Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Зах зээлийн үнэлгээ 4.13 их наяд төгрөгт хүрч, түүхэн дээд түвшнээ шинэчлэв

Монголын хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээ өчигдөр 4.13 их наяд төгрөгт хүрэв. Компаниудын хувьцааны ханшаар илэрхийлэгддэг уг үзүүлэлт түүхэн дээд түвшнээ шинэчилсээр байгаа бөгөөд үүнээс өмнө дөрвөн их наяд төгрөг давж байгаагүй юм. Үүнд АПУ компанийн хувьцааны ханш өчигдөр хамгийн өндөр буюу 15 хувиар дээшилсэн нь голлон нөлөөллөө. Тус компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн баасан гарагт нэг их наяд төгрөгт хүрснээс хойш өчигдрийн байдлаар 210 тэрбумаар нэмэгдэв. Энэ жилийн эхний хагаст АПУ компанийн цэвэр борлуулалтын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 35 хувиар нэмэгдэн, 305 тэрбум төгрөгт хүрсэн тухай мэдээлсэн юм. Түүнчлэн цэвэр ашиг нь 80 хувиар өссөнийг тайландаа дурдсан юм. Сүүлийн үед тус компанийн хувьцаа эрэлттэй байгаа бөгөөд өчигдөр нэгжийнх нь ханш 1139 төгрөгтэй тэнцсэн нь нэг жилийн өмнөхөөс 110 орчим хувиар дээшилсэн үзүүлэлт болов.

Marketinfo.mn цахим хуудасны үүсгэн байгуулагч, шинжээч Б.Ганболд “Монголын хөрөнгийн биржийн I ангилалд бүртгэлтэй дийлэнх компанийн хувьцааны ханш өнөөдөр (өчигдөр) өссөн нь зах зээлийн үнэлгээнд нөлөөллөө. Ялангуяа зах зээлийн үнэлгээгээр тэргүүлдэг АПУ компанийн санхүүгийн үзүүлэлт сайн гарсан нь хувьцааных нь ханш, эрэлтэд эергээр нөлөөлж байна. Мөн хүнсний болон даатгалын компаниудын орлого, ашиг өссөнийг тайлангаас нь харж болно. Хөрөнгө оруулагчид тэдгээр компанийн хувьцааг сонирхож, эрэлт нь нэмэгдэн, улмаар үнэт цаасных нь ханш дээшилж байгаа нь хөрөнгийн биржийн зах зээлийн үнэлгээнд нөлөөлж буй. Цаашид ч тэдгээрийн хувьцааны ханш өснө гэсэн хүлээлттэй байна” хэмээн өгүүлэв. Сонирхуулахад, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 2010 оны наймдугаар сард анх удаа нэг, дараа жилийнх нь нэгдүгээр сард хоёр, хоёрдугаар сард нь гурван их наяд төгрөг давж байжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.