Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гурван яамны экс сайд болон Монголбанкны Ерөнхийлөгч асны хэргийг эцэслэн шийдэж чадсангүй

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор, Зам тээврийн хөгжлийн яамны сайд, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ганбат, Монголбанкны Ерөнхийлөгч асан Н.Золжаргал, Зам тээврийн хөгжлийн яамны Автозамын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан Д.Доржханд, Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга асан Б.Минжбадам, “Ялгуусан” ХХК-ийн захирал Л.Санжаадорж нарын долоон хүнд холбогдох хэргийг 2021 оны зургадугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв. 193 хавтас бүхий дээрх хэргийг шүүгдэгч Д.Ганбатын өмгөөлөгч Ц.Амар, шүүгдэгч Б.Болорын өмгөөлөгч Л.Данзанноров, Н.Ариунболд, хохирогч Б.Ганбатын өмгөөлөгч С.Одгариг, хохирогч Г.Элбэгсайханы өмгөөлөгч Д.Амгалан нарын гаргасан гомдлыг үндэслэн хянасан билээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны наймдугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд Д.Эрдэнэбат, Б.Болор нарыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Эрдэнэбатад нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жил 6 сар хорих, Б.Болорт нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 6 сар хорих ял тус тус оногдуулжээ. Харин Д.Ганбатад Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс зарим үйлдлийг гэмт хэргийн шинжгүй  гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.Золжаргал, Д.Ганбат, Д.Доржханд, Б.Минжбадам, Л.Санжаадорж нарт холбогдох хэргүүдэд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2021 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Эрдэнэбатад оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 27 сая төгрөгөөр торгох, Б.Болорт оногдуулсан ялыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 13 сая төгрөгөөр торгох болгон өөрчилсөн юм.

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.

Прокурорын байгууллагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 3, болон 22.4 дүгээр зүйлийн 6, 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж, төрд их хэмжээний хохирол учруулсан хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн ч ийн эцэслэн шийдэж чадсангүй.

Хэргийн талаар эргэн сануулахад, Д.Эрдэнэбат нь Аж үйлдвэрийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, цөөнгүй хууль, журам зөрчин, Засгийн газрын 2016 оны зургадугаар сарын 13 өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-уудын 49 хувийн энгийн хувьцааны өмчлөх эрхийг хууль бусаар “Монголиан Коппер Корпорейшн” ХХК-д шилжүүлсэн гэдэг. Угтаа Монгол Улсын Засгийн газар тэргүүн ээлжинд дээрх хувьцааг худалдан авах давуу эрхтэй байв. Мөн “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижиртэй бүлэглэн төмөр замын концессын гэрээг өөрчлүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, 364 дугаартай тогтоол гаргахад оролцжээ.

Харин “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан Д.Ганбат албан ёсны үнэлгээ тогтоогоогүй, томилогдсон ажлын хэсгийн дүгнэлт гараагүй, батлагдсан техник эдийн засгийн үндэслэлгүй, барилгын ажлын зураг төсөлд дүгнэлт хийгдээгүй, төрийн өмчийн бүртгэлд аваагүй байхад нь “Кью Эс Си” ХХК-ийн барьж гүйцэтгэсэн “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн Төмөртэйн ордоос “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн төмөр замын Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр замыг ачиж, буулгах, терминалын хамт 112.66 сая ам.доллароор тооцон “Монголын төмөр зам” ТӨХК-ийн мэдэлд авсан аж. Ингээд концесс эзэмшигч “Кью Эс Си” ХХК-д концесст оруулсан 112.66 сая ам.долларыг улсын төсөвт тусгах, эсхүл векселиэр санхүүжүүлэх замаар төлөх албан бичгийг хууль зөрчин Сангийн яамд хүргүүлжээ.

Тухайн үеийн Сангийн сайд Б.Болор дээрх “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлсэн хөрөнгө оруулалтын 80 хувь болох 90, 130, 577, 78 ам.доллартай төгрөгийн жилийн 14.9 хувийн хүүтэй шилжих вексель хэлбэрээр олгох тушаал гаргаж, концесс эзэмшигч “Кью Эс Си”-д давуу байдал олгожээ.

“Кью Эс Си”-ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл үр ашгаа өгөх нь тодорхойгүй, төслийн гол бүтээгдэхүүн болох төмрийн хүдэр орос, хятадын бүтээгдэхүүнтэй хэрхэн өрсөлдөх нь тодорхойгүй эрсдэл өндөр гэх мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсаар байтал Монголбанк болон Улаанбаатар хотын банк, “Кью Эс Си” ХХК-ийн байгуулсан гурвалсан гэрээг батлан Улаанбаатар хотын банкны 99.9 хувь, “Кью Эс Си” ХХК-ийн 100 хувь эзэмшдэг Д.Эрдэнэбилэгт 100 тэрбум төгрөгийн орлого олох боломж олгосон гэнэ.

Үргэлжлэл бий.     

1
БурууБуруу
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.