Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Мөлжүүртэй толгой” Батмөнхийн Лигдэн

Энэ сонины эхний нүүрэнд “Монголын үндэсний өдөр тутмын анхны чөлөөт сонин”, “1996 оноос хэвлэгдэв” гэсэн үгс байгааг уншигч та харж байна. Монголд нүүр бардам ийм гуншинтай сонин ганц байгаа нь “Өнөөдөр”. Эдгээр үгсийг орой дээрээ титэм мэт залсаар 25 жил болжээ.

Энд эхнээс нь л туршлагатай удирдах ажилтан, ахмад сэтгүүлч, нэртэй зохиолч, яруу найрагч, багш, барилгын инженер, эдийн засагч, түүгээр ч барахгүй дөнгөж “зүүнээс гарсан” залуу сэтгүүлч, эхлэн бичигч ч ажилласан юм. Тэдний насны дээд, доод хязгаар ч их зөрүүтэй, нэг үеийн наана цаана бол юу ч биш байв. Гэлээ ч тэд өөд өөдөөсөө биш, нэг зүг рүү харж, шинэ соргог бүхэн рүү ухасхийж, нэгэн цул хамт олныг бий болгосон.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн хэмээх наддаа ахадсан цолыг төр хүртээхэд нэг нөхөр “Эрхэм дүү Б.Пүрэвдаш минь. Хантайширын цогт Пүүжээ, Хатан Хэрлэнгийн Буурал өвгөн хоёрыг хэн нөхөрлүүлсэн бэ? Бурхан ивээв үү, буянт төр маань холбож өгөв үү? Ямар ч байсан бидэн хоёрын ахан дүүсийн нөхөрлөлийг аль аль нь ивээн тэтгэж байг” гээд нэр алдраа бичсэн бид хоёрын зураг бүхий гоёмсог жаазтай дурсгалыг надад бэлэглэв. Энэ бол Батмөнхийн Лигдэн. Доктор, Соёлын гавьяат зүтгэлтэн. Монголын нэрт нийтлэлч түүнтэй би олон жил хөгшин, залуу гэлгүй андын ёсоор үерхэж өнөөг хүрэв.

Дөнгөтийн Цоодол их шооч наргианч. “Ардын эрх” сонины редакц Төрийн ордонд байрлаж байх үед ордны гуанзанд хонины толгой гэж сайхан чанасан, гүйлгээтэй хоол зардаг байсан юм. Үүнээс улбаалан Цоодол нөхөр сонины бид хэдийгээ хонины толгой болгон гуанзны лангуунд тавьж хошигнов. Нэг хэсэг толгой жижиг, хуйх нь хатсан зэргээсээ болоод огт зарагдахгүй байна гэнэ. Гэтэл хүмүүс нэг толгойг авах гэж бие биеэсээ өрсөн дугаарлаж бөөн юм болж байх аж. Энэ бол бидний нэрлэж хэвшсэнээр Лээгээгийн маань толгой байж л дээ. Их том, хэдэн ч хүн хуваагаад хүртчих мөлжүүртэй тийм толгой гэнээ. Энэ онигоо зүгээр нэг төрсөнгүй. Өөр хоорондоо “Сократын толгой” гэж хошигнон ярилцдаг Лээгээгийн толгой үнэхээр хосгүй. Ухаан гэсэн утгаар ярьж байна. Лээгээ цаглашгүй ойтой. Тавь, жаран жилийн өмнөх үйл явдлыг нэгд нэгэнгүй санаж алган дээрээ тавьсан шиг л харж ярьж байх. Тэгээд ч түүний нийтлэлд өнөөгийн сэтгүүлч шиг үйл явдлыг хуулбарлах төдий дурдаад өнгөрөхгүй, асуудлын түүх, одоогийн учир шалтгааны холбоосонд нарийвчлан гаргаж тавьсан байдаг. Түүнээс сурах дуурайх зүйл баялаг бөгөөд миний хувьд сурсан зүйл их хэрнээ сураагүйгээсээ хавьгүй бага юм даа гэж харамсдаг юм.

