Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Есөн алдартан

Өнөөдөр” сонин сар шинийн босгон дээр Монголын нийгмийн салаа мөчир бүхнийг төлөөлөх 100 эрхмийн саналаар улирч буй жилийнхээ есөн алдартныг тодруулдаг уламжлалтай. Ес дэх жилдээ зохион байгуулж буй эл арга хэмжээг уншигчид маань хэдийнэ мэдэх болсон билээ. Ямар аавын хүү аз хийморьтой байж, амжилт бүтээл гаргав, оны онцлох ямар үйл явдал нийгмийг донсолгов, хэн юу бүтээв гэдгийг энэ шалгаруулалт харуулдаг. Хэн, хэн гээч мундаг нөхөр оны алдартнаар тодорсныг мэдэхээсээ илүүтэй хэн, хэнийг шилдгээр зарлав гэдэг нь олон түмэнд ихээхэн сонирхолтой байдаг. Сар шинийн босгон дээр буюу битүүний өдөр “Өнөөдөр”-ийнхөн “Улаанбаатар” зочид буудалд оны алдартнуудаа хүлээн авч, өргөмжлөлийг нь гардуулсан.
2001 оны могой жилээс эхэлсэн эл арга хэмжээ өдгөө ес дэх жилийнхээ нүүрийг үзээд буй. Энэ хугацаанд тасралтгүй есөн жил оны алдартнаар тодорсон хоёрхон эрхэм бий. Нэг нь Монгол Улсын шадар сайд Миеэгомбын Энхболд, нөгөөх нь арлын Японыг донсолгосон мэргэжлийн сүмогийн их аварга Долгорсүрэнгийн Дагвадорж. Есөн жилийн турш олны хайр хүндлэлийг хүлээж, оны алдартнаар жил алгасахгүй тодорно гэдэг тун ховор тохиол, аз завшаан юм. Тиймээс Шадар сайд М.Энхболдод “Өнөөдөр” сонины удирдлагууд баяр хүргэж, сониныхоо тусгай цомыг гардуулсан. Харин их аваргын бэлгийг түүнийг Монголд ирсэн хойно нь өөрт нь гардуулахаар болсон юм.
“Өнөөдөр” сонины есөн алдартны шагнал гардуулах ёслолын ажиллагааны үеэр оны алдартны шалгаруулалтыг тэргүүлсэн Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын ард түмэн алдартай, авьяастай, чадалтай, хөвгүүд, охидоороо үргэлж бахархаж явдаг аа. Монголын чөлөөт хэвлэлийн манлай болсон “Өнөөдөр” сониноос алдартнуудаа Монголын ард түмний төлөөлөл болсон нэртэй хүндтэй хүмүүсийн төлөөллийн саналыг асууж шалгаруулдаг уламжлалтай. Үхэр жилд монголчууд бид үнэхээр сайхан өндөр амжилттай байсан. Ирэх жилд ч гэсэн ард түмний минь буян заяа үргэлж өөдөө байж, гаргах амжилт нь улам нэмэгдэж, монголчуудын маань заяа хийморь улам дэлгэрч байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Алдартнаар шалгарсан нийт хүмүүстээ цаашдынх нь ажил амьдралд өндөр амжилт хүсэн ерөөе” хэмээсэн.

Ц.ЭЛБЭГДОРЖ: 20 ЖИЛИЙН АЛДАА, ОНОО БҮХЭН МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ НИЙТЛЭГ ОЛОЛТ ЮМ

XYII жарны харшлалт хэмээх шороон үхэр жилийн есөн алдартны шалгаруулалтын тэргүүн алдартнаар Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж шалгарсан. Үхэр жилд монголчууд төрийн тэргүүнээ зургаа дахь удаагаа сонгосон. Шинэ сонгосон ерөнхийлөгч нь Монголын ардчиллын алтан хараацайнуудын нэг, ардчилсан хувьсгалын удирдагчдын төлөөлөл Ц.Элбэгдорж байлаа. Энэ бол монгол төр, Монголын ардчиллын түүхэнд тодоор үлдэх түүхэн үйл явдал яах аргагүй мөн билээ. Ардчилсан шинэ ерөнхийлөгчийн маань шударга ёсыг тогтоох, иргэнээ дээдэлсэн төр, засаглалын шинэ тогтолцоог бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хамгийн эрхэмд үзэх чиглэлээр хийж эхэлсэн алхмыг монголчууд талархан дэмжиж байгаагийн илэрхийлэл нь энэ удаагийн шалгаруулалт, санал асуулга боллоо гэж үзэж байна. Түүнд цалин цагаан бадамлянхуа суурьтай, үхэр жилийн дүрсийг цул мөнгөөр урласан цомыг гардуулан өгсөн юм.
