Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Мутацад орсон вирус тархсан орнуудаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлана

Коронавирусийн мутацад орсон хэлбэр тархсан улс, бүс нутгаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлах шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргажээ. Гадаад улсаас ирсэн хүнийг тусгаарлан ажиглах үйл ажиллагааг зохицуулах түр журмыг УОК-ын даргын тушаалаар шинэчилснээр уг зохицуулалтыг хийсэн байна. Үүний дагуу олон улсад анхаарал татаж буй, мутацад орсон вирус голомтлон тархсан орнуудын жагсаалтыг Эрүүл мэндийн яамнаас тогтмол гаргах гэнэ. Уг жагсаалтад багтсан улсад сүүлийн 14 хоног оршин суусан, эсвэл дамжин өнгөрсөн иргэдийг 14 хоног тусгаарлахаар шинэчилсэн журамд тусгажээ. Тухайн иргэн вакцин хийлгэсэн, эсвэл өвчилж, эдгэрснийг үл харгалзах бөгөөд зайлшгүй 14 хоног тусгаарлана гэж журамласан байна. Ингэхдээ зургаа, 12 дахь хоногт нь коронавирусийн PCR шинжилгээнд хамруулах аж. Мутацад орсон хэлбэр манай улсад тархахаас сэргийлэхийн тулд ийм арга хэмжээ авч буй бололтой. ЭМЯ-ны зөвлөх, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан А.Амбасэлмаа өнгөрсөн долоо хоногт “Гадаадаас ирсэн иргэдийг долоо хоног ажиглах байранд, мөн долоо хоног гэрт нь тусгаарлаж байгаатай би санал нийлэхгүй. Ажиглах байранд 14 хоногт тусгаарлах хэрэгтэй. Мутацад орсон вирус тээгээд ирсэн байх вий гэдгээс болгоомжлох шаардлагатай” хэмээн мэдэгдэж байв.


ЭМЯ-ны жагсаалтад ороогүй орнуудаас ирсэн иргэдийг ажиглах байранд долоо хоног тусгаарлахаар журамд заажээ. Ингэхдээ тусгаарлалтын зургаа дахь хоногт нь PCR шинжилгээнд хамруулах аж. Ажиглах байранд байх хугацаа нь дууссан, “Ковид-19”-ийн эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, шинжилгээнийх нь хариу сөрөг гарсан хүмүүсийг дахин долоо хоног гэрт нь тусгаарлах гэнэ. Энэ нь коронавирусийн эсрэг вакцин хийлгээгүй иргэдэд хамаарах заалт юм. Харин хоёр тун вакцин хийлгэснээс хойш 14 хоног өнгөрч, дархлаа тогтсон, мөн сүүлийн дөрвөн сарын дотор халдвар авч, эдгэрсэн иргэдийг ажиглах байранд тусгаарлахгүй. Харин долоо хоног гэртээ өөрийгөө тусгаарлах зөвлөмж өгөх юм байна. УОК-ын Шуурхай штабаас мэдээлснээр гадаадаас ирэх иргэд вакцин хийлгэсэн, эсвэл өвчилж, эдгэрсэн, PCR шинжилгээнд хамрагдсанаа нотлох бичиг баримтаа зайлшгүй шалгуулах шаардлагатай.

Бэлтгэсэн М.Оч

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Мутацад орсон вирус тархсан орнуудаас ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлана

  • Галт says:

    Мутацад орсон орнуудын жагсаалтыг ямар сайтаас харах боломжтой вэ?
    Жагсаалтад ямар2 улс орсон юм бол