Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Коронавирусийн “сүр, хүчинд дарагдсан” ДОХ

Үндэсний статистикийн хорооны тайланд дурдсанаар энэ оны эхний хагас жилд халдварт өвчний тохиолдол 121.2 мянга бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.1 дахин нэмэгдсэн үзүүлэлт аж. Энэ нь шинэ коронавирусийн халдвартай холбоотой. Ерөнхий дүнгээр нь харахад “SARS-CoV-2” вирусийн тархалт бусад халдварт өвчнийхөөс давсан нь “Ковид-19”-ийг онцгойлон авч үзэхээс аргагүй байгаагийн илрэл. Ийм дүн зөвхөн Монголд бус, дэлхий нийтэд адил үзүүлэлттэй байна.

Гэхдээ хаа сайгүй ийм хэцүү байна гээд бусад халдварт өвчин, ялангуяа бэлгийн замынхыг тоолгүй орхиж боломгүй. Сүүлийн хоёр жил орчим бид “SARS-CoV-2”-ыг л “тоогоод” сүрьеэ, тэмбүү, ХДХВ/ДОХ-ын талаар “мартаж” ирлээ.

Үндэсний статистикийн хорооныхны мэдээллээр бол энэ оны эхний зургаан сарын байдлаар тэмбүүгийн тохиолдол бараг 2000 бүртгэгджээ. Хэдийгээр өнгөрсөн оныхтой харьцуулахад энэ нь 1000 гаруйгаар буурсан үзүүлэлт ч гэлээ анхааралгүй орхиж боломгүй тоо. Тэгвэл ХДХВ/ДОХ-ын тохиолдол энэ оны эхний зургаан сард хоёр илэрчээ. Ингэснээр Монгол Улсад эл өвчний улмаас шаналж буй хүний тоо нийт 316 болов. Энэ бол бас л ноцтой баримт. Нэгэн үед ДОХ-ын халдварын тоо хэдэн арваараа бүртгэгдэж байсантай харьцуулахад бага мэт боловч үнэндээ тухайн өвчтөний хавьтагч, түүний хүрээг тооцоолон гаргавал энэ тоо хэдэн аравт хүрнэ. Монгол Улсын 46 иргэн 1992 оноос хойш ДОХ-ын улмаас нас баржээ. Эл өвчин голчлон 25-45 насныхнаас илэрч байна. 20 хүртэлх насны 18 хүүхэд, тэр дунд 15-тай жаалаас ХДХВ илэрснийг дөрвөн жилийн өмнө ХӨСҮТ-ийн албаны хүн мэдээлж байлаа.

Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аюултай өвчин, халдвар авсан л бол үхэхээс өөр замгүй гэсэн “шошго” ХДХВ/ДОХ-ын дагуул байсан цаг саяхан. Хэдийгээр шинжлэх ухааны хөгжлийн үр дүнд тийм аюулыг өнөө үед харьцангуй холдуулсан ч гэлээ уг өвчний заналхийлэл бодитоор байсаар буйг сануулахад илүүдэхгүй. Тиймээс ямар ч тохиолдолд ДОХ-ын асуудлыг орхиж үл болно. Өнөөдөр “SARS-CoV-2” вирусийн “сүр, хүчинд” ХДХВ/ДОХ “дарагдах” хандлагатай, энэ талаарх мэдээлэл сүүлийн үед бүрхэг, тайланд дурдах төдийхнөөр өнгөрч байх шиг. ХДХВ/ДОХ-ын өвчлөлд аль ч цаг үед, ямар ч нөхцөлд анхаарлаа сулруулж болохгүйг ДЭМБ-аас зөвлөдөг.

ДОХ-ыг бүрэн эмчлэх арга одоогоор дэлхий дахинд алга. Тиймээс эл халдвараас хамгаалах хамгийн найдвартай арга нь гэр бүлийн болон бэлгийн үнэнч харилцаа гэдгийг сурталчлан, ухуулдаг. Хөгжингүй, буурай аль ч улсад ийм л хандлагатай. Монголд дахь эл өвчлөлийн тархалтын шалтгааныг судлахад 100 хувь бэлгийн замаар дамжсан болохыг тогтоосон. Ташрамд өгүүлэхэд, бусад улсын жишээнээс харахад цус, цусан бүтээгдэхүүн, эхээс урагт дамжсан, эмнэлгийн тусламж, үйлчилгээний явцад халдварласан тохиолдол цөөнгүй байдаг аж.

Манай залуу үеийнхний дунд бэлгийн замбараагүй амьдралтай нь олон байгааг энэ төрлийн халдварт өвчний статистикаас харж болно. Гэтэл өнөөдөр бэлгийн замын халдварт өвчний талаар дорвитой мэдээлэл, зөвлөмж, зөвлөгөө бараг байхгүй гэхэд хилсдэхгүй. Гэхдээ огт байгаагүй гэхгүй. Энэ талаарх мэдээлэл, таниулан, сурталчлах ажил тодорхой хэмжээнд, зарим үед чамлахааргүй явагдаж байсныг үгүйсгэхгүй. Харин сүүлийн үед эл ажил хоцрогдоод байх шиг.

Өнгөрсөн нэг жил хагасын хугацаанд ХДХВ/ДОХ-ын 30 тохиолдол бүртгэгдсэн болохыг албаны эх сурвалжуудад дурджээ. Тодруулбал, Үндэсний статистикийн хорооны тайланд өгүүлснээр 2019 оны арванхоёрдугаар сарын байдлаар 286 байсан өвчлөл энэ оны эхний зургаан сар гэхэд 316 болж өссөн байна. 2020 оны арваннэгдүгээр сарын статистикаар ХДХВ/ДОХ-ын 304 тохиолдол бүртгэгдсэн бол түүнээс хойших долоон сарын хугацаанд 12-оор нэмэгдсэн байна. Мөн хугацаан дахь нас баралт хоёр байжээ. Үүнээс үүдэн бодоход “Ковид-19”-ийн улмаас “үймсэн” сүүлийн хоёр жилийн хугацаанд ХДХВ/ДОХ-ын талаарх мэдээлэл, сурталчилгаа хэр байв. Дорвитой зүйл лав алга.

Харин олон улсад энэ талаарх мэдээлэл, сурталчилгааг нэмэгдүүлж, ийм өвчтэй болон халдвар авсан хүмүүст коронавирусийн үйлчлэл, эмчлэх арга, вакцины нөлөө хэр байгаа зэргээр өргөн хүрээтэй довтолгож буй аж. Жишээ нь, энэ сарын эхээр Британийн Оксфордын их сургуулийн эрдэмтэд ХДХВ-ийн эсрэг бүтээсэн вакцинаа эмнэл зүйн туршилтад оруулсан сайхан мэдээ байна. 2030 он гэхэд ДОХ-ын эмчилгээний аргыг бүрэн шийдсэн байх НҮБ-ын зорилтод хүрэхэд “HIV­consvX” хэмээх уг вакцин тодорхой хувь нэмэр болох буй за.
Түүнчлэн коронавирус “хүчээ” авч буй энэ цагт буюу өнгөрсөн сард НҮБ, Олон улсын парламентын холбоо хамтран ХДХВ/ДОХ-ын асуудлаар дээд хэмжээний уулзалтыг цахим хэлбэрээр зохион байгуулсан юм.

Бэлтгэсэн Э.Хана

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

25 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

25 thoughts on “Коронавирусийн “сүр, хүчинд дарагдсан” ДОХ