Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“АИ-92” шатахууны ханш нэмэгдэх, эсэх нь ирэх долоо хоногт тодорхой болно

“АИ-92” шатахууны үнийг энэ сарын 2-нд литр тутамд нь 300 төгрөгөөр өсгөсөн. Тэгвэл ирэх наймдугаар сард манай улсад шатахуун нийлүүлэх хилийн үнэ энэ долоо хоногийн эцэс, эсвэл ирэх долоо хоногийн эхээр тодорхой болно. “АИ-92” автобензиний хилийн үнэ (тонн) нэг жилийн өмнө 292 “ногоон” байсан бол өнгөрсөн зургадугаар сард 661, энэ сард 695 ам.доллар болж өссөн билээ. Уг дүн ирэх сард нэмэгдэж магадгүй гэх таамаг бий агаад хэрэв биелбэл дотоодод худалдах дээрх төрлийн шатахууны ханш өсөхийг үгүйсгэхгүй юм.

АМГТГ-ын газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр “Манай улс сард дунджаар 40 орчим мянган тонн “АИ-92” шатахуун импортолдог. Гэхдээ нефть импортлогч компаниудын захиалга сүүлийн саруудад багассан. Тодруулбал, уг дүн 20 орчим мянган тонн болж буурсан нь дэлхийн зах зээл дэх газрын тосны болон хилийн үнэ нэмэгдсэнтэй холбоотой. Аж ахуйн нэгжүүд “АИ-92” шатахууны борлуулалтаас алдагдал хүлээж байгаа” гэв. Тэрбээр “Зөвхөн шатахууны үнийг тогтвортой байлгахад анхаарч болохгүй. Уг бүтээгдэхүүний нөөц, чанарт ч анхаарах учиртай. Хэрэв шатахууны үнийн өсөлтийг хүчээр “барьж” улмаар хомсдол үүсвэл янз бүрийн хольцтой бүтээгдэхүүн худалдах эрсдэл үүсэж болзошгүй. Эдгээрийн балансыг тааруулахад анхаарч байна” хэмээв.

Ташрамд дурдахад, ОПЕК (Газрын тос экспортлогч орнуудын байгууллага)-ийн гишүүн болон үйлдвэрлэгч зарим улс олборлох нефтийн хэмжээгээ ирэх сараас өдөрт 400 мянган баррелиар нэмэх шийдвэрийг саяхан гаргасны дараа уг таваарын үнэ бага зэрэг буурсан. Харин өчигдөр “Brent” маркийн нефтийн ханш 1.05 хувиар өсөж, баррель нь 69.3, WTI төрлийнх нь 1.48 хувиар дээшилснээр 67.4 ам.доллартой тэнцэв. Гэхдээ энэ нь өнгөрсөн зургадугаар сарын эцэст “Brent” маркийн нефтийн ханш 2018 оны аравдугаар сараас хойших дээд түвшин буюу баррель нь 76 ам.долларт хүрсэнтэй харьцуулахад доошилсон дүн юм.

Бэлтгэсэн Ц.Болор

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.