-Шороон үхэр жилийн тэргүүн алдартнаар шалгарсан Танд баяр хүргэе. Улирч буй үхэр жил Монгол Улс, Монголын ард түмний хувьд шинэ сэргэг үйл явдлаар дүүрэн сайхан жил байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд шороон үхэр жилийн ямар үйл явдлыг Та онцолж хэлэх вэ?
-Үхэр жил Монголын ард түмэнд өгөөжөө өгсөн сайхан жил боллоо. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг би онцолж хэлмээр байна. Монголын ард түмэн ардчиллын зарчмаар явж, олон ургальч үзлийг уралдуулах ёстой. Ардчилсан хувьсгалыг өөр өөрөөр үнэлдэг, тодорхой хэмжээний хуваагдал байсан. Зарим нь хувьсгал гэж үздэг, зарим нь өөрөөр үнэлдэг байсан тэр хуваагдалдаа бид цэг тавьж чадлаа. Нөгөө талдаа өнгөрсөн 20 жилийн алдаа, оноо бүхэн Монголын ард түмэн бидний нийтлэг ололт юм. Энэ үйл хэрэгт бид бүгдээрээ оролцож энэ амжилтад хүрснийг хүлээн зөвшөөрч, улс орон даяараа ардчиллынхаа 20 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Энэ нь Монголын ард түмний үнэлэмж болж, амжилт бүтээл нь улам нэмэгдэнэ гэж бодож байгаа. Мөн өнгөрсөн шороон үхэр жилийн өнгөний бэлгэдэл нь шар өнгө байсан. Шар өнгө монголчууд бидэнд үнэхээр ээлтэй байлаа. Жүдо, боксоор дэлхийн аваргууд мэндэлж, сонгодог урлагаар олон улсад тэргүүллээ. Газар тариалангийн салбарт арвин их ургац хураасан гээд шар өнгө Монголын ард түмэнд үр өгөөжөө өгсөн. Хүндрэлтэй зүйл мэдээж байсан ч сайн, сайхан амжилттай нь түүнээсээ их байлаа.
 -Улс орны хувьд үнэхээр сайхан өгөөжтэй жил байлаа. Бас Та ард түмнийхээ итгэлийг хүлээн Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдож амьдралынхаа бас нэгэн түүхийн хуудсыг шинээр эхэлсэн.
-Монголын ард түмний хүндэтгэл, Монголын ард түмний итгэл гэдэг миний хувьд хамгийн том баяр баясгалан. Тийм учраас ард түмнийхээ сайн сайхны төлөө зүтгэх нь миний хамгийн чухал үүрэг юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэг ард түмнийхээ төлөө зүтгэе, хийе гэж бодож байгаа зүйлээ хэрэгжүүлэх боломж олж авч байгаа. Үүнийхээ төлөө тууштай, итгэлтэй ажиллах болно. Өнгөрсөн найман сарын хугацаанд төрийн тэргүүний ажил, хүрээ гарт орж ирсэн. Ажиллахад болохгүй зүйл байхгүй гэсэн бодолтой байгаа. Ард түмнийхээ дэмжлэгт итгэж, ард түмэндээ баярлаж байгаагаа дахин хэлмээр байна.
-12 жилийн дотроос хамгийн эрчтэй, хүчтэй гэгддэг цагаан барс жил гарч байна. Та Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд энэ барс жилд Монгол орны хэтийн ирээдүйг сайхнаар төсөөлж байгаа байх.
-Шинэ он гарах бүрт хүн бүхэн өөдрөг сэтгэлээр төсөөлдөг. Ашдын бэлгээс амны бэлэг хэмээн сайхан жил гарна гэдэгт би итгэж байгаа. Зудтай, цастай байгаа ч тэнгэрийн муухай арилдаг. Ард түмэн маань өөрсдийгөө бодож, төр засаг маань ард түмнийхээ төлөө улам их ажиллаасай. Ард түмэнтэйгээ нийтээрээ л амжилтад хүрч урагшлах юмсан гэж би боддог. Энэ урагшлах үйл явцад ахиц дэвшил авчирсан жил болно гэсэн итгэлтэй байна. Гарч байгаа жил өнгөрч байгаа жилээсээ илүү амжилттай, илүү боломж нээсэн, илүү сайхан жил байх нь ойлгомжтой. Үүнд би өөдрөг сэтгэлтэй, итгэлтэй байна.
