Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шатахууны ханшийн өсөлт бүтээгдэхүүний үнийг нэмэх шалтаг болжээ

Чингэлтэй дүүргийн V хорооны иргэн Г.Бархасынх дөрвөн хүүхэдтэй бөгөөд эхнэр нь “Баянзүрх” захаас хүнсээ цуглуулж явахтай таарахад ийн ярьсан юм. Тэрбээр “Хүнс, эмийн үнэ дэндүү өссөн. Манайх сард 1-2 удаа мах, гурил, будаа, ургамлын тос, ногоо зэрэг үндсэн хүнсээ (жимс, нарийн ногоог тансаг хэрэглээ гэв) авдаг. Гэтэл ердөө 1-2 сарын хугацаанд бүх төрлийн махны үнэ кг тутамдаа 2000-3000, 25 кг гурилынх 1000 орчим төгрөгөөр нэмэгджээ. Мөн ургамлын тос, савласан сүү, цөцгийн тосны үнэ ч нэг сарын дотор 100-200 төгрөгөөр ахижээ. 100 000 төгрөгт дөрвөн кг үхрийн мах, төмс, байцай нийт таван кг-ыг авч, вирусийн эсрэг үйлчилгээтэй өдөрт гурван удаа уудаг эм 12 ширхгийг худалдан аваад мөнгө дууслаа. Олон ам бүлтэй болохоор дөрвөн кг мах, таван кг ногоог нэг долоо хоног орчим л хэрэглэнэ. Ингэхээр бид сард мах, ногоо, будаа, гурил зэрэгт л 500 000 орчим төгрөг зарцуулж байна гэсэн үг. Хэн нэг нь өвдвөл зардал бүр нэмэгддэг” хэмээн дурдав.

Өргөн хэрэглээний бараа, хүнс, ялангуяа махны үнэ их, бага хэмжээгээр тогтмол нэмэгдэж байгаад бид дасал болжээ. Тодруулбал, өчигдрийн байдлаар Баянгол дүүрэг дэх хүнсний зарим захад үхрийн махыг нэг кг-ыг нь 17 000-18 000, хониныхыг 11 000-12 000 төгрөгөөр борлуулж байсан бол төмс кг-ыг нь 1000, байцай, хүрэн манжинг 3300-3500, шинэ ургацын лууванг 4500-гаар зарж байв. Энэ нь зургадугаар сарын сүүлийн долоо хоногийнхоос хонь, үхрийн махны үнэ 2000 гаруй, төмс, байцайных 200 төгрөгөөр нэмэгдсэн дүн бол шинэ ургацын луувангийнх өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 1000, нэг сарын хугацаанд 2500 төгрөгөөр ахисан дүн аж. Түүнчлэн “Алтан тариа” компанийн нэг, хоёрдугаар зэргийн гурилын үнэ жилийн хугацаанд кг тутамдаа 200-400, ургамлын тос литр нь 400-600, 0.5-1 литрээр савласан сүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ. Бүх жимсний үнэ ч сүүлийн хагас жилд кг тутам нь хамгийн багадаа 500 төгрөгөөр өссөн байна. Харин цагаан будааны үнэ жилийн хугацаанд, өндөгнийх сүүлийн гурван сард төдийлөн нэмэгдээгүй аж.

Улсын хэмжээнд АИ-92 шатахууны ханш литр тутамд 300 төгрөгөөр нэмэгдээд гурван долоо хоног өнгөрч буй. Үүнтэй холбоотойгоор зарим бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн гэж үйлдвэрлэгч, борлуулагчид нь тайлбарлаж байгаа аж. Чингэлтэй дүүргийн XVII хорооны “Бадрах” хүнсний дэлгүүрийн эзэн “Зуны улиралд, ялангуяа ус, согтууруулах болон бусад ундааны үнэ мэдэгдэхүйц нэмэгддэг. Манайх борлуулдаг 20 орчим төрлийн шар айраг, архи, ус, ундааны үнэ өнгөрсөн нэгдүгээр сараас хойш ширхэг бүр нь 30-100, энэ сар гарсаар 20 орчим төгрөгөөр дээшилснийг падаанаас нь харж болно. Сүүлийн гурван долоо хоногт ундаа, ус, шар айрагны үнэ яагаад өссөнийг борлуулагчдаас нь тодруулахад шатахууны үнэ нэмэгдсэнээс болсон гэж байна билээ. Энэ төрлийн бүтээгдэхүүн өргөн хэрэглээний хүнс биш учраас үнэ нь өсөөд байгааг төдийлөн анзаардаггүй” хэмээн ярив.

