Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Уралдах зайг ойртуулж, насанд хүрэгсдээр унуулъя

Элдэв шуугиан, “хэл ам” дагуулсан энэ удаагийн наадмыг дараа жил Ардын хувьсгалын 101 жилийн ойтой хамт зохион байгуулахаар хойшлууллаа. Гэсэн ч өнгөрсөн хэд хоногт болж өнгөрсөн үйл явдлыг мартаж боломгүй. Олон нийтийн санаа бодол, эрх баригчдын байр байдалд дүгнэлт хийж, соёл, нийгэм судлаачдыг ч татан оролцуулж, цаашид хэрхэх тухай ярилцах, шийдэлд хүрэх ёстой. Цар тахлын үед наадаж, цэнгээд яах юм бэ, халдварыг хавтгайруулахын нэмэр гэж үзсэн иргэдийн буруу үгүй мэт. Гагцхүү Засгийн газраас “цахим” хэмээн тийм ч ончтой бусаар томьёолон, заавал наадмын нээлт хийх гэж зүтгүүлсэн нь олны дургүйцлийг төрүүлсэн.

Нэг талдаа хааны гэр өргөө мэт хүрээ байгуулж, нөгөө талд төрийн байгууллагад ажилладаг уран бүтээлчдийг байрлуулах цэргийн хуаран мэт майхан “хороолол” байгуулан усан бороонд нэвчүүлэхийг харсан хүмүүс зэвүүцсэнээр наадмыг эсэргүүцэж эхэлсэн. Засгийн газраас бол “Тэртэй тэргүй хойшлуулах гэж байсан юм. УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлөөс долдугаар сард халдварын тархалт нэмэгдэх нь гэсэн урьдчилсан тооцоолол дуулгаснаар ийм арга хэмжээ авсан” гэж мэдээлсэн. Аль нь ч бай энэ удаагийн дуулиан дундаас монгол наадам цаашид ямар байх ёстой вэ гэсэн асуулт урган гарч ирэв.

Наадмыг нэг жилээр хойшлуулсан мэдээ дуулсан уяачид тэр шөнөдөө Хүй долоон худагт буй морь унаач хүүхдүүдийг цуглуулан, тэднээр “Наадмаа хийе” гэж хашхируулж байсан. Харин өглөө нь нийслэлд морьтойгоо орж ирцгээснийг бүгд мэднэ. Тэд наадам хойшлуулсныг эсэргүүцэж буйгаа мэдэгдээд, улмаар уяачийн хөдөлмөрийг талаар болголоо хэмээгээд Засгийн газраас нөхөн төлбөр нэхсэн. Тэдний төлөөлөл “Бид наадах ёстой” л гэснээс биш, бусад асуудлыг огт хөндөхгүй байсны нэг нь морь унаач хүүхдүүдийн эрх ашиг юм. Нийслэлийн төв талбайд улангасан хашхирах нэгэн нөхөр “Наадах нь чухал болохоос хүүхэд хамаагүй” ч гэж байлаа. Энэ бол нэг л жишээ.