-Танд баярлалаа. Таны санасан сэдсэн бүхэн чинь сэтгэлчлэн бүтэж ард түмэндээ үр өгөөжөө өгөхийг хүсье.
ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДЛУУД С.БАЯРААР ОВОГЛОНО
Атрын III аян хөтөлбөр амжилттай хэрэгжиж байгаа. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсан зэрэг өнгөрсөн оны түүхэн үйл явдлуудтай Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд Санжаагийн Баярын нэр, хүчин зүтгэл салшгүй холбоотой. Монголын түүхэнд анх удаа ерөнхий сайдын албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнийг нь ч монголчууд Монголын төрд тогтоосон төрийн хүний ёс зүйн сайн жишиг гэж үзэж байгаагаа санал асуулгын явцад илэрхийлж байсан. Түүнийг Монголын төрд цаашид зүтгэж, хувь нэмрээ оруулна гэдэгт олон түмэн итгэж байгаа. Харамсалтай нь экс ерөнхий сайд маань Америкт эмчилгээ хийлгэхээр явсан байсан тул хүрэлцэн ирж, өргөмжлөлөө авч амжсангүй.
Б.ПАГВАА: Х.ЦАГААНБААТАР ЧАНСААГААРАА ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛЖ ЯВАА
Х .Ца г а а н б а ата р авар гыг Бээжин гийн олим поос медаль гарцааг үй хүртэнэ гэдэгт монголчууд, спортын мэргэжилт нүүд итгэлтэй бай сан ч харамсалтай нь санаснаар болоогүй. Харин үхэр жилд аварга маань гарцаагүй медаль авах байснаа батлан харуулж, дэлхийн аваргаас алтан медаль хүртэж, дэлхийн цом, дэлхийн их дуулга гээд томоохон наадмуудад түрүүлж, монгол түмнээ баярлуулсан билээ. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар Европт болж байгаа олон улсын жүдо бөхийн тэмцээнүүдэд оролцоод эзгүй байсан тул түүний багш, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Олон улсын жүдо бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Бирагийн Пагваад өргөмжлөлийг нь гардуулсан.
-Х.Цагаанбаатарын хувьд өнгөрсөн жил ямар, ямар амжилт гаргав?
-Ер нь дүгнээд хэлэхэд дэлхийн жүдогийн холбооны чансаагаар бол Цагаанбаатар тэргүүлж байгаа. Ер нь сайн ч барилдаж яваа. Олимпийн эрх авах тэмцээн энэ оны тавдугаар сараас эхэлнэ. Одоо бол чансаагийн тэмцээнүүд явагдаж байгаа. Манай жүдо бөхийн холбооны ажил сайн явж байгаа гэж бид дүгнэж байна.
П.СЭРДАМБА: ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ҮРИЙН ЗУЛАЙ ҮНЭРЛЭСЭН САЙХАН ЖИЛ БАЙЛАА
Олимпийн мөнгөн медалийн амжилтаа ихэрлүүлж, Монголын боксчдоос анх удаа дэлхийн аварга гэсэн эрхэм хүндтэй цол хүртсэн Пүрэвдоржийн Сэрдамбын монгол түмнээ баярлуулсан гайхам амжилт оны онцлох үйл явдал гарцаагүй мөн билээ. Монголын залуу үеийн бахархал болсон, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Сэрдамбыг өргөн олон түмэн есөн алдартны дөрөвт нэрлэсэн юм.
-Юуны өмнө Танд баяр хүргэе. Сэтгэгдэл ямар байна? -Анх удаа “Өнөөдөр” сонины есөн алдартны нэгээр шалгарлаа. Дандаа төрийн томчууд цугласан нэр хүндтэй сайхан арга хэмжээ болдог юм байна. Энэ хүмүүсийн эгнээнд нэгдэж, алдартны шагналыг хүртсэндээ баяртай байна.
-Өнгөрсөн жил чиний хувьд ямар онцлог үйл явдал болов?
