Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн томчууд, банкны эздийн бүлэглэлд багаар нь хариуцлага тооцож чадах уу

Эрх баригчид нийлээд 2016 онд айхавтар том луйвар хийсэн нь өдгөө нэгэнт ил болсон. АТГ, ЭЦА-ны мөрдөгчид хэргийн мөрөөр орж, яг таг нотолж, прокурорууд баримтад тулгуурлан ял төлөвлөж, анхан, дунд шатны шүүхээс ял оноосон ч дээрх луйврын хэрэг Дээд шүүх дээр ирээд замхрах замдаа оров бололтой. Өөрөөр хэлбэл, Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, Зам тээврийн хөгжлийн сайд, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ганбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал,  Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Минжбадам, “Ялгуусан” ХХК-ийн захирал Л.Санжаадорж нарт холбогдох хэргийг өчигдөр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар хэлэлцсэн.

Ер нь дээрх хэдээс гадна эл хэрэгт экс Ерөнхийлөгч Ц.Элдэгдорж, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Худалдаа хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Кью Эс Си”-ийн эзэн, “Монголын зэс корпорац” (Монголиан Коппер Корперэйшн)-ийг үүсгэн байгуулагч Д.Эрдэнэбилэг, тус банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга М.Мөнхбаатар, мөн компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир нар бүлэглэж оролцсон гэдэг. Ингэхдээ төрийн мэдэлд очих ёстой байсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-уудын 49 хувийг төсвийн мөнгөөр худалдаж авах “хор найруулсан”-ыг тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга онцолсон удаатай. Хэргийн оролцогчдоос өдгөө хэн нь ч хариуцлага хүлээгээгүй бөгөөд зарим нэг нь гадаадад, үлдсэн хэсэг нь Монголдоо байж, бүгд сул чөлөөтэй яваа юм.

Жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530.0 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал vйлдвэрлэдэг, улсын төсвийн орлогыг голлон бүрдүүлдэг “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”  ХХК-ийн 49 хувийг Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай, Засгийн газрын тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай, Монгол Улсын Олон улсын гэрээний тухай гээд маш олон хууль зөрчин, “Монголын зэс корпорац”-д шилжүүлсэн байдаг. Тодруулбал, УИХ-д танилцуулж, хэлэлцүүлэлгүйгээр 2016 оны зургадугаар сарын 13-нд Засгийн газрын хуралдаанаар сэм оруулж, тогтоол батлуулан Засгийн газар давуу эрхтэйгээр өмчлөх ёстой байсан “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-уудын 49 хувийн энгийн хувьцаанаас татгалзаж, эл эрхээ “Монголын зэс корпорац” ХХК-д шилжүүлсэн.

Улмаар Д.Эрдэнэбат “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижирийн төмөр замын концессын гэрээг өөрчлүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, 364 дугаартай тогтоол гаргахад оролцжээ.

Харин “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганбат нь албан ёсны үнэлгээ тогтоогоогүй, ажлын хэсгийн дүгнэлт гараагүй, баталсан техник, эдийн засгийн үндэслэлгүй, барилгын ажлын зураг төсөлд дүгнэлт хийгээгүй, төрийн өмчийн бүртгэлд аваагүй байхад нь “Кью Эс Си” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Төмөртэйн ордоос “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг, ачиж, буулгах, терминалын хамт 112.66 сая ам.доллароор тооцон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн мэдэлд авсан аж. Ингээд концесс эзэмшигч “Кью Эс Си” ХХК-д концесст оруулсан 112.66 сая ам.долларыг улсын төсөвт тусгах, эсхүл векселиэр санхүүжүүлэх замаар төлөх албан бичгийг хууль зөрчин Сангийн яамд хүргүүлжээ.