Эрийн гурван наадам хэмээдэг үндэсний их цэнгэл баяр нь монгол үндэстний оршихуйн, өөрөөрөө байхын, ялгарахуйн нэгэн утга, өнгө мөн. Монголчууд морь хурдан, бөхчүүд бяртай, харваачид мэргэн байхыг ерөөн бэлгэдсээр зуун зууны тэртээгээс хотол олноороо наадаж ирсэн бөгөөд сүүлийн 100 жилд ардын хувьсгалын ялалтын баярыг хамтатган тэмдэглэдэг болсноор өнөөдөртэй золгосон билээ. Зах зээлийн нийгэмд шилжсэнээр гэх үү, аливааг мөнгө гэж хардаг болсноос хойш наадмыг бүрдүүлэгч морины уралдаан, бөхийн барилдааныг наймаа, хожооны хэрэгсэл болгон, жил ирэх тусам үнэ ханшийг нэмсээр ирсэн. Сүүлдээ улс орныг хамарсан өвчин тахлын үед ч өнжихгүй хэмээн улайран дайрч байгаагаас үзэхэд лав уяачид хурдан морины уралдааныг соёл, уламжлал, ёс заншил гэхээс илүүтэй ашиг, орлогын нэгэн эх үүсвэр хэмээн үздэг болсон нь илт. Бөхчүүд, тэднийг эгнээндээ нэгтгэдэг холбоо нь хүртэл цар тахлын хүндрэлийг юманчинээ тоохгүй “Барилдана, боломж олго” л гээд байлаа.
Энэ удаа уяачдад хандаж байна. Тэд үндэсний наадам нэрийн доор хүүхдийг хайр гамгүй ашигладаг болсон нь гаж үзэгдэл мэт. Монголчууд хурдны морио хүүхдээр унуулж ирсэн түүхтэй, үүгээр ч энэ дэлхийн бусад уралдаанаас ялгардаг. Морь, бөх, улмаар наадам нь ашиг, хонжооны хэрэгсэл бус, ардын цэнгэл байхад уяачид, бөхчүүд, морь унаач хүүхдүүдийн аль аль нь нэр хүндтэй байв. Ялангуяа хүүхдүүдийг хамгийн ихээр хайрлаж, өхөөрддөг байлаа. Хувцасны гоёыг өмсүүлж, хуушуурын амттайг идүүлж, халаасны мөнгө ч хишиг болгон өгч баярлуулдаг байсан. Онцлог нь уяачид өөрсдийнхөө, эсвэл ах дүүгийнхээ, үгүйдээ л нутаг, нуга, айл саахалтын хүүхдүүдээр морьдоо унуулаад, хариу талархан адуунаасаа унага, даага нэр заан өгч шагнадаг байв.

Гэтэл одоо хурдан морь унаач хүүхдүүдийг хөлсний ажилчид мэт болгочихсон. Насанд хүрээгүй, тэр дундаа бага насны хүүхдээр тэвчишгүй хөдөлмөр хийлгэх болж. Өмнө нь “морины хүүхэд” морьдыг тарлах, сунгахад болон наадамд унадаг, өдөртөө морьдыг уяа тойрон хөтөлдөг л ажилтай байв. Бусад ажлыг томчууд хийдэг. Гэтэл өдгөө хүүхэд уяачийн болоод морины эзний зарц мэт үүрийн таван жингээс үдшийн бүрий хүртэл адуу авчрахаас эхлүүлээд орой морьдыг адуунд нь тавих хүртэлх бүхий л ажлыг хийж байна. Наадам өнгөрсөн ч энд тэндхийн уралдаанд мөн дайчилдаг. Ингэж зунжин талхиулаад өчүүхэн бага мөнгө өгдөг. Унаач хүүхдүүдээ сайтар баярлуулдаг, хичээлийн хэрэглэл, цүнх, хувцас авч өгдөг эзэд байдгийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ эдгээрийн аль аль нь хүний болон хүүхдийн эрх, уламжлал талаас ч авч үзэхэд хууль бус үйлдэл. Уяач, эзэн болбоос дээр дурдсанчлан морио өөрийн, эс бөгөөс ах дүүсийн хүүхдээр өөрсдийнх нь дур сонирхлын дагуу үнэ хөлс гэлгүй унуулаад тухайн хүүхдэд ирээдүйд нь хэрэгтэй унага, даага мэтийн өсөн дэвжих ерөөлтэй шагнал, урамшуулал өгөхийг бол уламжлал гэнэ. Харин бусдын хүүхдийг өчүүхэн мөнгөөр нөр их хөдөлмөр хийлгэж, зунжин ажиллуулахыг зарцлах гэнэ. Ийм л ялгаатай.

Тийм ч учраас хүүхдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, Хүний эрхийн үндэсний комиссоос улстөрчид болон бизнесменүүд хурдан морьдыг эзэмших болж, уралдаан, наадмыг нэр хүнд, компанийн сурталчилгааны арга хэрэгсэл болгох болсныг Засгийн газарт хандан тайлбарлаж, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, улмаар одоогийнх шиг хүүхдээр хурдан морь унуулдгийг болиулах тухай санал хүргүүлдэг. Энэ тухай ХЭҮК удаа дараа судалгаа явуулсан бөгөөд “Хурдан морь унаач хүүхдийн эрхийн хэрэгжилтийн талаарх судалгааны удирдамж, тайлан” нэрээр олон нийтэд мэдээлж ирсэн.

