Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Ковидгүй” намар, “ковидгүй” өвөл ч ирэхгүй бололтой

-Цар тахалтай хамт амьдрах арга замаа тодорхойлох шаардлагатай байна

Өнөөдөр долдугаар сарын 1. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлснээр бол энэ өдөр манай улсын насанд хүрсэн бүх иргэн коронавирусийн эсрэг дархлаажуулалтад хамрагдаж, бид “ковидгүй” зунтай золгох учиртай байв. Эргэн сануулахад, тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 4-нд “Монгол Улсын Засгийн газар хоёрдугаар сарын 23-нд дархлаажуулалтыг эхлүүлсэн. 4-5 дугаар сарыг үндэсний хэмжээнд дархлаажуулалтын сар болгон зарлаж байна. Долдугаар сарын 1 гэхэд нийт иргэдээ хос тунгаар вакцинжуулна. Дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж, “ковидгүй” зуныг хамтдаа угтацгаая” хэмээн мэдэгдсэн юм. Харамсалтай нь, түүний романтик мөрөөдөл биелсэнгүй, харин ч монголчууд энэ зун “Ковид-19”-д “живж” байна.

Хоногт илрүүлсэн шинэ тохиолдлын тоог хүн амд харьцуулсан үзүүлэлтээр Монгол Улс дэлхийд тогтмол эхний тавд би¬ чигдэх болов. Жишээ нь, өнгөрсөн сарын 29-нд илрүүлсэн шинэ тохиолдлын тоогоор манай улс Аргентины дараа дэлхийд хоёрдугаарт бичигдлээ. Халдвар авсан хүний тоо улсын хэмжээнд өчигдрийн байдлаар 115 478 болсноос 563 нь эндээд байна. Сүүлийн гурав хоногт л гэхэд 45 хүн “Ковид-19”-ийн улмаас нас барлаа. Өөрөөр хэлбэл, өдөр бүр 15 хүн эндэх болов. Халдварт өртсөн 38 233 иргэн өдгөө эмчлүүлж буй. Тэдний олонх буюу 24 112-т нь эмнэлэг олдохгүйн улмаас гэртээ хэвтэж, улмаар гэр бүлийнхээ бусад гишүүнд ч халдвар дамжуулж байгаа. Гол шалтгаан нь эмнэлгийн ачаалал туйлдаа хүрсэнтэй холбоотой. Улсын хэмжээнд төр болон хувийн хэвшлийн эмнэлгийн нийт 27 000 ор байдгийн талаас илүү буюу 14 121т нь “Ковид-19”-өөр өвчилсөн иргэд хэвтсэн. Биеийн байдал нь хүндэрч, сандарсан хүн эмнэлэгт хэвтье гэж хэдэн тийшээ утасдаад ч тоох хүн олдохгүйд хүрсэн. Амьсгалын аппарат залгуулах хэмжээний л биш бол эмнэлэгт хэвтүүлэхгүй хэмээх болсныг цөөнгүй иргэн хэлж байна. Эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнуудын ачаалал ч туйлдаа хүрч, өрхийн эмнэлэг хүртэл “улаан” бүс болчихлоо.

Нөхцөл байдал ийм байхад Сангийн сайд Б.Жавхлан халдвар авч, хөнгөн өвчлөн, эмнэлэгт хэвтсэнээ бахархалтайгаар мэдэгдсэн нь олны дургүйцлийг хүргэв. Тэрбээр “Өөрөө хүсэлт тавьж ХӨСҮТ-д хэвтлээ. Эмчлүүлэхийн зэрэгцээ нөхцөл байдал ямар байгааг мэдэрье гэж бодлоо. Миний хувьд одоогоор амт, үнэр мэдэрч, биеийн халуун хэвийн байна” хэмээн фэйсбүүк дэх хуудсандаа бичсэн юм. Энэ нь олны шүүмжлэлд өртсөний дараа тэрбээр бичсэнээ устгав. Хүнд өвчилсөн иргэдэд хэвтэх ор олдохгүй, зарим нь эмнэлгийн коридорт байрлаж, нэг хэсэг нь гэртээ өөрийгөө эмчилж, Тандалтын багийнхныг өчнөөн удаа дуудаад ч тусламж, үйлчилгээ авч чадахгүй байхад хөнгөн өвчилсөн Сангийн сайд эмнэлэгт хэвтсэнээ “гайхуулах” нь гутамшигтай. Бусад оронд эрх баригчид нь халдвар хамгааллын дэглэм баримтлаагүй, амны хаалт зүүгээгүйнхээ төлөө хариуцлага үүрч байхад манай түшээд иргэдтэйгээ эмнэлгийн ор булаацалдаж байгаа нь эмгэнэлтэй.

