Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ц.БОЛОРЧУЛУУН: Биржээр хүнсний улаан буудай арилжсанаар төлбөр тооцооны шинэ системд шилжинэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуунтай Хөдөө аж ахуйн биржээр энэ намраас эхлэн улаан буудай арилжих талаар ярилцлаа.

-Хөдөө аж ахуйн биржээр (ХААБ) улаан буудай арилжих бэлтгэл ажлыг өнгөрсөн саруудад хийсэн. Одоогоор ямар ямар ажлууд амжуулаад байна вэ?

-Хүнсний улаан буудайг ХААБ-ээр дамжуулан арилжих талаар энэ оны эхнээс ярьж эхэлсэн. Хөдөө аж ахуйн салбарыг цахимжуулах “Цахим хөдөө аж ахуй” зорилтыг биелүүлэх ажлын хүрээнд ХААБ-ээр улаан буудайн арилжааг зохион байгуулахаар шийдвэрлээд, бэлтгэлийг нь хангаж байна. Хүнсний улаан буудайг биржээр арилжихад ХХААХҮЯ, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сан (ХААДС), тариаланчид, гурилын үйлдвэрүүд, дундын зууч лагч болох брокерууд гээд олон тал оролцоно. Эдгээр оролцогч тал өөр өөрсдийн үүрэгтэй учраас эхлээд биржээр дамжуулан хүнсний улаан буудай арилжих бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж, аль байгууллага ямар ажил хариуцахыг хуваарилан, түүнийхээ хүрээнд ажиллаж байна. Жишээлбэл, ХААДС-гийн орон нутаг дахь салбаруудын элеватор болон гурилын үйлдвэрүүдийн агуулахыг бирж итгэмжилж, арилжааг хэрхэн зохион байгуулах талаар талуудад цахим сургалт, семинар зохион байгууллаа. Өнгөрсөн жил хүнсний улаан буудайг ХААДС гурилын үйлдвэрүүдийн нийт 24 цэгт тушаасан. Өнөөдрийн байдлаар ХААДС, гурилын үйлдвэрүүдийн 14 агуулахыг итгэмжлээд байна. Мөн тариаланчид болон гурил үйлдвэрлэгчидтэй биечлэн уулзаж биржээр дамжуулан хүнсний улаан буудай арилжихын давуу талыг танилцууллаа. Энэ сарын эхээр Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумд оролцогч талуудын төлөөллийг байлцуулан туршилтын арилжаа зохион байгуулсан. Биржээр хүнсний улаан буудай арилжихад блокчейн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны систем ашиглана.

-Блокчейн технологи ашиглах талаар тодруулахгүй юу?

-Блокчейн технологи ашиглан арилжааг ямар нэгэн саатал, бэрхшээлгүйгээр зохион байгуулна. Энэ технологи нь нээлттэй, гуравдагч талын оролцоогүй, мэдээллийн хамгаалалт, аюулгүй байдлын маш сайн баталгаатай, өгөгдлийг дэлхий даяар сүлжээнд холбогдсон төхөөрөмжүүдэд хадгалдаг.

-Буудай арилжихтай холбоотой журам боловсруулж байгаа гэсэн байх аа?

-Тийм ээ. Хүнсний улаан буудайг биржээр арилжихад мөрдөх журам боловсруулахын тулд оролцогч талуудтай уулзаж санал, хүсэлтийг нь авсан. Ер нь тариаланчдаас ирүүлж буй нийтлэг асуултаас тэд буудайгаа ХААБ-д тушаагаад, бирж гурилын үйлдвэрүүдэд өгөөд, үйлдвэрүүд мөнгөө тушаана гэсэн ташаа ойлголттой байгаа нь анзаарагдсан. Биржээр хүнсний буудай арилжсанаар зах зээлийн чөлөөт үнийн тогтолцоонд шилжиж тариаланч, гурилын үйлдвэр хоорондын үнэ тогтоох үйл ажиллагаа зах зээлийн зарчмаар, хөндлөнгийн нөлөөгүй явагдана. Худалдан авагч тал дэнчингээ байршуулах юм. Товчхондоо, албан бус хэлбэрээр явж байсан худалдааг ХААБ-ээр дамжуулан хийснээр албажуулж, баталгаажуулж, бүртгэлжүүлэн ил тод болгоно. Түүнээс биш ХААБ буудай худалдаж авахгүй.

Арилжаа хийхэд ХААБ, Санхүүгийн зохицуулах хороо, брокерууд үйлчилгээ үзүүлэх тул шимтгэл авна. Энэ жил биржид шинээр борлуулж эхлэх учраас хүнсний улаан буудайн арилжаа болон төлбөр тооцооны шимтгэлийг тэг хувь болгон чөлөөлж, брокерын зуучлалын шимтгэлийг маш бага буюу 0.1 хувь байлгахаар тохиролцсон.

