгуулиар нам, эвслүүд сурталчилгаандаа зориулан телевизэд 5.7 тэрбум төгрөг гаргасан нь хамгийн өндөр зардал болсон бөгөөд тэдний цацсан нийт мөнгөний 60 хувьтай тэнцэх дүн юм. МАН гэхэд л 2.4 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ нь тус намын гаргасан нийт зардлын 43.6 хувьтай дүйж байгаа бөгөөд хамгийн их дүн болсон юм.

Чухам ийм байдал нь энэ их мөнгөний эх үүсвэрийг улам бүрхэг болгож байгаа юм. Ний нуугүй хэлэхэд, Ардын намынхны зарцуулсан гэх таван тэрбум төгрөгийг сонгуулийн кампанит ажлаас хавьгүй өмнө хаанаас ч юм тэдний өөр нэг дансанд

шилжүүлсэн, магадгүй Тусгаар тогтнолын ордонд тэвхийтэл хураачихсан байж таарах гээд байгаа юм. Түүнийгээ дараа нь хувь хүмүүсээр тав, таван саяар нь хандивын дансандаа тараалгасан байхыг үгүйсгэхгүй. Тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгө хаанаас ч, ямар “шошго”-тойгоор оруулж ирсэн байж болно. Тухайлбал, Тусгаар тогтнолын ордныг барихад МАК компаниас тэрбум төгрөг хандивласныг эзэд нь баталдаг. Энэ бол 2008 оны долдугаар сарын 1-нд намын байраа галдан шатаалгасны дараах үйл явдал. Ингээд дараагийн сонгуулийн босгон дээр тус компанийн өв залгамжлагч Н.Номтойбаяр дэд сайдаар томилогдон, төд удалгүй УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Улмаар улиран сонгогдож, сайдаар томилогдон, “давхар дээлтэн” болгосон. Энэчлэн тэр төдөн тэрбумыг намдаа өгсөн гэх яриа ганц үүгээр дуусахгүй. Тэгээд ч сонгууль ойртохоор тус намын удирдлагын өрөөний үүдэнд мөнгө цүнхэлсэн хүмүүс хонон өнжин дугаарладаг гэх нь ч бий. Юутай ч нэр дэвшихээр горилогчдоосоо 100 сая төгрөгийн дэнчин нэхдэг хэмээн баалуулдаг АН-ынхан эрх баригчдыг “Сонгуулийн зардлаа хандиваар босгоно гэж шоудахаа боль” гэж даапаалдаг нь хоосон шүүмжлэл биш бололтой.

Гэхдээ сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, түүнчлэн нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө сонгогчдод сурталчлах, тайлбарлан таниулах зардлаа хандиваар бүрдүүлэх нь өнөөгийн манай хууль, эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн, санхүүжилтийн гол хэсгийг босгодог ганц арга гэдгийг тодотгох нь зүйтэй. Гагцхүү хандив нь хэр бодитой, ил тод байдаг, хэн, ямар компани, байгууллага аль намд хэдэн төгрөг хандивласан тухай мэдээлэл иргэд, сонгогчдод нээлттэй бус байгаагаас л хамаг асуудал үүсэж байна. Сонгогчдын хувьд мэдээлэл хамгийн их шаардлагатай кампанит ажлын үеэр нам, эвсэл хаанаас санхүүжиж, түүнийгээ юунд зарцуулж байгааг мэдэх бололцоо алга. Кампанит ажил дуусахтай зэрэгцэн зардлын тайлан гэх зүйлийг ил болгох хууль, эрх зүйн орчин үйлчилж байна. Уг нь сонгуулийн зардлын дансаа нээж, нийтэд мэдээлсэн мөчөөс л хэдэн төгрөгийн хандив цугларав, түүнийгээ юунд зарцуулав гэдгээ ил тод зарлах ёстой баймаар. Чухам тэндээс өнөөх улс төр, бизнесийн бүлэглэлийнхнийг “илрүүлэн”, мөнгөний гарал үүслийг тогтоох боломж бүрдэх учиртай.

Үүнээс гадна УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 58.2.3-т зааснаар сонгуулийн зардлын тайланг хүлээн авч, хянасан Үндэсний аудитын газар санхүүжилт, түүний зарцуулалтад гарсан зөрчлийн талаар баримт бичиг үйлдэж, холбогдох байгууллагад хүргүүлэх л эрхтэй. Өнгөрсөн парламентын сонгуулиар Үндэсний аудитын газар нам, эвслүүдээс илгээсэн тайлангаас 60 сая төгрөгийн алдааг залруулсан тухайгаа дүгнэлтдээ дурдсан байна. Дээр дурдсанаас гадна Их эв болон Хөгжлийн хөтөлбөр нам тайлангаа хуульд заасан хугацаанд ирүүлээгүй, мөнгөн бус хандив өгсөн хүн нь нэр дэвшигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй бичгээр гэрээ байгуулаагүй гэх мэт цөөн хэдэн зөрчил илрүүлснийг тайлангаас харж болох нь. Улмаар Сонгуулийн ерөнхий хороонд УИХ-ын сонгуулийн тухай хууль болон сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой бусад асуудлаар нам, эвсэл, нэр дэвшигч, иргэдийн боловсролыг дээшлүүлэх, Сангийн яаманд дээрх хуулийн холбогдох заалтыг зөрчсөн нам, эвсэлд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авах талаар зөвлөмж өгчээ. Ташрамд дурдахад, зардлын тайлан гаргахтай холбоотой зөрчил гаргасан тохиолдолд иргэн, хуулийн этгээдийг 10-20 сая төгрөгөөр торгох заалттай аж. Үүнд хэн, ямар хариуцлага хүлээсэн талаарх мэдээлэл бас л бүрхэг.

Үнэндээ Үндэсний аудитын газарт ирүүлсэн тайландаа авсан, өгснөө бүгдийг нь тоочдог нам, эвсэл бий гэдэгт эргэлздэг. Жишээ нь, сонгуулийн үеэр нам, эвслүүдэд бэлэн мөнгө маш ихээр эргэлддэг. Тэр хэрээр төрийн аудитын байгууллагаас тогтоосон зардлын дээд хэмжээг хэтрүүлдэг байх магадлал маш өндөр. Гэсэн хэдий ч одоо байгаа хууль, эрх зүйн хүрээнд зардлын тайланг нь сайтар хянаж, тэд нууцаар, бэлнээр зарцуулаад байгаа хөрөнгө, санхүүжилтийн эх үүсвэрийг атгаж авах утасны үзүүр болгож чадвал энэ чиглэлд хийх томоохон алхам болно.

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.