Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эх орноороо аялах “виз даруулсан” иргэд тусгай хамгаалалттай газарт ачаалал үүсгэлээ

Коронавирусээс айж, болгоомжилж, хоёр жил, дотоодод халдвар бүртгэгдсэнээс хойших найман сар гаруйн хугацаанд хөлөө “тушуулсан” монголчууд, ялангуяа нийслэлчүүдэд өнгөрсөн ес хоногийн амралт урьд жилүүдийнхээс илүү үнэ цэнтэй, “амттай” байлаа. Агаар салхинд гарч, эд, эсээ сэргээхийн мөрөөсөл болсон хүмүүс хөдөө нутгаар хөндлөн гулд аялж, цар тахлын аюулыг түр ч атугай мартацгаав. Наадмын өдрүүдэд хөл хорио тогтооно, цар тахлын голомттой аймаг, сумд зорчих хөдөлгөөнийг хязгаарлана, амралтын газар, жуулчны баазуудын үйл ажиллагааг нээхгүй хэмээн эртнээс “бор шувуу” нисгэж, иргэдийн хандлагыг тандсан УОК-ынхон наадмын өмнө хамаг байдгаараа “сайхан загнав”. Амралтын газар, жуулчны баазуудтай хариуцлагын гэрээ байгуулж, үйл ажиллагааг нь нээв. Орон нутгийн удирдлагууд УОК-ын бодлого, үйл ажиллагаатай зөрчилдсөн, дур мэдсэн шийдвэр гаргахгүй байхыг сануулсан. Үүний дагуу аймаг, сумд дотоодын аялагчдад үүдээ чөлөөтэй нээж, зорчих хөдөлгөөнд тавих хяналтыг сулруулсан юм.

Амралтын газар, жуулчны баазуудын үйл ажиллагааг нээх, эсэх асуудал тодорхойгүй байхад олон хүний санааг зовоосон асуудал бол орчны бохирдол. Тусгай хамгаалалттай, байгаль хамгаалагчтай, төвлөрсөн хогийн цэг, ариун цэврийн байгууламжтай газрууд л жил болгоны зун хогонд дарагдаж, аялагчдын хөлд “чирэгддэг” учраас амралтын газар, жуулчны баазууд хаалттай үед нөхцөл байдал бүр ч дордох нь, байгаль орчны бохирдол нэмэгдэх нь хэмээн болгоомжилж байв. Үүнээс сэргийлж, зохих байгууллагын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрсөн ч аялагчдын олонх нь хээрээр гэр, хэцээр дэр хийжээ. Нийслэлийн Аялал жуулчлалын газрынхан “Өнгөрсөн амралтаар Улаанбаатараас орон нутаг руу 81 000 орчим иргэн зорчсон гэсэн тооцоог нийслэлийн хяналтын цэгийн мэдээлэлд тулгуурлан хийсэн. Хотын ойр орчимд аялж, амарсан иргэд, орон нутгийнхныг тооцвол 250 мянга орчим хүн эх орноороо аялжээ. Иргэд амралтын газарт байрлахаас илүү хээр хоноглох нь өмнөх жилүүдийнхээс элбэг байлаа. Цар тахал нөлөөлсөн байх. Нөгөөтээгүүр, иргэдийн санхүүгийн боломж тааруу, жуулчны баазуудын дийлэнх нь үйл ажиллагаагаа хязгаарлаж, цөөн тооны үйлчлүүлэгч авсантай холбоотой. Гэхдээ аялал жуулчлалын гол бүс болох байгалийн цогцолборт газрууд ачаалал ихтэй байсан” гэв. 250 мянган хүн аялсан гэдэг тооцоолол бодитой бол энэ жил өнгөрсөн оныхоос 70 мянгаар олон хүн хөдөөг зорьжээ.

Байгалийн цогцолборт газруудаас Хөвсгөлд хамгийн олон буюу 25 000 аялагч амарч, 8500 тээврийн хэрэгсэл нэвтэрчээ. Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааныхан “Өмнөх жилүүдийнхээс илүү ачаалалтай ажиллалаа. Зургаа хоногийн хугацаанд 30 гаруй тонн хог тээвэрлэсэн. Сайшаах зүйл нь аялагчид ил задгай хог хаяж, бохирдол үүсгэсэнгүй. Дүүрсэн савнуудыг суллаж, хогийг зориулалтын цэгт хаях хооронд л овоолго үүсэж байсан” гэв.

Аялагч олноор очдог Өгий нуурыг 8000, Увсыг 5000, Буйрыг 4000 орчим хүн зорьсон гэсэн статистикийг тусгай хамгаалалттай газрынхан гаргажээ. Жуулчдад зориулан отоглох цэг байгуулсан Хөвсгөл, Увс, Ширээт, Найман нуур, Гурван цэнхэрийн агуй зэрэг чиглэлд аялагчид эмх замбараатай, хог хаягдал багатай амарсан гэж албаныхан мэдээлж буй бол эзэнгүй, хараа хяналтгүй газарт дураараа дургиж, байгаль бохирдуулагчдыг иргэд олон нийтийн сүлжээнд “дэлгэсээр” байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.