-Онцлог үйл явдал гэвэл дэлхийн аваргын алтан медаль авсан. Бас охинтой болсон. Үхэр жилд бас аав минь өөд боллоо. Сайнтай, муутай, янз янзын л юм тохиолдсон доо.
 -Бар жилд ямар зорилт тавьж байна?
-Бар жилд манай боксын холбооны хувьд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн гээд маш олон тэмцээн байгаа. Оны эхэнд, 4-7 сарын хугацаанд залуучуудын дэлхийн аварга, Азийн аварга, Залуучуудын олимп мөн анх удаа зохиогдох гэж байна. Манай залуучууд дэлхийн аваргад яваад эрхээ аваад олимпдоо орно. Насанд хүрэгчдийн хувьд ч гэсэн Азийн наадам, дэлхийн цомын аварга болно. Бас оюутны дэлхийн аварга анх удаа Улаанбаатарт зохиогдох гэж байна. Энэ тэмцээнүүддээ амжилттай оролцоно л гэж бодож байна даа.
С.БАТБОЛД: БАР ЖИЛЭЭС ИРГЭД ӨӨРИЙН ХҮССЭНЭЭР ХУВЬ, ХИШГЭЭ АВАХ БОЛНО

Сүхбаатарын Батболд Монгол Улсын гүйцэтгэх засаглалын тэргүүнээр сонгогдоод ердөө 100 гаруйхан хонож байна. Түүнийг Монголын ард түмний төлөөлөл болсон 100 эрхэм есөн алдартны нэгээр тодруулсан нь монгол түмэн Ерөнхий сайддаа ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байгаагийн илэрхийлэл юм. Эх орноо цэцэглэн хөгжүүлэх, элгэн түмнийхээ сайн сайхан амьдралын баталгааг нь хангах чиглэлд түүний төвхнүүлсэн Засгийн газрын төлөвлөсөн, эхлүүлсэн нөр их ажил үр дүнд хүрч, ард олныхоо итгэлийг биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
-Та анх удаа оны есөн алдартны нэгээр шалгарлаа. Баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахыг хүсэж байна.
-Улс төр, эдийн засаг, нийгэм, урлаг, спортын гээд бүх салбарт амжилт гаргасан нэр бүхий есөн эрхмийг 100 хүний санал асуулгаар тодруулдаг болоод ес дэх жилээ үдэж байна. Энэ сайхан уламжлалынхаа дагуу үхэр жилийн есөн алдартнаа тодруулсаны нэг нь болсондоо баяртай байна. Нэр хүндийн хэрэг боллоо. Бас надад том хариуцлага үүрүүллээ гэж хүлээж авч байна. Миний төлөө санал өгсөн хүмүүст талархаж буйгаа илэрхийлье.
Улиран одож буй шороон үхэр жилд Засгийн газар багагүй ажлыг хийсэн. Төмөр бар жилдээ ажлаа үргэлжлүүлж, Монгол Улс, ард түмнийхээ төлөө бодитой зүйлийг хийж, хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. 2010 оныг Засгийн газар бизнесийн шинэт гэлийн жил болгож зарласан. Манай оронд иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлж, улс орныхоо хөгжлийг сайжруулах стратегийн ордууд бий. Тэдгээр ордыг ашиглах төсөл хэрэгжүүлэхдээ ард түмнийхээ ашиг сонирхлыг нэн тэргүүнд тавих болно. Ашигт малтмал, стратегийн ордуудаас олсон ашгийн дээжээс “Хүний хөгжил сан”-гаар дамжуулан бар жилийн босгон дээр иргэддээ түгээж эхэллээ. Одоохондоо бэлэн мөнгө түгээж байна. Цаашдаа эмнэлэг, боловсролын салбар болон орон сууц, даатгал, хадгаламжийн хэлбэрээр түгээх зорилт тавин ажиллаж байна. Ингэснээр иргэд хувь хишгээ өөрийн хүссэн хэлбэрээр авах сонголтыг бий болгож өгч байгаа юм. “Өнөөдөр” сониноор дамжуулан нийт монголчууддаа төмөр барс жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлэхийг хүсэж байна.
-“Өнөөдөр” сонины санал асуулгыг хэр шударга гэж үздэг вэ. Монголын нэр хүнд бүхий 100 хүн ил тодоор саналаа өгдөгт нь олон хүн талархдаг юм билээ.