Их хүн дөлгөөн хэрнээ гэнэн байдаг юм билээ. Энэ бол Лигдэн доктор дээр үе үе цухалзаад байдаг. Тэрбээр шинэ Үндсэн хуулийг батлалцсан нөгөөх 400 гаруй депутатын нэг юм. Өөр нэг депутат нь түүний нэгдүгээр орлогч эрхлэгч Ц.Балдорж. Тэр хоёр чуулж, сонины хариуцлагатай нарийн бичгийн даргын хувьд би арын ажил, редакцын гал тогоог хариуцах. Үндсэн хуулийн төсөл хэлэлцсэн Ардын Их Хурлын чуулган олон ч хоног, бас хөгжилтэй үйл явдлаар дүүрэн болж билээ. Тийнхүү Төв аймгийн Гантөмөр бил үү, депутат Үндсэн хуульд нэг эр хоёр эхнэртэй байх асуудлыг тусгах санал гаргасан нь бөөн шуугиан тарив. Би маргааш нь чуулганы хуралдаанаас өмнөхөн Б. Лигдэн эрхлэгчтэй уулзаж:

-Эрхлэгч ээ, хоёр эхнэртэй байх тухай санал өгсөн депутат нарын жагсаалт гарчээ, нийтэлчих үү гэтэл:

-Тэг тэг гэж байна
-Та үзэхгүй юм уу?
-За юүхэв
-Үзсэн дээр ээ, эрхлэгч минь!

Мань эр жагсаалтыг хальтхан харснаа өөрийнхөө нэрийг үзээд “хүүд” гэж эвгүйхэн дуугарав. Тэгснээ:

-Энэ Чимид (Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч Бяраагийн Чимид агсан) миний товчлуурыг дарчихаж гэж мушилзаж билээ. Ингээд бид сонинд нийтлээгүй. Наргиан болгоход энэ тухайд ахмад анд-эрхлэгч маань надад одоо хэр нь талархдаг болов уу.

Бас нэг удаа төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонины эрхлэгч Б.Лигдэн тэргүүтэй төлөөлөгч бидний гурван хүн БНХАУ-ын “Ардын өдрийн сонин”-ы урилгаар Бээжинг зорьж эндээс галт тэргээр хөдлөв. Бугын ясан эвэр гүйлгээтэй гэлцэхээр нь Лээгээгийн мөнгө муутай хоёр цэрэг болох бид хэдэн эвэр авч диппаспорттай түүний үүргэвч цүнхэнд хийчихсэн юм. Монголын гааль ч яахав зүгээр өнгөрчихлөө, харин Хятадын гаальчин нөгөөх цүнх рүү зааж:

-Энд юу байгаа юм гэж асууж байна. Лээгээгийн царай тэгж харлаж, сандарч түгдэгнэж байхыг би лав хараагүй юмдаг. Бид юу гэж хариулсан бэ бүү мэд, нөгөөх шалгагч ч тоосонгүй дараагийн купе руу яваад өгөв. Лээгээ лав хөлсөө арчсан байх, бид ч инээдэм болцгоосон. Тэр хэдэн эвэр үнэд хүрээгүй, тэгээд тэрүүхэнд нь хүнд өгчихсөн шиг санагдана. Хан Хэнтийн анд Хантайширын хөвүүн бид хоёрт энэ бүү хэл олон явдал тохиолдож, биднийг үүрд гагнан холбосон нь л үнэн юм.

Нэмж хэлэхэд, Лээгээ “Өнөөдөр” сониныг анхнаас нь шинэ хамт олонтойгоо тийш зорив. Дарга цэргийн аль алиныг нь хийсэн. Дандаа сайн нийтлэл туурвидаг нь мань хүний гэм биш зан. Тэр дунд “Захирлуудын хар баасан гариг” хэмээх нийтлэл онцгой байр эзэлдэг. “Ардчилсан холбоо” эвсэл засгийн эрхэнд анх гараад бяр үзүүлж төрийн өмчит баахан компанийн лут лут захирлуудыг шөнө дундуур гэнэт ажлаас нь халжээ. Шөнө дунд гэдэг нь оньсого мэт үлдэх байв. Гэтэл тэгээгүй. Лигдэн нийтлэлч үүнийг хаанаас ч юм олж сонсоод мөрөөр нь мөшгөсөн байдаг. Эрэн сурвалжилсан сэтгүүлзүйн бүтээл гэж би баттай боддог юм.

Б.Лигдэн 1996-2000 онд орлогч эрхлэгч, албаны дарга, тоймчоор ажиллаж байв. 1999 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэн юм.

1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.