Бага насны хоёр хүүхэдтэй эгчтэйгээ хамт амьдардаг, Хан-Уул дүүргийн иргэн Г халдвар авч, орноосоо босож чадахгүй хэмжээнд хүртлээ бие нь муудсаныг хэллээ. Өмнөх хоёр өдөр нь хоолой хөндүүрлэх, өвдөх шинж тэмдэг илэрч байснаа хамаг бие нь даагдахаа больж, сульдан, бүх үе мөч нь өвдөж байх шиг санагджээ. Эрүүл мэндийн яамныхны зөвлөмжийн дагуу тэрбээр өрхийн эмнэлэгтээ хандтал “Та халдвар авсан иргэний ойрын хавьтал болсон уу” гэж асуужээ. Гэсэн ч тэрбээр тийм тохиолдол санахгүй байсан тул “Үгүй” хэмээтэл өрхийн эмнэлгийнхэн тоосонгүй. Тэрбээр аргагүйн эрхэд эмийн сангаас түргэвчилсэн тест авч шинжлэхэд хариу нь эерэг гарсан бөгөөд түүнийгээ өрхийн эмнэлгийнхэнд удаа дараа мэдээлсний үр дүнд хэдэн эм үнэгүй олж авснаа ярив. Эрүүл мэндийн салбарынхан үүнээс өөрөөр түүнийг анхаарсангүй. Бага насны хүүхдүүдтэй хамт амьдардаг учраас тусгаарлах байранд очъё гэсэн ч хүлээж авсангүй. Өнөөх эмүүдээ уусаар эдгэрснээ хэлсэн. Энэ нь зөвхөн түүнд тулгарсан асуудал бус. Ийм тохиолдол манайд хэдэн мянга бий. Гэтэл хүнд байдалд орсон иргэдээ шинжилгээнд бүрэн хамруулж чаддаггүй Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Наадамд оролцох уран бүтээлчид болон бөхчүүд, сур харваачдыг тогтмол шинжилгээнд хамруулж байна” хэмээн мэдээлэх болов.

Цар тахалтай тэмцэх ачааны хүндийг үүрч байгаа эмч нар ч эрх баригчдын шийдвэр байгаа онохоо больсныг шүүмжилж буй. “Нэг ч болов монгол хүний амийг аврах гэж эрүүл мэндийн салбарынхан хоёр жил шахам зүтгэж байхад эрх баригчид олон хүн нэг доор цуглуулсан арга хэмжээ зохиодог. Наадам тэмдэглэнэ гэдэг. Бид Үндэсний их баяр наадам тэмдэглэхийг эсэргүүцэж байна. Наадамд бэлдэж байгаа урлаг соёлынхон, бөх, сур харваачид зэрэг олон хүн халдвар авбал тэднийг хэвтүүлэх ор байхгүй. Эмчлэх эмч, эмнэлгийн ажилтан ч алга. Нэг жил долоон сарын хугацаанд эмч, сувилагч нараас гадна лаборант, жолооч гээд эрүүл мэндийн салбарын бүх хүн хүчээ шавхаж ажиллаад одоо сульдсан. Ажлын хэт ачааллаас халширч байна. Бид өвчилснөөс болоод иргэдээ эмчилж чадахгүйд хүрлээ” гэж эмч, ажилтнуудын төлөөлөл өчигдөр мэдэгдэв.

Иргэд өвдөхөд очих эмнэлэг алга. Эрүүл мэндийн салбарынхан ч туйлдаж байгаагаа хэлэх боллоо. Хоёр тун вакцин хийлгээд 14 хоног өнгөрсөн ч халдвар аваад байна. Вакциндаа л хамрагдчихвал сүргийн дархлаа тогтож, халдварын тархалт хумигдаж, нас баралт буурна гэсэн Эрдэмтдийн зөвлөл ч нөхцөл байдал хэзээ сайжрахыг мэдэхээ больчихов. Одоо яах вэ, Ерөнхий сайд аа. Дахиад л хөл хорио тогтоож, ирэх намар сурагчид, оюутнуудыг дахиад л цахимаар хичээллэ гэх үү.

Цар тахлын эсрэг дархлаажуулалтаар дэлхийд тэргүүлэгч Израил улс амны хаалт зүүх журмаа цуцалсан байснаа сэргээв. Гол шалтгааныг коронавирусийн дельта хэлбэр тархсантай холбон тайлбарласан. АНУ-д бас дельта хэлбэр тархсанаар ирэх намар, өвөл хүртэл цар тахал намжихгүйг мэдэгджээ. Тус улс хүн амынхаа 75 хувийг дархлаажуулсан үзүүлэлттэйг энд дурдъя. Японы эрдэмтэд ч цар тахал намжихгүй, харин хэрхэн зэрэгцэн амьдрах талаар яриад эхэлсэн. Түүнчлэн ДЭМБ-аас шинэ цар тахалд бэлэн байхыг анхааруулах боллоо. Харин манай эрх баригчид л цар тахлыг зогсооно, ялан дийлнэ гэх мэтийн мөрөөдөл ярьсаар суух юм. Бодит нөхцөл байдлыг харвал “Ковид-19” энэ зун байтугай ирэх намар, өвөл ч намжихгүй нь. Тэгэхээр цар тахалтай зэрэгцэн амьдрах арга зам, тэмцэх шинэ менежмент олсон нь дээр бололтой.

Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоосон хугацааг дахин хоёр сараар сунгах шийдвэрийг өчигдөр гаргалаа. 2020 оны нэгдүгээр сарын 26-нд манай улс цар тахлаас сэргийлэх зорилгоор анх гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Түүнээс хойш уг дэглэмийг цуцлаагүй өдий хүрэв. Дунд нь дөрвөн удаа гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал буюу хөл хорио тогтоосон. Гэсэн ч цар тахалтай тэмцэх уг арга барил буруу, оновчгүй, үр дүнгүй байсныг өнөөгийн нөхцөл байдал илэрхийлнэ. Удаан хугацаанд хөл хорио тогтоон, иргэдийнхээ амьжиргааг дордуулж, олон аж ахуйн нэгжийн амыг барьж, боловсролын салбараа хоёр жил “тэг зогсоосон”оос өөр үр дүн харамсалтай нь гарсангүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.