Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дорнын говьд өнгө нэмсэн “ухаалаг” төгөл

Дорноговь аймгийн Эрдэнэ сум гэхээр хамгийн түрүүнд Улаан-Уулын отряд санаанд буудаг. Олон аавын хөвгүүдийг “торниулж”, эх орон, цэргийн албаны үнэ цэнийг мэдрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн энэ отряд Эрдэнэ сумд байрладаг учраас тэр юм. Харин Замын-Үүдийн боомтоор нааш, цааш зорчдог хүмүүс бол төв зам дагуух эл суурингийн байр байдал, дүр төрхийг андахгүй. “XXI зуунд төмөр замаар усаа зөөдөг ганц сум” хэмээн саяхныг хүртэл муугаар цоллуулдаг байсан тус суурингийнхан технологийн хөгжил, инженерийн шийдлийн ачаар усны гачаалаас түр ч атугай ангижирсан. Гэвч угаасаа нөөц багатайн (гүний усны) зовлон нь тэдний амьдралд балга усыг ч хэмнэх, хайрлах хэвшлийг суулгажээ. Түүнчлэн сүүлийн жилүүдэд газрын доройтол эрчимжсэн нь нутгийнхны санааг ихэд чилээх болж.

Усны хомсдол, цөлжилт гэсэн хоёр том аюул заналхийлж, малчдын амьжиргаанд нөлөөлж эхэлснээр шилжилт хөдөлгөөн ч ихсэв. Ялангуяа залуучууд хот суурин бараадах нь элбэгшсэн гэнэ. Нутгийн уугуул иргэд нь хүртэл сумынхаа ирээдүйг бараанаар зураглан, төсөөлөх болжээ. Үүнээс улбаалаад Эрдэнэ сум хамгийн их цөлжсөн бүс гэсэн тодотгол зүүв. Тодруулбал, БОАЖЯ, Цаг уур, орчны шинжилгээний газар хамтран өнгөрсөн онд хийсэн судалгаагаар цөлжилтийн зэрэг хамгийн өндөр таван аймгийн тоонд Дорноговь багтаж байна. Үүн дотроо тус аймгийн Эрдэнэ, Улаанбадрах, Хатанбулаг сум “улаан бүс”-д тооцогдож буй. Эл суурингийн талаар ийнхүү таагүй баримт дурдсан нь дорнын их говийн ирээдүйг өөрчлөх том зорилготой залуусын үйл хэргийг онцлох гэсэнтэй холбоотой. Энэ бол “Шамбала-2056” төсөл.

ЖИЛ БҮР 50 МЯНГАН МОД

“Төр, засагт найдаж, эсвэл хэн нэгний гар харан, сайн сайхныг мөрөөдөж суухын оронд бага зүйлийг боловч бодитоор хэрэгжүүлье”. Ийм бодлоос төслийн санаа төржээ. Ойжуулалт, хог хаягдал, сэргээгдэх эрчим хүч, мэдээллийн технологи, ландшафт төлөвлөлт, соёл, урлаг, нийгмийн салбарт ажилладаг 10 гаруй залуу говьд ногоон бүс байгуулахын төлөө үүнд нэгдсэн байна. Ингэхдээ дурын нэг, эсвэл ус, ургамал сайтайг нь бус, байгаль, цаг уурын өөрчлөлтөд их хэмжээгээр өртөж, доройтсон, эзгүйдэж, орхигдсон газар сонгохыг зорив. Энэ шалгуурт Эрдэнэ сум яв цав нийцжээ. Улмаар залуус тус сумын Ар цацын ус хэмээх газарт 2056 он хүртэл жил бүр 50 мянга буюу 1.7 сая гаруй мод тарих том зорилго дэвшүүлсэн аж. Одоогийн байдлаар тэд говийн хөрсөнд 23 мянган мод нутагшуулаад байна. Ангамал говийн цөлжсөн бүсийг ийм итгэлтэйгээр “амлан авч”, жил хүрэхгүй хугацаанд өдий тооны мод тарьсан залуус Монголд үгүй билээ. Хамгийн гол нь тэд нэг хүсэл, зорилго, мөрөөдөлтэй.

Төслийг санаачлагч, “Шамбала инженеринг кампус” компанийн захирал Б.Шижирбат “Улаанбаатарын утаа, түгжрэл, хөрс, усны бохирдлоос болоод зарим иргэн орон нутаг руу нүүж байна. Харин хөдөөнийхөн цөлжилт, бэлчээрийн доройтлоос болоод суурин газар луу шилжих болсон. Амьдрах орчны тэнцвэр, доройтлоос улбаатай экологийн дүрвэлтийг таслан зогсоох нь бидний зорилго. Төслийн ажил урагштай, урамтай байна. Энэ сард 27 мянган мод тарьж, 2020 оны төлөвлөгөөгөө 100 хувь биелүүлнэ” хэмээн ярив.

