Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хурдан морины уралдааныг цуцлах санал гаргалаа

Хүний эрхийн үндэсний комиссоос энэ жилийн Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдаан зохион байгуулахыг эсэргүүцэж байгаа талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Тэгвэл тус комиссоос уралдааныг цуцлах санал, зөвлөмж боловсруулж, Засгийн газарт хүргүүлжээ. Цар тахалд хүүхдүүд олноор өртөж байгаа тул уралдаан зохион байгуулах нь томоохон эрсдэл дагуулна хэмээн уг зөвлөмжид дурдсан байна. Түүнчлэн өнгөрсөн сарын 11-нд Архангай аймгийн Хайрхан сумд 11 настай хүүхэд мориноос унаж, 50-100 метр газарт чирэгдсэнээс хүнд бэртсэнийг дурджээ. Тухайн хүүхэд хурдны морио тарлаж, хөлсөлж байжээ. Түүний биеийн байдал хүнд, өдгөө эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй гэнэ. Түүнчлэн өнгөрсөн сарын 13-нд Төв аймгийн Аргалант сумд 12 настай хүүхэд моринд чирэгдсэний улмаас гэмтэж, анхан шатны тусламж авч чадалгүй энджээ. Тиймээс Үндэсний их баяр наадмаар хурдан морины уралдаан зохион байгуулахгүй байх нь зүйтэй гэж ХЭҮК-ын гишүүд үзсэн аж.

“Хүүхдүүдийн дунд халдварын тархалт өндөр, эрүүл мэндийн салбарынхны нөөц, чадавх хүрэлцээгүй энэ үед хурдан морины уралдаан зохион байгуулж, олон хүн нэг доор цуглуулах нь оновчтой шийдвэр гэж үзэхгүй байна. Аймаг, сумуудаас хурдан морины уралдаанд оролцуулахаар хүүхдүүдийг нийслэлд авчирч, эрсдэлтэй орчинд байлгавал халдварт өртөх, өвчлөх магадлалтай. Энэ нь хүүхдийн язгуур эрх, дээд ашиг сонирхолд үл нийцнэ. Иймд ХЭҮК-оос энэ оны Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах, хойшлуулах санал, зөвлөмжийг гаргаж байна” гэж тус комиссын саналд дурджээ.

Түүнчлэн “Лантуун дохио” төрийн бус байгууллагаас хүүхдийн эрхийг хамгаалахын тулд Засгийн газрыг шүүхэд өгчээ. Ингэхдээ Засгийн газрын 2021 оны зургадугаар сарын 23-ны 171 дүгээр тогтоолын хоёр дахь заалтын “Хурдан морины уралдаан” гэх хэсэг, гурав дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл өнгөрсөн сарын 29-нд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна. Тус шүүхээс “Лантуун дохио”-гийн нэхэмжлэлийн дагуу өчигдөр захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтийг энэ сарын 6-нд хэлэлцэхээр товложээ. Засгийн газрын 171 дүгээр тогтоолын хоёр дахь хэсэгт “Улсын баяр наадмын нээлт, хаалт, үндэсний бөхийн барилдаан, хурдан морины уралдаан, үндэсний сурын болон шагайн харваа, Төрийн хүндэтгэлийн концерт болон тус баяр наадмын хүрээнд зохион байгуулах бусад арга хэмжээг коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах журам, горимыг чанд мөрдүүлж зохион байгуулахыг Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайханд даалгасугай” гэж заажээ. Тэгвэл гурав дахь хэсэгт “Коронавируст халдварын орон нутаг дахь түвшин, эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн бодит нөхцөл байдлыг аймаг, сум тус бүрээр авч үзэж, тухайн аймаг, сумын баяр наадмыг 2021 оны долдугаар сарын 20-ноос хойш зохион байгуулах, эсэх асуудлыг Улсын болон аймгийн Онцгой комиссын саналыг харгалзан хамтран шийдвэрлэхийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, аймгийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй” гэж заасан юм байна.

Бэлтгэсэн М.Оч

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Хурдан морины уралдааныг цуцлах санал гаргалаа

  • иргэд олон түмэн says:

    Маш зөв,цагаа олсон туйлын ухаалаг,бас олон хүний амь нас эрүүл энхийг бодсон шийдвэр тул баяр хүргэн дэмжиж байна,гэтэл хүүхэд залуучуудын асуудал хариуцсан Оюунтуяа гэж эмэгтэй өнгөрсөн жилийн наадмаар хурдан морь уралдахад есхөн хүүхэд мориноос унасан,бас хөнгөн гэмтсэн нь байх л асуудал гэж ярьж байна,энэ нь хариуцлагатай албан хаагч,эх хүний амнаас гарах үг мөн үү?