 -Шударгаар шалгаруулдаг гэж үздэг. Аливаа зүйл нээлттэй, ил тод, үнэн зөв, тунгалаг байвал амьдрал ч гэрэл гэгээтэй сайхан байдаг. Тийм учраас танай санал асуулгын зарчмыг хүмүүс шударга, зөв болдог гэж ярьдаг.
С.МӨНГӨНЦЭЦЭГ: 46 ЖИЛИЙН ТҮҮХТЭЙ МАНАЙ СОНГОДОГ УРЛАГ ДЭЛХИЙД ЭН ЗЭРЭГЦСЭНЭЭР БАХАРХДАГ
 Монголын сонгодог урлаг дэлхийд данстай гэдгийг монголчууд төдийгүй дэлхий ертөнц мэднэ. Цөөхөн монголчуудын сод авьяастнууд эх орон, элгэн түмнээ ертөнцийн нүд, чихнээ дуурсгасаар ирсэн. Дэлхийн дуурийн дуулаачдын чансааг тодорхойлдог М.И.Глинкийн нэрэмжит уралдааны гранпри шагналыг Монголын ДБЭТ-ын гоцлол дуучин С.Мөнгөнцэцэг хүртсэн нь өнгөрөн одсон үхэр жилийн бахархалт үйл явдал мөн билээ. Түүнийг өргөмжлөл хүртээд байхад нь сэтгэгдлийг нь хуваалцлаа.
-Уншигчдын маань саналаар эмэгтэйчүүдээс, тэр тусмаа сонгодог урлагийн алдартнуудаас шалгаран оны есөн алдартны нэг болсон Танд баяр хүргэе. Энэ мөчид хамгийн түрүүнд хэнд хандаж баярлалаа гэж хэлэх вэ?
-За баярлалаа. Дэлхийн сонгодог урлагийнхны дунд томоохонд тооцогддог Глинкийн уралдаанд амжилттай оролцсон нь энэ бүх аз хийморь, амжилтын эхлэл үндэс болсон байх. Оны босгон дээр гавьяат жүжигчин хэмээх эрхэм хүндтэй цолыг төр, засгаасаа гардлаа. Хамгийн гол нь сонгодог урлагийг ард түмэн минь ойлгож, энэ хэрээрээ намайг таньж хүндэлдэг болсонд ихэд бэлгэшээж байгаа. Намайг энэ орчлонд төрүүлж өсгөсөн ээж, аавдаа баярлалаа. Түүнчлэн дуучны минь хувьд намайг урлагт хөтөлж, “хүн” болгосон Д.Дашиймаа багшдаа баярлалаа гэж хэлэх байна. Мөн намайг дэмжиж саналаа өгсөн бүх хүнд баярлалаа.
-Та Глинкийн уралдааны тэргүүн гранприг авсан тэр баярт мэдээг анх хэнд хамгийн түрүүлж дуулгасан бэ?
-Энэ тухай мэдээг анх нөхөр рүүгээ залгаж хэлсэн. Миний хань уралдааны дүн гарахыг хүлээгээд бараг нойргүй шахам догдолж байсан учраас юуны түрүүнд сэтгэлийг нь амраая гэж бодсон. Уран бүтээлч хүнд ажлыг нь ойлгодог сайн хань хамгаас чухал. Тиймээс намайг ойлгож дэмждэг ханьдаа баярладаг.
 -Бас бяцхан охин ээждээ дүүрэн эрч хүч, баяр баясал өгдөг байх даа?
-Тийм ээ. Монголчууд ярьдаг шүү дээ, анхны хүүхэд аз жаргал дагуулдаг гэж. Түүн шиг охин минь ээждээ энэ бүхнийг авчирсан гэж ойлгодог. Эрдэнийн зүйлээр бөөлжөөд байдаг эрүү цагаан хулгана жилтэй охиндоо Эгшиглэн гэж нэрийг би өөрөө өгсөн.
-Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн яг энэ мөчид “Бид чадсаан” гээд эх орноороо, өөрөөрөө бахархаж болно байх.
-Манайд сонгодог урлаг хөгжөөд 46 жил болж байна. Гэтэл дэлхийд сонгодог урлагийн түүхийг бичилцээд 200-300 жилийн нүүр үзсэн томоохон гүрнүүдтэй бид эн зэрэгцэн, тоосоо өргөсөн нь бахархмаар явдал. Гарч байгаа бар жилдээ ард түмэн минь энх тунх, эвтэй найртай сайхан амьдрахыг хүсэн ерөөе.