БҮГД ЭЗЭНТЭЙ

Тарьсан модоо илүү үнэ цэнтэй, амь бөхтэй байлгахын тулд яах вэ. Төслийнхөн ингэж удаан зөвлөлдсөний эцэст мод бүрийг эзэнтэй байлгах шийдэлд хүрчээ. Тарьсан моддоо “үрчлүүлэх” болов. Нэг бортоготой тарьцыг 35 мянган төгрөгөөр үнэллээ. Мод үржүүлгийн газраас тарьц авах, хотоос тээвэрлэн хүргэх, суулгах хөрсөө бэлдэх, ухахаас эхлээд усалгаа, арчилгаа, харуул хамгаалалтын бүх зардал үүнд багтжээ. Тодруулбал, таны худалдан авсан модыг автомат дуслын усалгааны систем (ус хэмнэх зорилгоор хавхлаг, хоолой, дуслагч төхөөрөмж ашиглан ургамлын үндсэнд чийг өгөх)-тэй, 24 цагийн харуул хамгаалалттай орчинд мэргэжлийн баг, хамт олон тарьж, таван жилийн турш бөөцийлөн ургуулах нөхцөл бүрдүүлсэн аж. Ингэхдээ зүгээр нэг пайз зүүж, самбар байршуулсангүй. Мод болгоныг гэрчилгээтэй, хоёр хэмжээст зураасан код (QR)-той болгож, ухаалаг системд бүртгэсэн байна. Эзэмшлийн модоо гар утсаараа хянах, ургаж буй, эсэхийг нь шалгах боломжийг иргэдэд бүрдүүлэв. “Нийслэлийн модод, ногоон байгууламжийг хянах чип, бүртгэлийн системтэй болгоно” хэмээн 2012 онооос хойш ярьж буй БОАЖЯ-ныхны “мөрөөдөл”-ийг залуус жил хүрэхгүй хугацаанд бодит ажил болгожээ. Аливааг хийе, бүтээе гэсэн чин сэтгэл байвал богино хугацаанд ямар их зүйл амжуулж болдгийн тод жишээг энэ явдал харуулжээ.

Б.Шижирбат “Эл төслөө тогтвортой, удаан хугацаанд хэрэгжүүлэхийн тулд, мөн өөрсдөдөө илүү хариуцлага үүрүүлэх үүднээс технологийн шийдэл ашигласан. Мод тус бүрийг кодтой болгоно гэхэд хүмүүс “Бүтэхгүй, барагдахгүй ажил” гэж үгүйсгэдэг байлаа. Бидний хувьд жижиг гэлтгүй бүх зүйлд ач холбогдол өгч, сэтгэлээ зориулан, хүмүүсийн итгэлийг хүлээх нь чухал учраас үүнийг зоримог хэрэгжүүлсэн. Төсөл амжилттай байгаагийн хэрээр олон хүн ажилтай, орлоготой болж буй. Гэрээт болон гэрээт бус 100 гаруй хүн “Шамбала-2056”-д ажилладаг. Одоогоор 6300 албан байгууллага, 16 700 хүн бидний төсөлд хөрөнгө оруулж, өөрийн нэрээр овоглосон модтой болоод байна” гэв.

“БАЙГАЛЬД ХАЙРТАЙ ХҮН БАЙ”

Говийн ус хатуулаг ихтэй, хөрс нь үржил шим багатай. Тиймээс мод, бут нутагшуулах амаргүй. Төслийнхөн үүнийг харгалзаад үндэсний хүчирхэг системтэй, ургах чадвар сайтай, ган, хуурайшилтад тэсвэртэй хайлаас модыг сонгож, тарьжээ. Ингэхдээ мөн л хэвшмэл байдлыг өөрчлөх, бусдаас ялгарах зорилго дэвшүүлсэн бөгөөд моддоо ленд арт хэлбэрээр суулгав. Ленд арт нь өнөө цагт эрчээ авч буй орчин үеийн урлагийн төрөл бөгөөд байгалийн задгай орон зайг бүтээлдээ ашигладгаараа онцлог. Харин “Шамбала-2056” төслийнхөн хүн, байгалийн хүйн холбоо, байгаль хамгааллын үнэ цэнийг сурталчилсан чухал “мессеж”-үүдийг нийгэмд түгээхийн тулд ийм шийдэл ашигласан гэнэ. Хамгийн эхний төгөлд тарьсан 23 мянган хайлаасаар “Be human” буюу “Хүн бай” гэсэн үг үүсгэжээ. Модод ургаж, томрохын хэрээр энэ үг улам тодорч, хүн байхын утга учрыг монголчуудад сануулна гэдэгт залуус итгэлтэй байгаагаа хэллээ.