Тухайн үеийн Сангийн сайд Б.Болор “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлсэн хөрөнгийн 80 хувь болох 90, 130, 577, 78 ам.доллартой төгрөгийг жилийн 14.9 хувийн хүүтэй шилжих вексель хэлбэрээр олгох тушаал гаргаж, концесс эзэмшигч “Кью Эс Си”-д давуу байдал олгожээ. “Кью Эс Си”-ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл үр ашгаа өгөх нь ойлгомжгүй, төслийн гол бүтээгдэхүүн болох төмрийн хүдэр орос, хятадын бүтээгдэхүүнтэй хэрхэн өрсөлдөх нь тодорхойгүй эрсдэл өндөр гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсаар байтал Монголбанк болон Улаанбаатар хотын банк, “Кью Эс Си” ХХК-ийн байгуулсан гурвалсан гэрээг гэрлийн хурдаар баталсан нь Д.Эрдэнэбилэгт 100 тэрбум төгрөгийн орлого олох боломжийг бүрдүүлж өгсөн аж.

Үүнээс гадна Д.Ганбат Зам тээврийн хөгжлийн сайдын албыг эрхэлж байхдаа үргэлжилсэн үйлдлээр өөрийн удирдлагад ажилладаг Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга болох Д.Доржханд, Б.Минжбадам нартай бүлэглэн албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, төсөвт их хэмжээний хохирол учруулсан гэнэ. Тодруулбал, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар тус аймагт тавих 3.5 км, 2.5 км авто замуудын шинэчлэлийн зураг төслийн ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан “Ар Си Эс Си” компанийнхан 4.1 тэрбум төгрөгийн төсөв гаргажээ. Харин сайд Д.Ганбат дээрх тоог нэмж бичих үүргийг Б.Минжбадамд өгч, улмаар “Ар Си Эс Си” компаниар дахин төсөв гаргуулж, нийт дүн 4.8 тэрбум байхаар тооцуулжээ. Үүнийгээ батлуулахаар Засгийн газраар хуралдаанаар танилцуулсан байна. Гэвч Засгийн газар дээрх 4.8 төгрөгийн гэсэн тооцооллыг эрх бүхий өөр этгээдээр хянуулж, 4.3 тэрбум төгрөг болохыг магадалжээ. Зам тээврийн хөгжлийн яамныхан үүнд бууж өгсөнгүй. Тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд магадлах эрхгүй “Монголын авто замчдын холбоо” гэгч байгууллагаар авто замуудын шинэчлэлийн зураг төслийн төсвийг дахин гаргуулж 4.8 тэрбум төгрөг гэдгээ “баталгаажуулж”, үүнийг хөндлөнгийн дүгнэлт хэмээн Засгийн газрын хуралдаанаар дахин танилцуулжээ.  Өөрөөр хэлбэл, Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын захиалгаар тус аймагт тавих 3.5 км, 2.5 км авто замуудын шинэчлэлийн зураг төслийн төсвийг зохиомлоор нэмэгдүүлж, тухайн ажлыг “Ялгуусан” компанид давуу эрх олгон гүйцэтгүүлсэн аж. Үүнийхээ хариуд сайд асан Д.Ганбат  “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадоржоос 200 сая төгрөгийн хахууль авсан хэмээн хавтаст хэрэгт дурдагджээ. Дээрх үйлдлийн улмаас улсад 420 сая төгрөгийн хохирол учирсан гэнэ.

Мөн сайд Д.Ганбат иргэн Т-г зодож биед нь гэмтэл учруулсан зэрэг олон үйлдэлд нэр холбогдсон байна. Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр тогтоогджээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны наймдугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сар хорих, Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сар хорих ял оноосон. Харин Д.Ганбатад Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарт холбогдох хэргүүдэд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Эрдэнэбатад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27 сая, Б.Болорт оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 13 сая төгрөгөөр торгох болгон өөрчилж, улмаар сулласан юм.

Товчхондоо, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Д.Эрдэнэбат, Б.Болор нарт хорих ял оноосон ч Давж заалдах шатны шүүхээс шийтгэлийг торгох ялаар сольсон. Харин Дээд шүүх эл хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаав. Тиймээс олон нийт төрийн томчууд, банкны эздийн бүлэглэлийг эцэслэн шалгаж, багаар нь хариуцлага тооцож чадахгүй нь хэмээн хардаж эхэллээ.

2
ХарамсалтайХарамсалтай
1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

19 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

19 thoughts on “Төрийн томчууд, банкны эздийн бүлэглэлд багаар нь хариуцлага тооцож чадах уу