Д.СУМЪЯАБАЗАР: МИНИЙ ДҮҮГ ДЭЛХИЙН ХЭМЖЭЭНИЙ ХҮН БОЛГОСОН ЯПОНЫ АРД ТҮМЭНД, ФЭНҮҮДЭД НЬ БАЯРЛАЛАА
Мэргэжлийн сүмо бөхийн их аварга Долгорсүрэнгийн Дагвадоржид монголчууд чин сэтгэлийн угаас хайртай. Мэргэжлийн сүмо бөхийн хамгийн дээд цол болох ёкозүна цолыг хүртэн Японы эзэн хааны цомыг 25 удаа гардсан гайхамшигт амжилтаар нь төдийгүй Монголын ид хавтай, эрэмгий хийморьтой эрчүүдийн төлөөлөл болж Монголоор овоглож яваад нь монгол түмэн баярлаж явдаг. Их аварга маань үхэр жилийн зургаан наадмын хоёрынх нь түрүүг авч, сүмогийн бүх цаг үеийн гуравдугаарт бичигдэх гайхамшигт амжилт үзүүлсэн билээ. Хэдийгээр эрч хүчтэй ид насандаа зодог тайлсан ч Дагваа аварга маань монголчуудаа цаашид олон удаа баярлуулна гэдэгт түмэн олон чинь итгэж байна. Олны алдартны шагналыг түүний ах, Монгол Улсын аварга Д.Сумъяабазарт гардуулж өгсөн юм.
 -Миний дүү “Өнөөдөр” сонины алдартанд ес дэх жилдээ шалгарч байгаа. Энэ бол түүний нөр их хөдөлмөрийн үнэлгээ гэж бодож байна. Мөн Монголын олон мянган ард түмний хүсэл эрмэлзлэл нөлөөлсөн гэж бодож байна. Миний дүүг дэлхийн хэмжээний хүн болгосон Японы ард түмэн болон байнга дэмжиж ирсэн бүх фэнүүдэд нь баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна.
М.ЭНХБОЛД: ”ӨНӨӨДӨР”-ИЙН САНАЛ АСУУЛГА АРДЧИЛЛЫН ЗАРЧМЫГ АГУУЛДАГ
Монгол Улсын шадар сайд Миеэгомбын Энхболдыг монгол түмэн тулах тулгуур, түших түшээгийнхээ нэг гэж хүндэтгэн үздэг билээ. Хамтарсан Засгийн газрыг бүрдүүлсэн хоёр намын тулгуур баганын нэг, олонд танигдсан төрийн түшээ, шилдэг улс төрч, УИХ-ын гишүүн, Миеэгомбын Энхболд “Өнөөдөр” сонины оны алдартнаар 9 дэхь удаагаа шалгарч байгаагаараа онцлог.
 -Есөн жил дараалан оны есөн алдартны нэгээр шалгарсанд баяр хүргэе. Тийм учраас Таны сэтгэгдлийг сонсохгүй өнгөрөх учиргүй.
-“Өнөөдөр” сонины уншигчид, миний төлөө санал өгсөн хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байна. Монголын нийгэмд голлох үүрэгтэй “Өнөөдөр” сонин жил бүр оны есөн алдартан шалгаруулдаг уламжлалтай. Улсынхаа нийслэл болоод улсынхаа төлөө ажилласан миний ажлыг олон түмэн дүгнэж цэгнэсний илэрхийлэл боллоо гэж хүлээж авсан. Улаанбаатар хотын захирагч байхдаа есөн алдартны нэгээр анх шалгарсан. Ерөнхий сайд байхдаа Тэргүүн алдартан нь болж байлаа. Есөн удаа шалгарахдаа бараг бүх байрыг нь эзэлсэн байх аа. “Өнөөдөр” сонины олон мянган уншигчдад сайн сайхныг хүсэн ерөөе.
