Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Борис Жонсоны Засгийн газрын хамгийн алдартай сайд”

Британийн Гадаад хэргийн сайдаар Элизабет Трассыг томиллоо. Өдгөө 46 настай, эрх баригч Консерватив намын гишүүн тэрбээр урьд нь Хөдөө аж ахуй, Хууль зүй, сүүлийн үед Худалдааны яамыг тэргүүлж байв. Э.Трасс Британийн Гадаад хэргийн сайдаар томилогдсон тус улсын түүхэн дэх хоёр дахь эмэгтэй болжээ. Түүнээс өмнө лейборист Тони Блэрийн Засгийн газарт 2006-2007 онд Маргарет Беккет уг албан тушаалыг хашиж байсан аж.

Эрх баригч намын “Conservative home”цахим хуудаснаас өнгөрсөн оны эцсээр явуулсан санал асуулгаас үзвэл Э.Трасс нь Борис Жонсоны Засгийн газрын хамгийн алдартай сайдаар тодорчээ. Тэрбээр авсан саналаараа (87.7 хувь) цар тахлын үед ажлын байр хадгалах, бизнесийг дэмжих өргөн хүрээтэй хөтөлбөрийнхөө ачаар улс төрийн олон дэмжлэг авсан Сангийн сайд Риши Сунакийнхаас (79.5) илүүрхсэн гэнэ. Элизабетын нэрд гарсан нь Худалдааны сайдаар ажиллахдаа хүрсэн амжилттай нь холбоотой. Тодруулбал, Брекситийн дараа Британид нэн чухал байсан чөлөөт худалдааны тухай хэдэн арван хэлэлцээрийг тэрбээр Япон, Австрали зэрэг улстай байгуулжээ. Энэ нь сонгогчдын итгэлийг хүлээсэн, өндөр бүтээмжтэй сайд түүнийг Б.Жонсоны халааг авах магадлал хамгийн өндөртэй нэгэн хэмээн 2019 онд намын даргын сонгуулийн үеэр ярих боломжийг зарим тоймчид олгосон байна.

Элизабет Трасс Оксфордын их сургуульд гүн ухаан, улс төр, эдийн засаг судалсан ч жирийн иргэдийн амьдралыг, нэг литр сүү, аяга кофе ямар үнэтэйг мэддэггүй гэсэн шүүмжлэлд өртжээ. Түүний хүүхэд нас эдийн засгийн хувьд таагүй, Английн хойд нутгийн Шотландад өнгөрсөн аж. Ээж нь багш, сувилагч, аав нь их сургуулийн багш байсан гэнэ. Нэг ярилцлагадаа Элизабет эцэг, эхийгээ хэт зүүний үзэлтэй, ээж нь цөмийн зэвсэг устгахын төлөөх Британийн байгууллагын идэвхтэн байсан тухай өгүүлжээ. “Daily mail” сонинд бичсэнээс үзвэл охин нь Консерватив намаас нэр дэвшсэний улмаас сонгуулийн өмнөх кампанит ажилд нь оролцохоос аав нь татгалзсан гэдэг.

Улс төрийн карьераа эхлэхээс өмнө Э.Трасс эдийн засагч, борлуулалтын мэргэжилтэн, эрүүл мэнд, боловсрол, шүүх, тэтгэврийн тогтолцооны ажлыг сайжруулах арга судалдаг “Re­form” төвийн орлогч даргаар ажиллаж байжээ. Консерватив намын бүрэлдэхүүнийг үндэсний цөөнх болон эмэгтэйчүүдээр тэлэх шийдвэрийг Ерөнхий сайд Дэвид Кэмерон (2010-2016) гаргаж, парламентад ирээдүйтэй нэр дэвшигчдийн жагсаалтдаа багтааснаар Э.Трасс улс төрд орсон аж. Баруун өмнөд Норфолкоос парламентад сонгогдсоноосоо хойш хоёр жилийн дараа Элизабет Боловсролын дэд сайд, дахин хоёр жилийн дараа яамгүй нэгдүгээр сайд болж байв. Хөдөө аж ахуйн сайдаар 2014-2016, Хууль зүйн сайдаар 2016-2017 онд ажиллаж байжээ. 2014 онд сайд болж байхдаа Э.Трасс Британийн түүхэн дэх хамгийн залуу эмэгтэй сайдаар тодорч байсан аж. 2000 онд Элизабет Трасс нь Хью О’Лиритэй гэрлэж, хоёр хүүхэд төрүүлж, өсгөсөн гэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.