Өнгөрсөн өдрүүдэд болж өнгөрсөн үйл явдлын эргэн тойронд хүмүүс юу гэж хэлж, дуу хоолойгоо илэрхийлж байсан талаар дурдъя. “Хүүхдээ моринд чирүүлж, бүх насаар нь эдгэшгүй өвчтэй болгож наадах нь бидний соёлын дархлаа юм бол, ийм соёлын дархлаатай улс үндэстэн хэзээ ч хөгжин цэцэглэхгүй” гэсэн байв. “Найр, наадмыг ч гэсэн цаг үетэй хөг нийлүүлж авч явах ёстой” гэсэн. “Хүүхдээ алж баясдаг үндэстэн монголчууд л байх болов” ч гэж хэлсэн нь бий. “Төв аймагт сунгаанд долоон хүүхэд бэртэж, нэг нь тэнгэр болжээ. 30 жийп, 100 морь давхиж явна билээ, бичлэг нь бий. Багтарч, дэлбэрэх нь” хэмээн байж ядан хашхирсан нь ч байна.

Байр суурь өөр хүмүүс ч бас бий. “Унаач хүүхдүүдийн аав, ээж нар хүүхдүүдээ огт хайрлахгүй, боолын хөдөлмөр хийлгэж байхад хотын хүмүүс фэйсбүүк, твиттерт санаа зовж буйгаа бичээд байх юм. Өөрсдөө мэдээд амьдраад явж байхад аав, ээжийнх нь урдуур орж, хүүхдийнх нь эрхийг хамгаалах гээд л байх шиг. Хотынхон хүүхдүүддээ өдөржин чихэр идүүлж, хийжүүлсэн ундаа уулгаж, утсанд донтуулж байгаа учир утсыг нь хурааж ав, чихэр зарахыг хоригло гэж хүний эрхийн төлөө тэмцэгч хөдөөгийн нэгэн амьдрал заах гээд байвал ямар санагдах вэ. Өөрсдийнхөө амьдралыг болгоод явж буй хүүхдүүдийг хурдан мориноос нь салгалаа гээд халамжийнхны эгнээг л нэмнэ биз дээ. Тэгээд ч ер нь наадамд хурдан морь унах нь хэзээнээс хүүхдийн эрхийн аймшигт зөрчил, нийгмийн хэлэлцүүлэг болчихсон юм бэ” хэмээн санаа бодлоо илэрхийлсэн нь ч байв.

Бас нэгэн иргэн “Уяачид өөрийнхөө хүү, ач, зээ нараараа хурдан морио унуулдаг байхыг хуульчилъя” гэсэн бол өөр нэгэн “Үнэгүй бэлчээр, ус ашиглаж хувийн аж ахуйгаа хөгжүүлж, адууны наймаагаар асар их баяжиж байгаа уяачдаас улс татвар авдаг болов уу” гэжээ.

Монгол наадмын нэгээхэн хэсэг хурдан морины уралдаан, уяачид, эзэд, унаачид, иргэд, наадамчдыг хамарсан ийм нэгэн “хуй салхи” дайраад өнгөрлөө. Эцэст нь энэ бүхнийг НҮБ-аас ажиглаж, дүгнээд “Хурдан морины уралдаан нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулдгийг санан, Монгол Улсын Засгийн газрыг 18-аас доош насны хүүхдийг жилийн аль ч улиралд хурдан морь унуулж уралдуулахгүй байхыг хууль тогтоомж, зохион байгуулалтын үйл ажиллагаандаа тусган, шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлнэ гэдэгт НҮБ найдаж байна” хэмээн энэ сарын 2-нд мэдэгдэв.