-Хүний хийсэн болон цаашид бүтээх олон сайн үйлийн төлөө шагнал эзэндээ очдог. Энэ тухайд..,
-Олон түмнийхээ итгэл найдварыг алдалгүй, улам их амжилттай ажиллах үүрэг хүлээж буйгаа ухамсарлаж байна. Бар жил сайн сайхан жил болно байх гэж найдаж байна. Монгол Улсыг хөгжил дэвшилд хүргэх олон учрал бүрдсэн жил болно гэдэгт найдаж байгаа. Монголчуудын маань амьдрал дээшилсэн. Бүтээн байгуулалт өрнөсөн жил болно гэж харж байгаа. Би 2006 онд Ерөнхий сайд байхдаа татварын өндөр шатлалыг бууруулж, бизнес эрхлэх таатай нөхцөл бий болгохын төлөө ажиллаж байсны үр дүн өнөөдөр гарч байна. Шударгаар хөдөлмөрлөж, амжилт олох орчныг бар жилд бий болгохын төлөө Засгийн газар ажиллах болно.
-Манай санал асуулгын тухайд..,
-Хэн, хэний төлөө санал өгч байдаг нь тодорхой, их шударга. Нийгмийн бүхий л салбарт амжилт гаргасан, хүлээн зөвшөөрөгдсөн 100 хүний саналыг авч чаддагт нь баяр хүргэмээр байна. Ардчиллын зарчмыг бүрэн дүүрэн агуулсан шалгуур гэж үздэг.
Э.БАТ-ҮҮЛ: АЛДАРТАН БОЛОХ НЭГ ХЭРЭГ, ҮҮНИЙГ ДААЖ ЯВАХ ӨӨР ХЭРЭГ

Монголын ардчилал энэ жил 20 нас хүрсэн. Хүний эрх, эрх чөлөө, ардчилсан ёс, чөлөөт зах зээлийн зарчмыг Монголд тунхаглан зарлаж, үр шимийг нь иргэн түмэндээ хүртээхийн төлөө Эрдэнийн Бат-Үүлийн цуцалтгүй тэмцэл, хүчин зүтгэлийг үнэлж Монголын ард түмний төлөөлөл 100 эрхэм түүнийг үхэр жилийн оны алдартнаар шалгаруулжээ. Монгол Улсын баатар, УИХ-ын гишүүн Эрдэнийн Бат-Үүлээс энэ үеэр сэтгэгдлийг нь сонслоо.
-Улсын баатар хүүгээ ард түмэн есөн алдартны нэгээр өргөмжиллөө. Танд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу.
-Бар жилийг есөн алдартны нэг болж угтсандаа ихэд бэлгэшээж байна. Алдартан гэдэг өргөмжлөл хүртэх нэг хэрэг. Гагцхүү ард түмний энэ итгэлийг дааж, алдартан байна гэдэг хэцүү. Тиймээс үүнийгээ бататгах том хариуцлага ард үлдлээ дээ.
 -Эрдэнэ баавай амьд сэрүүн байсан бол энэ өдөр Та аавдаа юу гэж хэлэх байв?

 -Хэнтий аймгийн Биндэр суманд аавынхаа мэндэлсний 80 жилийн ойн арга хэмжээнд намайг оролцох үеэр Буриад зон надад нэг дээл бэлэглэсэн юм. “Энэ дээлэн дээр баатрын тэмдгээ зүүвэл хамгийн сайхан зохино доо” гэж хэлэхэд олон настан буурлын нүдэнд нулимс хурж, хоолой нь зангирч байсан. Үүгээр би юу хэлэх гэсэн бэ гэхээр 1937 онд хэлмэгдсэн эцэг өвгөдөө дурсахыг хүслээ. Тэр үед буриадуудыг нутгийнхнаасаа хэн нэгнийг Японы тагнуул гээд хэлчихвэл ялаас хэлтрүүлнэ гэж шахаж, дарамталж байхад нэг нь ч тэгээгүй гэдэг. Тэр их тамын дундаас хүний мөс чанараа, эр зоригоороо авч гарч ирж чадсан хүмүүс бол Буриад зон. Энэ л тэдний баатарлаг гавьяа. Миний өвөө ч хүний мөстэй байсныхаа төлөө буудуулсан. “Өвөөгийнхөө хүний мөс чанараа авч гарсан, эр зоригоороо бий болгосон бүхнийг хүү нь гутаахгүй, өргөж явна аа” л гэж аавдаа хэлэх байсан.
(Тэрбээр үүнийг нэлээд нухацтай бодож байж хариулсан юм)
Сурвалжилсан Г.ОЮУНГЭРЭЛ, Д.ОЮУНЭРДЭНЭ, Г.ЭНХТӨР, Л.ГАНЧИМЭГ, Г.ӨЛЗИЙСАЙХАН
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.