Биржээр анх удаа буудай арилжихад цаашид сайжруулах, хөгжүүлэх зүйлс гарахыг үгүйсгэхгүй. Үүнд анхаарна. ОХУ, АНУ, Канад зэрэг улс орон хөдөө аж ахуйн биржээрээ дамжуулан улаан буудайн үнийг тогтоож, борлуулдаг жишиг бий.

-Биржээр хүнсний улаан буудай арилжих дарааллын (зураглал) талаар дэлгэрүүлж ярина уу.

-Тариаланч болон гурилын үйлдвэрийн хамгийн эхний алхам бол Санхүүгийн зохицуулах хорооноос хөдөө аж ахуйн биржийн арилжааны зуучлагч (брокер)-ийн тусгай зөвшөөрөл авсан брокерын компанитай гэрээ байгуулан данс, бүртгэл үүсгүүлэх явдал юм. Харин тухайн тариаланч хоршооны гишүүн бол хоршоогоороо дамжуулан зарах захиалгаа ирүүлэх боломжтой. Ер нь биржийн арилжаа нь зайлшгүй брокерын компаниар дамжин явагддаг онцлогтойг сайтар ойлгох хэрэгтэй.

Биржийн арилжааг шат дамжлага багатай, нэмэлт зардалгүй байлгах үүднээс бид томоохон гурилын үйлдвэрүүдийн агуулах болон лабораторийг итгэмжлээд байна. Өөрөөр хэлбэл, тариаланч нь өөрийн байнгын харилцдаг гурилын үйлдвэрт буудайгаа өгөөд тухайн үйлдвэрийн агуулах дээрээс арилжаанд оролцох боломж бүрдсэн гэсэн үг. Түүнчлэн яг энэ зохицуулалт нь ХААДС-гийн салбар элеваторуудад мөн хамаарч байгаа юм. Нэг цэг дээр хадгалах, буудайн чанарыг тогтоох, цаашлаад арилжаанд оролцох боломж бүрдсэн. Энэ нь тухайн бараа, түүхий эдийн онцлогоос хамаарч шинээр нэвтрүүлж буй цогц шийдэл.

Буудайн чанарын сорилт хийж, гурилын үйлдвэрийн, эсвэл ХААДС-гийн агуулахад байршсан даруйд арилжааг зохион байгуулж талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулан, төлбөр тооцоотой холбоотой ажлыг гүйцэтгэнэ. Мэдээж талууд бараа, түүхий эд хүлээлцсэн акт үйлдэх, буудайн чанарыг эцэслэн магадлах ажлыг хийнэ. Хэрэв чанар, стандарттай холбоотой маргаан, зөрчил гарвал Хүнс, хөдөө аж ахуйн сайдын баталсан журмын дагуу мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээр эцэслэн шийдвэрлэнэ.

Бирж нь худалдаж байгаа болон худалдан авагч талын хийсэн арилжаанаас үйлчилгээ үзүүлсний шимтгэл авч ашиг олдог. Гэхдээ энэ онд улаан буудайн арилжаанаас шимтгэл авахгүй. Харин брокер тусдаа үйл ажиллагаа явуулж, хоёр талыг холбох учраас 0.1 хувийн шимтгэл авна. Жишээлбэл, 100 сая төгрөгийн арилжаа хийхэд брокер 100 мянган төгрөгийн л шимтгэл авна гэсэн үг.

-Биржээр арилжих нь буудайн чанар сайжрахад нөлөөлөх байх, тийм үү?

-Бид тариалангийн үйлдвэрлэлийн онцлог, агротехнологийн цаг хугацаа, одоогийн дэд бүтцийн хөгжилд тулгуурлан арилжааг оновчтой зохион байгуулах гарц шийдлийг тодорхойлохыг зорьж байна. Үүний хүрээнд ХААДС болон гурилын үйлдвэрийн агуулах, лабораторийн хүчин чадлыг түшиглэх зайлшгүй шаардлага үүссэн. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй MNS стандартыг бид үйл ажиллагаандаа мөрдөнө. Үүнийг итгэмжлэлийн гэрээ байгуулсан гурилын үйлдвэр болон ХААДС-гийн лаборатори тогтооно. Нэгэнт худалдагч, худалдан авагч тал дагаж мөрдөх стандартын нэгдсэн ойлголттой байх тул үл ойлголцол үүсэхгүй, харин маргаан гарах тохиолдолд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар чанар баталгаажуулалтыг эцэслэн тогтоох юм. Арилжаанд орохоос өмнө чанарын баталгаажуулалт хийсэн байх тул арилжааны дараа дээрх үл ойлголцол харьцангуй бага байх болов уу гэж төсөөлж байна.