Хурдны морь унаж өссөн хүүхэд ажилсаг, хэрсүү, ухаантай, зоримог болж өсдөг байсан түүх бий. Гэхдээ энэ нь хүүхдийг чин сэтгэлээсээ хайрлаж, наадмаа ч хүндэтгэдэг байсан цаг үеийн “бүтээгдэхүүн” гэлтэй. Хурдан морь наймааны хэрэгсэл болсон өнөө үед “морины хүүхэд”-ийн оюун санаа хэрхэн бүрэлдэж, ямар зан суртахуун төлөвшиж байгааг судлахад хүүхдүүдэд юуны өмнө нутаг орноор ялгаварлах ойлголт суудаг нь харагджээ.
Эрт үеэс хурдны морийг хүүхдээр унуулж ирсний нэг шалтгаан нь жин багатай, адуунд амар гэж үздэг байсан юм билээ. Цаашид НҮБ-ын санал болгож байгаачлан насанд хүрэгчид унах болбол, адуугаа бодвол уралдах зайг ойртуулахад л болох бус уу.

Эрүүл мэнд, оюун сэтгэхүйн ч ихээхэн хохиролтойг нь харсаар байж хэдий болтол бага насны хүүхдүүдээр унуулах вэ. Бултаараа хэлэлцэх буй за.

3
Зөв, гоёЗөв, гоё
1
БурууБуруу
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 thoughts on “Уралдах зайг ойртуулж, насанд хүрэгсдээр унуулъя

  • Anonymous says:

    Shal buduuleg balair shuud hotiin tob ruu moritoi oroj ireed. Ingej duraaraa zagnahiig boliulah heregtei

  • иргэд олон түмэн says:

    Нялх хүүхдийнхээ амь насаар дэнчин тавьж морь уралдуулан тэнэгтэж байдаг улс орон дэлхийд мрнголоос өөр хэд байдаг бол,ийм ноцтой асуудлын хаагуур нь өнөөх ХЭҮК салгалаж явдагыг бүр ч мэдэхгүй юм,морио уралдуулаж бололгүй яахав гагцхүү морины эзэд юм уу?насанд хүрэгчид морио унаад уралддаг бол өдөр бүр ч уралдсан тэдний асуудал шүүдээ,ер нь тав зургаан настай хүүхдээр хурданы морь унуулан уралдуулдаг явдлыг бүр мөсөн хориглох хууль гаргах хэрэгтэй юм,уламжлал энэ тэр гэж тэнэгтэх хэрэггүй,уламжлалаас авахч юм бий гээх ч юм бий,ухаандаа эмэгтэйчүүдийг эрд богтлон өгдөгийг харгис бурангүй ёс гээд хуулиар хориглоо биздээ?

  • НО НААДАМ ТЭНЭГҮҮДЭЭ says:

    МОРЬТОН МУНХАГУУД МАЛ МАЛЛАХААС ӨӨР ШИДГҮЙ . УЛС ТӨРИЙН БООЛУУД ТРОЛЛУУД .УЛС ГЭРИЙН ХЭРГИЙГ ТҮЙ Ч СОНИРХДОГҮЙ ДҮНХҮҮНҮҮД ТИЙМДЭЭЧ ЭНЭ ОЛОН ЖИЛ ҮҮРЭГ РОАЛГҮЙ ЯВЖ ИРЧИХЭЭД ЦЭНГЭХ БОЛХООРОО ОРИЛОЛДООД БАЙДАГ НЬ ЮУ ВЭ? ЭХ ОРОНД НЬ МАНЫ ХУЛГАЙЧИД ТУЙЛАЖ БАЙХАД ДУГРАХГҮЙ ХҮЧИН АЛЛАГА ТӨРИЙН ХУЛГАЙД БҮЛХ ЗАЛИГЧИХСАН МЭТ БАЙДАГ. АРДЧИЛЛЫН БУЯНААР МАЛТАЙГААР ЗАЛГАЧИХААД ХАРААГААД МАНЫГ ДАГААД ЭРГҮҮТДЭГ ХАЧИН ДҮНХҮҮ ГАРУУД ШҮҮ.

  • Монгол says:

    Битгий тэнэгтээрээ !!! Насанд хүрсэн хүнээр унуулж яадгийн. Ядаж 14-16 настай хүүхдээр гээч

  • Anonymous says:

    Дэмжиж байна жижиг биетэй насанд хүрсэн хүмүүсээр унуулаад уралдах зайг нь багасгах хэрэгтэй.