Статистикаас харахад инфляцад хамгийн их нөлөөлдөг хүчин зүйлд мах болон ундаа, усны бүлгийн бүтээгдэхүүний үнэ, мөн тээврийн зардлын өсөлт багтдаг. Өнгөрсөн зургадугаар сард улсын хэмжээнд инфляц 6.6, нийслэлд 7.1 хувь байсан бөгөөд үүний хоёр нэгжийг махны үнийн өсөлт бүрдүүлжээ. Бас импортын бараа, бүтээгдэхүүний үнийн нэмэгдэл нөлөөлсөн бол шатахууны ханш тогтвортой байсан нь инфляц 1.1 хувиар ахих магадлалыг бууруулсан аж. Инфляцад үргэлж нөлөө үзүүлж, 1-3 нэгжийг нь бүрдүүлдэг махны үнэ яагаад өссөөр байгаа талаар “Эмээлт”-д мал төхөөрөх үйлдвэр ажиллуулж, мал, мах худалдан авдаг Г.Эрхэмбаяр “Өнөөдрийн байдлаар (өчигдөр) бид хонины нэг кг махыг бөөнд нь 7000-9000, үхрийнхийг 8000-11 000 төгрөгөөр худалдан авч байна. Амьд малыг жинлэн, кг тутмыг нь ийн тооцож үнэлж буй. Шатахууны ханш нэмэгдсэн, коронавирусийн тархалтаас эмээн бид хүссэн үедээ хөдөө явж мал худалдан авч, малчид ч зарахаар ирэх нь цөөрсөн учраас махны үнэ нэмэгдэлгүй яах вэ. Миний тооцсоноор бензиний ханш өссөн нь бүх төрлийн мах кг нь багадаа 300 орчим төгрөгөөр нэмэгдэхэд нөлөөлсөн. Малчид ч, мах бэлтгэгчид ч шатахууны үнийн өсөлтийг бүтээгдэхүүндээ “шингээнэ” шүү дээ” гэв.

Үүнээс гадна аяллын эд зүйлс, бактерийн эсрэг үйлчилгээтэй нүүр, гар, эдийн саван, ариун цэврийн цаас, харшил болон ханиадны эсрэг үйлчилгээтэй эмүүдийн үнэ нэг жилийн дотор багадаа 20, ихдээ 50-70 хувиар нэмэгджээ. Тухайлбал, өнгөрсөн жилийн энэ үед дөрвөн хүний майхан дунджаар 250 000, аяны жижиг сандал 10 000 төгрөгийн үнэтэй байсан бол өдгөө майхных багадаа 350 000, сандлынх 15 000-д хүрчээ. Майхан, ахуйн хэрэглээний хий, аяны сандал, ариун цэврийн цаас зэргийн үнэ нэмэгдсэнийг Замын-Үүд-Улаанбаатар чиглэлийн ачаа тээврийн зардал, шатахууны үнэ өссөнөөр тайлбарлах хүн олон байна. Ер нь шатахууны ханш тогтвортой байсан ч бараа, үйлчилгээнийхээ үнийг тогтмол өсгөж байдаг манай үйлдвэрлэгч, борлуулагчдад өдгөө түлшний үнэ нэмэгдсэн учраас бүтээгдэхүүний өртөг өссөн гэдэг шалтгаан гарч иржээ. Гэтэл Үндэсний статистикийн хорооныхны тайлбарласнаар бензин, дизелийн түлшний ханш литр тутамд 100 төгрөгөөр нэмэгдэх нь нийт үйлчилгээ, бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөх шууд шалтгаан болохгүй. Харин 1000 км тээвэрлэх ачааны нэг кг-ын зардал 100 орчим төгрөгөөр өсөх магадлал үүсэхийг дурдаж байсан юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

20 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

20 thoughts on “Шатахууны ханшийн өсөлт бүтээгдэхүүний үнийг нэмэх шалтаг болжээ