-Шаардлагатай боловсон хүчин хэр хангалттай байгаа вэ?

-Гурилын үйлдвэрүүдийн лаборантууд, ХААДС-гийн лабораторийг түшиглээд биржээр буудай арилжих ажлаа ямартай ч эхлүүлнэ. Ер нь боловсон хүчний хувьд боломжийн гэж үзэж байгаа. Өдгөө итгэмжлэгдсэн агуулахуудад биржийг төлөөлөн буудай хүлээн авах боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах ажлыг зохион байгуулж байна. ХААБ-ээр буудай арилжихад юунд анхаарах, олон улсын жишиг зэргийн талаар ХААИС, Монголын тариаланчдын үндэсний холбооны төлөөллөөс бүрдсэн эрдэмтдийн багаас зөвлөх үйлчилгээ авч байна.

-200 гаруй тариаланчтай уулзсан гэсэн. Тэд биржээр буудай арилжихыг дэмжиж байгаа юу?

-ХААБ бол хязгаарлагдмал хариуцлагатай компани бөгөөд ХХААХҮЯ 100 хувь эзэмшдэг. Зарим тариаланч бирж зөвхөн хураамж авна, нэг компанийг баяжуулах гэлээ хэмээн ташаа ойлгож байсан. Товчхондоо, биржийн талаар огт ойлголтгүй байсан нь өөрчлөгдсөн. Өдгөө ХААБ-ээр ноос, ноолуур, арьс, шир, тосны ургамал арилжиж буй. Биржийг бид бүрэн ашиглах ёстой. Биржид сумаараа нийлээд гурван тонн ноолуур, эсвэл нэг малчин 10 кг-ыг арилжлаа гэхэд хоёр өөр үнээр борлуулдаг. Буудайн хувьд ч ялгаагүй. Нэг тариаланч 10 тонныг зарахын оронд сумаараа нийлээд 1000 тонныг арилжвал биржид үнэ нь арай өөр тогтоно. Биржид буудайн үнэ чөлөөтэй тогтох боломж бүрдэх нь маш чухал. Ирэх жил шимтгэл нэмэгдсэн ч нэг их нөлөөгүй байх хүлээлт бий.

-Зарим тариаланч биржийн арилжаанд хэрхэн оролцохоо мэдэхгүй, эсвэл төвөгшөөж байж магадгүй.

-Блокчейн технологийн талаар биржийнхэн оролцогч талуудад хангалттай мэдээлэл өгч байгаа. Уг технологийг ашиглахад хялбар юм билээ. Аймгуудад Хөдөө аж ахуйн газар, сумдад ч мэргэжилтнүүд бий. Тэдэнд холбогдох мэдээллүүдийг өгч байгаа.

-Нийт тариаланчдын хэд орчим хувь нь биржийн арилжаанд оролцох талаарх хүлээлт та бүхэнд бий юү?

-Үр тарианы аж ахуй эрхэлж буй 1400 гаруй аж ахуйн нэгж, иргэн бий. Гурил үйлдвэрлэгчдэд 300 орчим мянган тонн буудай нийлүүлэх ёстой. Тариланчдын олонх нь биржийн арилжаанд оролцоно гэж тооцоолж байгаа.

-Ер нь буудайг биржээр арилжих нь тариаланч, гурил үйлдвэрлэгч, улсад ямар давуу талтайг тодруулаач.

-Хүн амаа аюулгүй хүнсээр хангахад биржийн арилжаа хамгийн том хөшүүрэг болно гэж харж байгаа. Мэдээж зөвхөн чанартай бүтээгдэхүүнийг биржээр арилжин, улмаар аюулгүй хүнс үйлдвэрлэж иргэдийг эрүүл хүнсээр хангана. Аж ахуйн нэгжүүдийн хувьд биржид үнэ чөлөөтэй тогтсоноор үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээрээ зарах боломж бүрдэнэ. Гурилын үйлдвэрүүдийн хувьд байнгын, аюулгүй түүхий эдээр хангагдах боломж бүрдэх юм. Тариаланчдын хувьд хүнсний улаан буудайгаа өндөр үнээр зарахын тулд чанарыг нь дээшлүүлэхийг хүснэ. Үүний тулд технологи, техник, тоног төхөөрөмжөө сайжруулах боломжийг эрэлхийлж, анхаарах нь тодорхой.

-Зүүнбүрэн сумд туршилтаар хийсэн арилжаа хэр амжилттай болсон бэ?

-Хүнсний улаан буудайн туршилтын арилжаа амжилттай болсон. Зарим тариаланч сайн ойлгоогүй зүйлсээ тэр үеэр тодруулж, хангалттай мэдээлэл авсан.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.