Ленд арт урлагийг ногоон байгууламж, ойжуулалтын ажилтай хослуулсан гайхалтай бүтээл дэлхий дахинд олон. Цөлжилт болон шар шороон шуургатай эрчимтэй тэмцэгч Хятад, Солонгос улсад ийм туршлага, бүтээл арвин. Харин “Шамбала-2056” төслийнхөн Монголдоо анхдагч гэж болохоор ленд арт төглийг Дорноговьд хэдийн бүтээжээ. Ийм байдлаар тарьсан мод, бүтээсэн үг, дүрс сансраас илүү тод харагддаг учир олон улс, дэлхий дахинд Монголыг сурталчлах нэрийн хуудас болох нь дамжиггүй. Эл давуу тал, ач холбогдлыг олж харсан эрдэмтэн, судлаачид газар, тэнгэр, хүмүүн гурвын нандин холбоог бэлгэдсэн эртний чойнжүн (онгин) тамганы дүрс бүхий ленд арт бий болгохоор залуустай гар нийлжээ. Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам тэргүүтэй эрдэмтэд энэ багт буй гэхээр залуусын санаачилга нийгэмд ямар орон зай эзэлж, үнэ цэнд хүрснийг төвөггүй гадарлах биз ээ.

НОГООН БҮСЭЭС ЭКО СУУРИН

Эл төслийг ленд арт бүтээлтэй холбох санаа хэрхэн төрсөн бэ хэмээн багийнхнаас асуухад “Цөлжилт, ногоон ирээдүй, тогтвортой хөгжлийг уйтгартай сэдэв байлгахыг хүсээгүй” гэсэн юм. Эрдэнэ сумын 2056 оны төрхийг хэрхэн төсөөлж байгааг лавлахад “Эко суурин бий болно” хэмээн итгэл төгс хариулаад, “Байгалийн хязгаарлагдмал нөөц дуусах үед, дууссаны дараа дэлхийн хөгжлийн хандлага өөр зүг рүү чиглэнэ.

Улс орнууд үүнийг одооноос тооцоолж, ирээдүйн хөгжилд түүчээлэх салбаруудаа тодорхойлон, бодлогоор дэмжиж байна. Олон улсын туршлагаас харахад, мэдээллийн технологи, сансар судлал, цөмийн болон сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлал, био инженерчлэлийн салбарт ихээхэн найдлага тавьж, анхаарч буй. Монгол Улсын хувьд сансар судлал, цөмийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх боломж хязгаарлагдмал. Харин бусад нь бүрэн боломжтой. Тиймээс алсдаа энэ чиглэлийн төслүүдийг эрчимжүүлж, мэдээллийн технологи, био инженерчлэл, сэргээгдэх эрчим хүч, аялал жуулчлалд суурилсан эдийн засагтай, эко суурин байгуулах зорилготой” хэмээн ирээдүйн төлөвлөгөөгөө танилцуулсан юм. Энэ бүхнийг цогцлоох үндэс нь цөлжилтийг сааруулах, ногоон бүс байгуулах гэж үзжээ.

Цөлжилттэй зугтаж биш, сөрж, өрсөж тэмцэх нь үр дүнтэй. “Шамбала-2056” төслийнхөн үүнийг бодитоор харуулахыг зорьж байна. Олон улсын чанартай авто зам, төмөр замын хаяанд, улсын хилээс 100 хүрэхгүй км-ийн зайд оршдог, эдийн засаг, газар зүйн ашигтай байрлал бүхий эл сууринг ус, ургамалгүй, хатмал цөл болох аюулаас хамгаалах нь залуусын өнөөдрийн зорилго. Харин ногоон бүсээс эко суурин байгуулах нь тэдний маргаашийн тэмүүлэл. Залуус 50 га газарт 36 жилийн хугацаанд хийж бүтээх ажлаа нэгбүрчлэн төлөвлөж, зураг төслийг нь гаргажээ. Үүнээс яг одоо гурван га талбайг “ногооруулж”, зэгэл саарал төрхийг нь өөрчлөөд байна.

2056 он. Дорноговь аймгийн Эрдэнэ сум, Ар цацын ус. Монголын хамгийн олон хайлаас модтой, том талбай бүхий ногоон төгөл энд бий болжээ. Үүнийг дагаад олон төрлийн ан амьтан нутаглаж, говийн бүгчим, хуурай уур амьсгал зөөлрөв. Элсний нүүдэл, шар шороон шуурганы давтамж эрс багассан аж. Судлаачид олон төрлийн эмийн ургамал нутагшуулж, эрдэм шинжилгээний суурин бааз байгуулсан байна. Газар зүйн байршлын онцлог, давуу талыг ашиглан, эрчим хүчний хуримтлууртай нарны цахилгаан станц байгуулсан нь говиор тогтохгүй төвийн бүсийн зарим аймгийг эрчим хүчээр хангах боломжийг бүрдүүлж. Элс нүүсэн говиос мод шуугисан төгөл байгуулсан туршлагыг судлах, хүний гараар бүтсэн хамгийн том төглийг үзэх хүсэлтэй жуулчид “Шамбала-2056” төслийн сууринг зорин ирдэг болоод уджээ.

Энэ бол говийн ирээдүйг өөдрөгөөр, гэгээлгээр зураглаж буй залуусын төсөөлөл. Тэд үүнийгээ биелүүлэхийн төлөө цаг нартай уралдан ажилласаар байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.